Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий чуулганыг ирэх тавдугаар сарын 18-21-нд “Нэг Ази 2015-Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор Монгол Улсад зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулах чуулганы зорилго нь Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын эн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгоход орших аж. Монгол Улсад анх удаа зохиогдож буй энэхүү арга хэмжээний талаар МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Хонгорзултай ярилцлаа.
-Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий чуулганыг Монгол Улс анх удаа зохион байгуулах гэж байна. Чуулганы талаархи дэлгэрэнгүй мэдээллийг манай уншигчдад өгөхгүй юу?
-Азийн залуучуудын зөвлөл нь 1972 оны наймдугаар сарын 14-нд үүсэн байгуулагдсан бүс нутгийн, төрийн бус залуучуудын байгууллага бөгөөд нийгэм, эдийн засгийн хөгжилд зорилго чиглэл нэгтэй залуучууд, залуу манлайлагчдыг нэгтгэсэн байгууллага юм. Энэ зөвлөлд өөрийн орны Засгийн газарт хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний залуучуудын байгууллагууд гишүүнээр элссэн байдаг.
Манай Монголын залуучуудын холбоо 1993 оны дөрөвдүгээр сард Дэлхийн залуучуудын ассемблейн гишүүнээр элсч, мөн оныхоо есдүгээр сард Азийн залуучуудын зөвлөлийн гишүүнээр элсч байсан юм. Азийн залуучуудын чуулган нь хоёр жилд нэг удаа болдог. Энэ удаагийн чуулганыг Монголын залуучуудын холбоо 2015 оны тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.
-Азийн бүхий л орнуудын залуус Монгол Улсад ирж, чуулах гэж байна. Томоохон хэмжээний чуулган болох нь тодорхой байна. Ер нь Азийн залуучуудын чуулганыг яагаад Монголд зохион байгуулах болов. Чуулган зохион байгуулах орон ямар нэгэн үүрэг хүлээж, шалгуур давдаг уу?
-2013 онд Камбожийн Вант Улсад Азийн залуучуудын зөвлөлийн ээлжит ХII чуулган болсон. Азийн улс орнуудын манлайлагч залуус оролцох энэхүү чуулганд тухайн үеийн Засгийн газар онцгой ач холбогдол өгч, Монголын залуучуудыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулсан. Тиймээс энэхүү чуулганд залуучуудын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын тэргүүн, төлөөлөгч нараас бүрдсэн манлайлагч 20 залууг Азийн чуулганд төлөөлөгчөөр оролцуулсан.
Эх орноо төлөөлөн оролцох шилдгийн шилдэг манлайлагч 20 залууг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ахлан явж байсан юм. Ийнхүү явахдаа төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн багийнхан илтгэл тавих, хэсгийн хуралдаанууд хэлэлцүүлэгт оролцох зэргээр тун амжилттай идэвхтэй оролцсон. Үүний үр дүнд Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү томоохон чуулганыг Монголдоо зохиох эрхийг авч чадсан юм.
-Манай улсад зохион байгуулагдах энэхүү чуулганаар ямар сэдвүүд хөндөгдөх вэ. Чуулганы гол зорилго юу байх бол?
-Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий чуулган энэ жил “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор үргэлжилнэ. 2013 онд “Залуучууд ба Энхтайван: Энхтайваныг бэхжүүлэхэд боловсролоор дамжуулан тогтвортой байдал, хөгжилд хүрэх нь” сэдэвтэйгээр зохион байгуулагдаж байсан.
Энэ жилийн чуулган нь дээрх сэдэв дээр үндэслэн энхтайван, тогтвортой байдал болон хөгжлийг бий болгоход учирч буй саад бэрхшээлүүд, асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах, Азийн орнуудын залуучуудын “Тогтвортой хөгжил зорилт” дахь нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох юм.
Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын талаархи бодлого, хөтөлбөрүүд болон тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдээр асуудлаа хэлэлцэнэ. Түүнчлэн Азийн залуучуудын зөвлөлийн гишүүн орнуудын залуу төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд “Tогтвортой хөгжлийн зорилтод” Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлнэ.
-Азийн залуучуудын чуулганыг Монголд зохион байгуулж буйн онцлог, ач холбогдлыг хэрхэн дүгнэх вэ?
Түүнчлэн Азийн залуучуудын зөвлөлийн XIII ерөнхий чуулганд оролцсоноор гадаадын залуучуудтай танилцах, Азийн бүсийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлаархи цогц мэдээллийг нэг дороос олж авах, хэлний мэдлэгээ сайжруулах, гадаад арга хэмжээнд оролцох дадлага туршлагатай болох зэрэг олон давуу талыг олгож байгаа.
Мөн энэ чуулганаар дөрвөн жилд нэг удаа сонгогддог Удирдлагын бүрэлдэхүүний сонгууль болно. Үүнээс гадна Монголын залуучуудын холбоо нь чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа нь Монгол Улсыг гадаадад таниулахын зэрэгцээ Монголын залуучууд олон улсын арга хэмжээг өөрийн орондоо зохион байгуулахад томоохон туршлага болж байна.
