Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

П.Оюунчимэг: Эрүүдэн шүүх гэмт хэрэгт хариуцлага тооцох механизм тодорхой байх ёстой

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ийг иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах уулзалтыг өнөөдөр Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос зохион байгууллаа.

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ийг ХЭҮК 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ. 

Тус илтгэлд эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний эрхийг хамгаалагчийн эрх, хүний эрхийн боловсрол, төрөлжсөн асрамжийн газар дахь хүний эрхийн зарим асуудал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа ба өмчлөх эрх, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрх зэрэг асуудлыг хөндөж. тодорхой шийдвэр гаргуулахаар санал хүргүүлээд байгаа аж.

Хүний Эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “ХЭҮК-оос гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад холбогдох бүх талуудын оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй. Ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд, ХЭҮК, парламентын хамтын ажиллагаа чухал гэдгийг зориуд тэмдэглэе гэж бодож байна. Үндсэн илтгэлийг жилд нэг удаа хэлэлцээд орхих биш, цаашдаа ажил болгоход Хүний эрхийн дэд хороо анхаарч ажиллах болно” гэв. 

СЭЛГҮҮЛЭН ХОРЬДОГ ЯВДАЛ БУУРАХГҮЙ БАЙНА

 

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг эрүүдэн шүүхтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар "Эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн асуудлыг бид жил бүр Хүний эрхийн илтгэлдээ тусгадаг. Энэ жилийн хувьд бид онцгойлон авч үзсэн зүйл нь хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаатай холбоотой эрүүдэн шүүхтэй холбоотой гэрээ конвенцийн заалтуудад нийцүүлэх ёстой.

Хоёрдугаарт эрүүдэн шүүх нь өөрөө гэмт хэрэг юм бол гэмт хэрэгт хариуцлага тооцох механизм нь тодорхой байх ёстой. Гуравдугаарт эрүүдэн шүүлтээс үүдэн учирсан хохирлыг бодитойгоор үнэлэх ёстой. Ялангуяа сэтгэл санааны хохирлыг тодорхой мөнгөн дүнгийн аргачлалаар тооцохгүй бол болохгүй гэсэн асуудлыг бид тавьж байна. 

2014 онд НҮБ-аас баталсан Эрүү шүүлтийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд Монгол Улс нэгдэж орсон. Энэ протоколд эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд эрүү шүүлттэй тэмцэх үндэсний механизмыг байгуулах үүргийг хүлээсэн.

Эрүүдэн шүүлтээс үүдэн учирсан хохирлыг бодитойгоор үнэлэх ёстой

Концепцийн хувьд ХЭҮК дээр энэ үүрэг оногдохоор байгаа. Конвенцид нэгдэж орсноос хойш жилийн хугацаанд эрүү шүүлттэй тэмцэх механизмыг УИХ байгуулах ёстой. Энэ үүргийнхээ дагуу байгуулж өгөөч ээ гэсэн зөвлөмжийг гаргаж байгаа. 

Эрүү шүүлтийн асуудлыг ерөнхийд нь харахад сэлгүүлэн хорьдог явдал буурахгүй байна. Ялангуяа Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид заасны дагуу хамгийн ойр байгаа газар хүнийг хорих ёстой.

Гэтэл өнөөдрийн байдлаар шалгагдан хоригдож байгаа ихэнх сэжигтэн, яллагдагчийг Дархан-Уул, Төв, Зүүн хараа, Сэлэнгэд дамжуулан хорьж байгаа. Энэ нь үндсэндээ хүний эрхийн маш том зөрчил. 

Хоёрдугаарт төлбөр, нэхэмжлэлийн асуудал. Учирсан хохирлыг бодитойгоор үнэлэх ёстой. Сэтгэл санааны хохирлыг шүүх тэр чигт нь үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн үнийг дүнгээс хасч байгаа.

Төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд энэ нь биелэхэд дор хаяж жилийн хугацааг хүлээж байгаа хүндрэлүүд байна" гэв.