Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд сансарт нарны цахилгаан станц байгуулна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Исаак Асимовын 1941 онд бичсэн “Шалтгаан” нэртэй зөгнөлт зохиолд сансарт байгаа станц нарны эрчим хүчийг цуглуулан дэлхий рүү богино долгионы цацраг болгон илгээж байгаа тухай гардаг.

Тэгвэл энэ зөгнөл биелэлээ олох цаг ойрхон байна.

Нүүрснээс хамааралтай эрчим хүчний эх үүсвэрээсээ салахын тулд Хятад улс дэлхийн гадаргаас 35,000 километрын өндөрт бусад геостационарь хиймэл дагуулуудтай зэрэгцүүлэн өөрийн нарны цахилгаан станцыг байгуулахаар төлөвлөж байна.

Төлөвлөгөө ёсоор зургаан км гаруй хавтгай дөрвөлжин талбайтай нарны эрчим хүч хүлээн авагч хавтан сансарт байрлах ба газраас нэг одны хэмжээтэй харагдах гэнэ.

Хэрвээ энэ нь биелэлээ олбол Аполло төсөл, Олон Улсын Сансрын Станц зэргийг даван гарч хамгийн том сансрын төсөл гэдэг алдрыг зүүх юм.

Үүнтэй ижил төслийг АНУ, Япон улсууд мөн боловсруулж эхэлсэн гэнэ. Тухайлбал Япон улсын Japan Aerospace Exploration Agency (JAXA) байгууллага өөрийн нарны эрчим хүч хүлээн авагчаа дараагийн 25 жил дотор сансарт байрлуулах гэж байгаа ажээ.

Харин Хятадууд хамгийн хурдан ажиллалаа гэхэд 2020 онд хэрэгжүүлэх гэнэ.

Төслийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудал нь нарны хүлээн авагч хавтанг тээвэрлэх. Ийм хэмжээний хавтан байгуулахад жин нь 10,000 тонн болно. Тэгвэл өнөөдрийн пуужингийн тээвэрлэх даац 100 тонн л байгаа юм.

Тиймээс Хятадууд нарны хавтанг илүү хөнгөн болгох, мөн пуужингийн тээвэрлэх даацыг нэмэгдүүлэх сорилттой тулгарч байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Modern Notion