Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шуудан гэдэг онцгой салбар улс төр, албан тушаалын “наймаанд” өртлөө

Монголын мэдээ
2015 оны 4 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

-Монгол төр зүтгэж байгаа нэгэнд хатуурхаж, төрийн төмөр нүүрээ харуулж байгааг шууданчид эсэргүүцэж байна-

“Төрийн өмчийн хорооны шу­дарга бус томилгоог эсэргүү­цэж байна”, “Шууданчид бид шуу­­дангийн туршлагагүй хү­нээр удирдлагаа солихгүй”, “Шуу­дан улс төрийн албан ту­шаа­лын наймаа биш”, “ТУЗ-ийн гишүүдээс шууданчидтай уул­захыг шаардаж байна” зэ­рэг лоозонг барьсан “Монгол шуу­дан” ТӨХК-ийн 100 гаруй ажил­чин өнөөдөр ТӨХ-ны га­даа жагсаал зохион бай­гуул­лаа.

Учир нь тус компа­нийн гүй­цэтгэх захирал Ц.Батсай­ха­ныг халах хууль бус шийдвэр гар­сан­тай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хүр­гүүлсэн шаардлагынхаа ха­риуг авах, мөн нэмэлт шаард­лага хүргүүлэхээр ийн цугласан юм.

“Монгол шуудан” компани орон даяар салбар сүлжээтэй, 1,000 орчим ажилтантай, шуу­дангийн бүх үүргийг дангаар ха­риуцагч, төрийн өмчит хувь­цаат компани билээ. Гэтэл ТӨХ-ны тогтоол шуудангийн ажилт­нуудын эрх ашиг болон энэ салбарын ирээдүйн хөгжил бод­логыг боомилсон алдаатай шийд­вэр гэж ажилчид үзэн, 13 хүний бүрэлдэхүүнтэй Түр хороо байгуулжээ.

Түр хо­роо өнгөрсөн Баасан га­рагт ажилч­даасаа гарын үсэг цуг­луулж, 510 хүний га­рын үс­гийг өргөх бичгийн хамт УИХ, ЗГ болон ТӨХ-ны удирд­ла­гуу­дад гардуулжээ. Мөн тус ком­панийн ажилчид өнгөрсөн Баа­сан гарагаас хойш зохион бай­гуулалтад орж, мэргэжлийн биш шинэ захирлыг хүлээн авах­гүй, тамга тэмдгээ хү­лээл­гэн өгч болзошгүй гээд хуучин захирлыг ч дотогш нэвтрүүлэх­гүй хэмээн шийдвэрлэжээ.

Түүнчлэн ТӨХ-ны удирдлагуудад шаардах бичгээ өгөх гэсэн ч ТӨХ-ны дарга нар өчигдөр ажилдаа ирээгүйгээр барахгүй тус байгууллагын ажилчид хэвлэл мэдээллийнхнээс зугтаж бай­сан. Тиймээс “Монгол шуу­дан” ТӨХК-ийн нийт ажилч­дын “Түр хороо”-ныхон шаардах бичгээ өгч чадаагүй буцлаа. Шаардлага хүргүүлэхээр цугласан “Түр хороо”-ны дарга болон зарим хүмүүсээс эл асуудлын талаар тодрууллаа. 

Д.Ганболд: ТӨХ бидний шаардлагыг  хүлээж авахгүй бол бид ажил хаяна 

/“Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газрын дарга, Түр хорооны дарга/

-Бид өнгөрсөн Баасан гарагт гүйцэтгэх захирлыг солих гэж байгааг мэдсэн. Түүнээс биш бидэнд ил мэдээлээгүй. Шийдвэр гаргасан үйл явц нь нууцлаг байдалтай өрнөсөн. Одоо ч энэ шийдвэрээ нууцалж байна. Компанийн үйл ажиллагаа хэвийн байхад захирлыг халах тухай ярьж байгаа нь хачирхалтай. Манай ажилчид ТӨХ-ны тогтоолыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдээд энд зогсож байна. 

Одоогийн удирдлага ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадсан, олон шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн. Тухайлбал, манай үйлчлэгч нарын цалин гэхэд 650 мянган төгрөг болж өссөн. Ажилчдын дундаж цалинг үе шаттай буюу сүүлийн хоёр жилд 50-66 хувиар нэмсэн. Бусад газрууд санхүүгийн хүндрэлд орж, хүнээ халж байна. Манайх харин ч орон тоогоо нэмсэн. Энэ нь шинэ үйлчилгээнүүд нэмэгдсэнтэй холбоотой. 

Энэ бүхэн захирал болон захирлын зөвлөлийн л хийсэн ажил. Тэд эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. ТӨХ-ноос гаргасан тогтоолд зөвхөн захирлын нэр бий. Гэхдээ энэ хүнийг халахаар дараа нь багийнхан нь ч халагдана гэсэн үг. Өнөөдөр бид ТӨХ-д хоёр шаардлага хүргүүлэхээр удирдлагуудыг нь хүлээж байна. Нэгдүгээрт, манай компанийн ТУЗ нийт ажилчидтайгаа нээлттэй уулзах ёстой. Манай ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. 

