Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д автобусны жолоочоор ажиллаж байгаад халагдсан иргэн П.Намхайноров өнөөдөр өлсгөлөн зарлах болсон тухайгаа хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. Тэрбээр өөрийг нь халсан шалтгаанууд хууль бус бөгөөд “Дарга нарын увайгүй бодлогоос болж бид хохирч байна. Удирдлагуудын өөдөөс үг хэлсэн хүн бүр өстөн дайсан шиг үзэгдэж, халагдаж байна.
4.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх байснаас 2,500 төгрөг дутаасан гэж миний цалинг хассан. Энэ бүх асуудалтай холбоотой Хан-Уул дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхэд хандсан байгаа. Би аргагүй эрхэнд өлсгөлөн зарлахаар болоод сууж байна” гэв.
Мөн ҮЭХ-ны дарга н.Пүрэв “Энэ хүний халагдсан гол шалтгаан нь 2,500 төгрөг дутаасантай холбоотой. Үүнээс нь болоод цалингийнх нь 70 хувь хасагдаж, уусан, идсэн асуудлууд яригдаж байгаа.
Манай баазад хууль бус үйл ажиллагаа явагддаг. Яагаад ингэв гээд шаардлага тавихаар хуулийн цоорхойгоор асуудал шийддэг. Шүүхийн асуудал дээр гэхэд дээд шүүх хүртэл явсан 16 ажилчин байна.
Шүүхээс цалин, мөнгийг нь олго гэсэн шийдвэр гардаг ч өдий болтол олгогддоггүй. Иймэрхүү янзаар хүмүүстэйгээ шүүхдээд байвал аль аль талдаа хэцүү байх” гэв.
Халагдах тушаал:
Халагдах тушаалд заасан шалтгаануудыг П.Намхайноров эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “Надаас “Хоол иддэг үү” гэж асуухад нь би тийм гэж хариулсан. Хүн юм чинь хоол иддэг л байж таарна. Түүнийг нь албаны мөнгөнөөс хоол идсэн болгосон.
Хоёр дахь шалтгаан нь санхүүгийн бичиг баримт. Бид нар тэр цагаан хуудсыг нь баллаж сохлоогүй.
Гуравдах үндэслэл нь гуравдугаар сарын 5,6,7-ны өдөр би хэсгийн даргаасаа ар гэрт ажил гарсан тул чөлөө олгооч гэж бичгээр гуйсан. Хэсгийн дарга чөлөөгөө цохоод би гурван хоног Эрээн рүү явсан. Гэтэл намайг хэсгийн даргаа хуурч чөлөө авсан гээд халсан. Ийм гурван үндэслэлээр халсан. Тэгээд би энэ байдлаа шүүхийн байгууллагаар шалгуулахаар болж байна” гэв.
Хэвлэлийн хурлын дараа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан З.Биндэръяа энэ асуудлаар тайлбар хийсэн юм.
З.Биндэръяа “Ажлаас чөлөөлөх шийдвэрийг зөвхөн захирал дангаараа гаргадаггүй. Тухайн хүний харъяалагдаж байгаа нэгдүгээр баазын даргын зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл хуралдаад энэ хүнийг чөлөөлөхөөс өөр аргагүй гэж үзвэл захирлын дэргэдэх зөвлөлд мэдэгддэг.
Хоёрдугаар шатанд захирлын дэргэдэх зөвлөл хуралдаад нотлох баримтуудыг авч үзээд тэр хүн нь хүлээн зөвшөөрвөл ажлаас чөлөөлөгддөг.
Дараагийн шатанд тухайн хүн шүүхэд хандах эрхтэй. Шүүх хууль бус байна гэж тогтоогоод хөдөлмөр эрхлэх эрхээр нь хангах үүрэг өгвөл нэгтгэлийн зүгээс шүүхийн шийдвэрийг дагана. Жолооч орлого дутаасан гэж яриад байна. Жолооч бэлэн мөнгөтэй харьцдаггүй учраас орлого дутаана гэсэн ойлголт байхгүй” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!