Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчид нэр дэвшигчдийн томилгоог дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх боллоо

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Дээд Шүүхийн шүүгчийн албан тушаалд Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарыг томилуулах Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн саналыг авч хэлэлцэн дэмжлээ.

Улсын Дээд Шүүхийн зарим шүүгч нар гавьяаныхаа амралтад суусан тул тэдгээр орон тоонд сонгон шалгаруулалт зарлахад нийт 19 хүн бүртгүүлснээс эцсийн дүнгээр дээрх дөрвөн шүүгч шалгаруулалтад тэнцсэн байна. ШЕЗ-өөс нэр дэвшигчдийн асуудлыг УИХ-д оруулж ирсэн бөгөөд өнөөдөр холбогдох Байнгын хороогоор авч хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Улсын Дээд Шүүх гэдэг бол манай улсын шүүхийн нүүр царай. Ямар ч хэрэг маргаан голдуу Дээд шүүхэд ирж таслагддаг. Өнөөдөр шүүх хэт шударга бус, улс төрийн хамааралтай байна гэсэн иргэдийн шүүмжлэлтэй санал нэгтэй байдаг.

Энэхүү албан тушаалд нэр дэвшиж буй хүмүүст хандаж хэлэхэд, та нар доод шатны алба хашиж байхдаа Дээд шүүхийн ажлыг ямар нүдээр харж, шүүмжлэлтэй хандаж байсан. Тэр байр сууринаасаа ажилдаа шүүмжлэлтэй хариуцлагатай ажиллах хэрэгтэй” хэмээн хэлсэн. 

Нийт үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь өнөөгийн шүүхийн нэр хүнд иргэдийн дунд ихээр унасан, шүүгчдийн ажилдаа хариуцлагагүй сэтгэлгүй ажилладаг байдлыг халах хэрэгтэй. Шүүгч алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, хариуцлагаа үүрдэг байх ёстой гэсэн байр сууринаас үгээ хэлж байв.

Ингээд гишүүд үгээ хэлж дууссаны дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад тус томилгоог дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.