“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодон бохир мөнгө угаасан хэргээр саатуулагдсан уу
Өнгөрсөн баасан гарагт АТГ Монголын нэр нөлөө бүхий бизнесмен “Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодонг бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошүй хэмээн сэжиглэж Төв аймгийн цагдан хорих төвд саатуулан хориод байна.
Хэдийгээр түүнийг албаныхан мөнгө угаасан гэх хэргээр сэжиглэн саатуулсан гэж байгаа боловч юуны учир Энхболдыг баривчлав, хэргийн гол зангилаа чухам юу вэ гэдэгт олон хүн таамаг дэвшүүлэхэд хүрээд байна.
Түүнчлэн түүнийг баривчилдаг өдөр буюу баасан гарагт эзэмшилд нь байдаг “Blue sky” цамхагт АТГ-ын алба хаагчид нэвтэрч тэндхийн ажилтнуудыг гадагш гаргалгүйгээр шалгалт нэгжлэг хийсэн байна.
Ямартай ч манай улсын “Топ” 40 тэрбумтны 17 дугаарт эрэмбэлэгддэг Т.Энхболдсодонг юуны учир АТГ-аас хорьж саатуулав гэдэг олон хүний анхаарлыг татаж байна. Учир нь түүний мэдэлд маш олон бизнесийн салбар байдаг.
Тухайлбал “Strings” амьд хөгжмийн шөнийн клуб, “White house” зочид буудал, “Мишээл экспо” худалдааны төв, “Торго салон”, “Tse pub” гэх зэрэг олон газрууд одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа.
Ер нь монголын толгой бизнесменүүд ээлж дараалан АТГ-ын овоо хараанд өртөж ийнхүү учир битүүлэгээр яагаад шалгагдах болов гэж хардах хүн ч олон байна.
Учир нь Энхболдын хувьд өнөөдөр 80 гарсан хөгшин ээжийгээ асрахын хажуугаар халамжит хань гурван хүүхдээ асарч өөрийн харьяалалд байдаг ажилагсаддаа төдийгүй олон хүнд өгөөмөр гараа сунгаж чаддаг жинхэнэ мужик зантай эр хүн гэж түүнийг мэдэх хүмүүс тодорхойлдог юм билээ.
Албаны эх сурвалжууд түүнийг Монголын улстөрчийг ивээн тэтгэх нэрээр авлига өгсөн гэж сэжиглэн шалгаж байна гэж хэлсэн боловч зарим эх суралжуудын хэлсэнчлэн “Blue sky” цамхагийн асуудлаар хорьж барилгын санхүүжилтийг шалгах болсон гэсэн нь үнэний ортой ч байж мэднэ.
Тиймдээ ч Энхболдын буянаар ажил амьдралтайгаа золгож сайн сайхан амьдралд хүрсэн олон залуучууд түүнийг хоригдсон гэдгийг дуулаад их л гайхаж байгаагаа илэрхийлсэн.
Өдгөө тэрбээр 536 сая ам.долларын хөрөнгөөр 17 дугаарт бичигддэг хэдий ч түүнийг бизнесийн хүрээний хэсэг бүлэг хүмүүс “Сүүлийн зургаан жилд огцом хөрөнгөжиж монголын тэргүүн баячуудтай эн зэрэгцсэн нь их л сэжигтэй гэж өөр зуураа ярилцдаг нь” ийнхүү АТГ-ын сонорт хүрч, дээлийг нь толгой дээгүүр нь нөмрүүлж байгаа бололтой.
Уг нь түүний хийж буй бүхий л бизнес олон нийтэд ил байдаг юм билээ.
Тодруулбал 92 онд байгуулагдаж байсан “Чоно” компани 2010 онд групп болон өргөжиж 12 салбар бүхий 1200 гаруй ажиллагсадтай болж хүчирхэгжсэн. Түүний өсөн дэвжсэн нь бизнесийн ертөнцөд огцом тэсрэлт хийснээс болж хэсэг бүлэг хүмүүсийн хараанд өртөж өнөөдөр ийм байдалд хүргэснийг үгүйсгэхийн аргагүй. Тиймээс зарим эх сурвалжууд түүнийг саатуулан шалгах болсны цаад учир нь хотын төвд байрлалтай “Blue sky” цамхагийн асуудлаар хорьсон байж болзошгүй хэмээж байгаа юм.
Тухайлбал одоогоос дөрвөн жилийн өмнө “Blue sky” цамхаг ашиглалтад орохоосоо өмнө янз бүрийн хэл ам дагуулж байсан. Эл барилгыг анх МАХН-ын дарга Н.Энхбаярынх гэж ярьж байсан боловч экс ерөнхийлөгч энэ бүх яриаг үгүйсгэж байсан юм.
Харин 2006 онд Т.Энхболдсодон тус барилгын тодорхой хувийг эзмшихээр болсон учраас МАХН-ын дарга Н.Энхбаяр эл хэл амнаас нэг хэсэгтэй хөндий байх болсон билээ.
Гэтэл зарим эх сурвалжууд “Blue sky” цамхагийн жинхэнэ эздийг тодруулахын тулд түүнийг хорьсон байх магадлалтай гэж үзэж байгаа хэмээн хэлж байсан юм. Учир нь одоог хүртэл улс төрийн хүрээнийхэн эл барилгыг Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн эзэмшилд байдаг гэж ярьдаг.
Нэгэн түүх сөхөхөд тус барилгыг анх барихад Солонгосын иргэн хөрөнгө оруулж байсан. Түүнийг бохир мөнгөөр “Blue sky” цамхагийг барилаа гэж тухайн он жилүүдэд шуугиж байсан. Тиймээс Т.Энхболдсодонг “Blue sky tower”-т хөрөнгө оруулсан солонгос эрхэмтэй хуйвалдаж мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэж цагдан хорив уу гэх хардлага ч бий.
Үнэхээр заазууран барилгатай холбоотой хэргээр АТГ шалгах гэж байгаа бол эл барилгын хөрөнгө оруулалт хаанааас яаж боссон, мөнгөний эх үүсвэрийн угшил гарал гээд олон зүйлийг шалгах нь дамжиггүй.
Тэгэхээр эл барилга ямар замаар Т.Энхболдсодонгийнх болсон юм бол гэж одоог хүртэл бизнесийн хүрээнийхэн сонирхсоор байдаг нь энэ удаагийн баривчилгааны сэдэл болсон ч байж магадгүй.
Товчхондоо монголын бизнесийн хүрээнд нэр нөлөө бүхий эрхмийг чухам ямар учраас саатуулан хорих болов гэдэг нь тун сонирхолтойн дээр араасаа олон хардлага дагуулж байна.
Албаны эх сурвалжууд түүнийг Монголын улстөрчдийг ивээн тэтгэх нэрээр авлига өгсөн гэж сэжиглэн шалгаж байна гэж хэлсэн боловч зарим эх сурвалжуудын хэлсэнчлэн “Blue sky” цамхагийн асуудлаар хорьж барилгын санхүүжилтийг шалгах болсон гэсэн нь үнэний ортой ч байж мэднэ.
Тиймээс дээрх хоёр мэдээллийн аль үнэн бэ гэдэг нь тун удахгүй тодрох байх. Өнөөдөр “Чоно”-ын Энхболд тэгвэл маргааш хэн гэдэг бизнесмен хоригдох бол.
Ямартай ч бид дараагийн дугаартаа түүнтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!