Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Толгойн төсөл УИХ-ын мэдэлд шилжиж хөрөнгө оруулагчид хэдий болтол хүлээх бол

Р.Төгс
2015 оны 4 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн хугацаанд асуудал дагуулж байсан Таван Толгойн асуудлыг УИХ-ын мэдэлд шилжүүлчихлээ. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн Баасан гарагт хийсэн ажлаа тайлагнахдаа ийнхүү хэлж байв Тэрбээр “Таван Толгойн хүрээнд цагийн юмыг цагт нь хийхгүй бол цаашид улам илүү зардал гарна.

Аж ахуйн нэгжийн хүрээнд гэрээ, хэлцлээ хийгээд явах боломжтой. Засгийн газар хуулийн дагуу ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Муухай хэрүүл талцал сүйтгэл рүү явж ормооргүй байна. Талцал бол Монголыг мохоох хэрэгсэл юм. Ерөнхий сайдын хэлсэн санаануудтай би санал нэг байна гэсэн. 

Гэтэл түүний хэлсэн энэхүү үгийг тоож байгаа улстөрчид лав алга бололтой. Учир нь өчигдөр Таван Толгойн ажлын хэсгийнхэн үзэглэхэд бэлэн болсон гэрээнийхээ төслүүдийг ЗГХЭГТ-т хүргүүлсэн байна. Ямартай ч энэ асуудал УИХ-д өргөн мэдүүлсний дараагаар УИХ-ын мэдэлд шилжиж өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Энэхүү асуудал чухам яагаад УИХ-аар орж хэлэлцэгдэх болов гэвэл УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгнээс улбаатай юм. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэхээр төлөвлөгдөөд байсан Таван Толгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулна. 

Өөрөөр хэлбэл, Таван Толгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1,072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох, гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна зэрэг ноцтой үр дагавар авчирч болох заалтууд байгаа учир УИХ-аар хэлэлцүүлнэ” гэсэн.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ ордыг ашиглах тухай гэрээ дуусах шатандаа орж, зургаан жил гацсан төмөр зам амьдралд биеллээ олж, 1,072 ширхэг хувьцааны ноогдол ашиг 100,000 төгрөгийг иргэдэд олгох боломж нээгдэнэ” хэмээн ард түмэндээ мэдэгдэж байсан. 

Таван Толгойн хөрөнгө оруулагчид тус ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгохоор ярьж эхэлсэн. Юутай ч Таван Толгойн төсөл УИХ-ын мэдэлд шилжлээ. Уг асуудал чухам хэдий хэрийн хугацаанд шийдэгдэх бол гэсэн дахин нэг хүлээлт бий боллоо.

Ингэснээр жил гаруйн хугацаанд ам.долларын дутагдалд орсон монголчуудыг “Таван Толгой” асуудал гацаанд оруулж ард түмэн хэзээ эдийн засаг сэргэх бол гэсэн хүлээлт бий болж эхэллээ. Уг нь гацаанд орсон томоохон төслүүдийг хөдөлгөвөл эдийн засгийн хямралаас гарах бүрэн боломж бий хэмээн эдийн засагчид хүртэл хэлж байсан. Эцэст нь хэлэхэд гадны хөрөнгө оруулагчид УИХ-ын шийдвэрийг хэдий болтол хүлээх бол гэдэг нь сонирхолтой.

Зураг