ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тохижилтыг нь хийгээд өглөө, хамгаалалтыг нь та хий

Ж.Отгонмягмар
2015 оны 5 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор нийслэлийн тохижилтын ажил хийгдэж эхлээд байна. Жил бүрийн өдийд Улаанбаатар хотын өнгө үзэмжид зориулан тэрбум, тэрбумаар нь мөнгө төсөвлөн тохижилтуудыг хийдэг.

Тухайлбал, явган хүний зам, авто зам, нийтийн эзэмшлийн бичил цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж гээд бүгдийг нь засч янзалдаг. Гэтэл ирэх жил нь бөөн цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулан хийсэн зүйлээс үлдсэн зүйл тун ховор байдаг. Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хорооллын нэг, хоёрдугаар байрны хажууд байдаг саадыг саяхан л цогцоор нь тохижуулж, иргэдийг тохитой, тухтай нарлаад суух боломжийг бүрдүүлж өгсөн.

Гэтэл жил гаруйхан хугацааны дараа тухайн тохижилтоос цөөхөн зүйл үлджээ. Явган хүний замыг нь эвдэж, гоёмсог гэрэлтүүлгийн шонг хуга татан авч, зүлэгжүүлэлтийг талхалж, хогийн савыг нь эвдэж, саадыг тойрсон утсан хашааг тасдан авах зэргээр эвдэж сүйтгэсэн байдалтай болсон. Мэдээж энэ жил мөнгө төсөвлөөд дахиад л тохижуулах нь ойлгомжтой. 

Их хотын иргэдэд тавих хамгийн энгийн шаардлага болох хотын иргэн хог тарьдаггүй, хүрээлэн буй орчиндоо цэвэр цэмцгэр аж төрдөг байх, гудамж, талбайд хог болон шүлсээ хаяхгүй, ил задгай биеэ засахгүй, өвөл болохоор гудамжиндаа үнс, угаадсаа асгахгүй байх зэргийг хангасан бол таныг хотын иргэн болгоно. Харин хангахгүй бол та Улаанбаатар хотоос өөр газарт очиж амьдар гэчихсэн дүрэм журам байхгүй нь харамсалтай.

Тийм болохоор иргэдээ хотын соёлт иргэн болж төлөвших хүртэл түр арга хэмжээ буюу хийж, бүтээсэн тохижилтын ажлаа сайтар харж, хамгаалдаг байх л сонголт үлдэж байна. Өөрөөр хэлбэл, ухамсар дорой иргэдтэй өөрсдийнх нь аргаар “үзнэ” гэсэн үг. 

Уг нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг байдаг.

Гэтэл гадна талбайдаа тохижилт хийж байгаа иргэн байтугай байгууллага ч хуруу дарам цөөхөн байна. Хэрэв тохижилт хийж чадахгүй юм бол улсын мөнгөөр хийгээд өгсөн тохижилтын ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь хариуцан, хяналт тавьж яагаад болохгүй гэж. 

Дээрх тохиодолд нэг, хоёрдугаар байрны оршин суугчид, СӨХ-ийнхөн, орцны жижүүрүүд нь нэгэн сэтэглээд гаднах талбайгаа харж, хамгаалдаг байсан бол өнөөдрийн дүр зураг эсрэгээрээ байх байсан гэдэг нь мэдээжийн асуудал. Харин хамгаалалтын асуудлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжүүд хэрхэн зохицуулалт хийх нь дурын асуудал байж болох юм. Тухайлбал, орон сууцнуудын гадна талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн зэргийг камержуулчихвал зөвхөн эвдэн, сүйтгэгчдийн үйлдлийг таслан зосоогоод барахгүй олон талын ач холбогдолтой байх болно. 

Сүүлийн үед Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн том толгойтой нөхдүүдийн үйлдлийн фото зураг болон камерын бичилгээр баталгаажуулчихсан бол нөхөн хариуцлага тооцдог. Ийнхүү хариуцлага тооцож буйгаа бичлэгээр баримтжуулан олон нийтийн сүлжээгээр цацдаг болсон.

Тэгвэл яг энэ зарчмаар иргэн, аж ахуйн нэгжүүд эвдэн сүйтгэгчдийн үйлдлийг баримтжуулан, холбогдох байгууллагаар нь хариуцлага тооцуулдаг байх шаардлагатай. Харин орчноо харж, хамгаалж чадаагүй, тохижилтын засварлах хугацаанаас нь өмнө эвдэн сүйтгүүлсэн бол хариуцлага алдсан нөхдүүдэд өөрсдийн хөрөнгөөр дахин тохижилтыг хийдэг байж болмоор.

Зураг