Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Пүрэвсүрэн сайд Нарендра Модиг үдэж мордууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат тэргүүтэй албаны хүмүүс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модиг үдэж мордууллаа.

Нарендра Моди нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцаж буй юм. 

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэв.

Энэ айлчлал эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээв. Энэ зээл нь Монгол Улсын эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд зориулж дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт болох юм.

Мөн Энэтхэгт суралцах Монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар болсон.

Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн ажиллах талаар талууд ярилцлаа. Уул уурхай, эрүүл мэнд, эмийн болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлүүдээр хамтран ажиллах асар их нөөц боломж бидэнд байна гэж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди онцлон хэлж байв.