-Азийн залуучуудын чуулганд хэчнээн улсын хэдэн төлөөлөгч оролцох вэ?
-Азийн залуучуудын зөвлөлийн гишүүн орон бүрээс 5-10 төлөөлөгч, залуучуудын асуудал хариуцсан Засгийн газрын төлөөлөл, залуу бизнес эрхлэгчид, Монголын төлөөлөгчид гээд нийт 600 төлөөлөгч оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Энэ чуулганыг Монголд зохион байгуулж буйг Азийн бусад улс орнууд хэрхэн хүлээн авч байгаа бол?
-Монгол Улс нийгэм, эдийн засаг, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр Азидаа төдийгүй олон улсад танигдаж буй нь энэхүү чуулганд оролцогчдын анхаарлыг ихэд татаж байгаа. Одоогоор 20 улсын 180 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа.
-Азийн залуучуудын чуулганы үеэр хоёр ч томоохон хурал болно гэж сонссон. Нэмэлт хуралдаануудын талаар тодруулбал?
-Ерөнхий чуулган салбар хэлэлцүүлгүүдээс гадна “Зүүн Хойд Азийн залуучуудын симпиозиум”, “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын бизнес форум” болно. “Зүүн Хойд Азийн залуучуудын симпиозиум”-ын хувьд МЗХ-оос Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг залуучуудаас эхлэх ёстой гэсэн байр суурьт хүрч “Нэг Ази 2015” чуулганы хүрээнд зохион байгуулах гэж байна.
Уг симпиозиумын хүрээнд Зүүн Хойд Азийн бүс нутгийн хүрээнд тогтвортой хөгжлийг хангахад улс орнуудын залуучуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, залуучуудад боловсрол эзэмших боломжуудыг нэмэгдүүлэх, залуучуудын санхүүгийн бие даасан байдлыг дэмжих, бүс нутгийн залуучуудад тулгамдаж буй саад бэрхшээлүүд, асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх санаачилгуудыг гарган тавих, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, залуучуудын эрх, улс төрийн болон эдийн засгийн тогвортой байдал зэрэг асуудлуудыг хөндөнө.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээр” санааг Зүүн Хойд Азийн залуучуудад ойлгуулан таниулах, Зүүн Хойд Азийн орнуудын залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Бүс нутгийн аюулгүй байдалд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, “Зүүн Хойд Азийн Залуучуудын хамтын ажиллагааны уулзалт”-ын тунхаг гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Уулзалтад Монгол, БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг орнуудын төлөөлөгчид оролцоно.
-Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучуудын бизнес форумын тухайд...?
-Ази тив нь дэлхий дээр эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байгаа бөгөөд энэхүү өсөлт амжилтын үндэс нь бүс нутгийн хэмжээнд тогтвортой зах зээлийг хөгжүүлсэн, хүн ам, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чөлөөтэй шилжилт хөдөлгөөний шинэ эрин үе эхэлсэн, шинэ салбарууд хурдацтай хөгжиж байгаатай салшгүй холбоотой.
Ерөнхий шаардлага нь Англи хэлний мэдлэг дундаас дээш төвшинд байх ёстой.
Иймд залуу бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэдлэг туршлагаасаа хуваалцах, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн боломжуудыг судлахад туслах нь энэхүү форумын зорилго оршино.
Уг форумд гадаад, дотоодын нийт 200 орчим төлөөлөгч оролцож, тодорхой сэдвүүдээр илтгэл сонсох, 1:1 зарчимаар дотоод, гадаадын бизнес эрхлэгчидтэй тойргийн журмаар, тодорхой хуваарийн дагуу уулзах боломжтой.
Мөн хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний гэсэн гурван салбарын хүрээнд өрнөх уг форум тавдугаар сарын 20-ны өдөр болно.
-Манай улсаас оролцох төлөөлөгчдийг хэрхэн сонгох вэ. Оролцогчдод ямар шалгуур тавьж байгаа бол. Хүссэн хүн бүр оролцоно гэхээр мэдээж хүндрэлтэй асуудлууд гарч ирэх байх?
-Ерөнхий шаардлага нь Англи хэлний мэдлэг дундаас дээш төвшинд байх ёстой. Үүнээс гадна салбар хуралдааны аль нэг салбар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус ямар байгууллагуудын залуучууд оролцох боломжтой. Гэхдээ нэг байгууллагаас шилдгийн шилдэг нэг л залуу оролцох юм. Тэгэхээр ирсэн материалуудаас зохих шаардлагыг хангасан хүмүүсээс сонгож авна гэсэн үг.
-Орон нутгийн залуучуудыг хэрхэн хамруулж байгаа вэ?
-Олон улсын энэ томоохон арга хэмжээнд мэдээж орон нутгийн залуусаа хамруулж байгаа. Гэхдээ нэг аймагт хоёр хүний квот олгохоор шийдвэрлэсэн байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!