Эдгээрийн тав нь саяхан солигдсон. Хугацаа нь болоод л солигдсон л доо. Гэхдээ эдгээр хүмүүс компанийн дотоод үйл ажиллагааг сайн мэдэхгүйгээс буруу шийдвэр  гаргасан байж болзошгүй. Бидэнд ТУЗ-ийн шинэ гишүүдийн нэр ирсэн ч бидэнтэй уулзаж танилцаагүй  байна. Хоёрдугаарт, ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, гүйцэтгэх захирал болон захирлын зөвлөлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Үүний дараа л үнэхээр хангалтгүй ажиллажээ гэвэл халах тухай хөндөж болох юм. 

Гэхдээ тийм үндэслэл байхгүй. Учир нь манай компанийн ажилчдын бүтээмж эрс дээшилж, орлогын эх үүсвэрээ нэмж, санхүүгийн чадавхи өссөн. Бид өнгөрсөн онд улсад хоёр тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Энэ оны байдлаар 800 сая төгрөгийг улсад тушаагаад байна. Энэ бол компанийн сүүлийн 20 жилд байгаагүй үзүүлэлт. Өмнө нь манайх улсаас татаас авдаг газар байсан. Ингэж ажлаа сайн хийж байгаа менежерүүдээ явуулмааргүй байна. 

“Монгол шуудан” бол манай улсын дэд бүтцэд онцгой үүрэгтэй газар. Бид энэ шаардлагуудаа өнгөрсөн Баасан гарагт бичгээр өгсөн. Ажлын найман цагт хариу өгөх учиртай. Гэтэл өнгөрсөн Баасан гарагт ажлын цаг дууссаны дараа нэг хүн ирсэн байсан. ТӨХ-ноос уу эсвэл шинэ даргын талын хүн юм уу бүү мэд. Өөрийгөө танилцуулаагүй атлаа яагаад танай хүмүүс тараад явав гэж манай хүлээн авагчийг загнаад явсанд бид сэтгэл дундуур байна. 

Хулгайч аятай тэгж явах шаардлага байхгүй. Хэрвээ ТӨХ бидний шаардлагыг  хүлээж аваагүй тохиолдолд бид ажил хаях хүртэл арга хэмжээ авна. Шуудангийн ажилчид өдөр бүр хэвлэл, албан бичиг гэх мэт маш чухал бичиг баримтуудыг эзэнд нь түргэн шуурхай хүргэдэг. 

Хэрэв бид ажил хаявал энэ бүхэн саатна гэсэн үг. Шуудангийн байгууллагын хувьд ажил хаях болвол юуны өмнө НҮБ-ын конвенцид заасны дагуу Дэлхийн шуудангийн байгууллагад урьдчилан мэдээлэх үүрэгтэй. Гэхдээ асуудал ийм дээрээ тулахгүй байх гэж найдаж байна. Компанийн нийт ажилчдын тоо 1,000 гэхээр дор хаяж 4,000 хүний асуудал яригдаж байгаа учир энэ асуудалд нухацтай хандана гэж бодож байна.     

Ё.Сувд: ТӨХ хууль бус, буруу шийдвэрээ эргэж харна гэж бодож байгаа

/“Монгол шуудан” ТӨХК-ийн санхүүгийн нягтлан бодогч/

-ТӨХ ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан юм бэ, ТУЗ-ийн шийдвэр захирал халах, томилох асуудалд нөлөөлөх ёстой. Энэ асуудлыг ТУЗ шийдэх ёстой. Манай “Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ-д нийт есөн гишүүн байдаг бөгөөд саяхан таван гишүүн нь шинээр томилогдсон. ТУЗ-д шинээр томилогдсон энэ таван хүн “Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчидтай уулзаж, энэ байгууллагын үйл ажиллагаатай танилцах ёстой. 

Гэтэл бид өнөөдрийг хүртэл ямар хүмүүс ТУЗ-д томилогдсоныг огт хараагүй. Нэрийг нь ч мэдэхгүй. Хэдийдээ хуралдаад ийм шийдвэр гаргасныг ч мэдэхгүй байна. Дээр нь ТӨХ ямар учраас ийм шийдвэр гаргасан бэ гэдэг үндэслэлээ бидэнд мэдэгдээгүй. Энэ асуудлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайдад ТӨХ-ны удирдлагуудад, мөн ТУЗ-д өгсөн байгаа. Энэ үйл явдлыг ТУЗ-ийн хуучин дарга Сэр-Од, бас нэг гишүүнийг нь Эрдэнэтэд ажиллахаар томилолттой байх хойгуур нь явагдсан. 

Тэгэхээр бид өнөөдөр /өчигдөр/ ТУЗ-тэй уулзах шаардлага хүргүүлнэ. Мөн ТӨХ-д өгсөн шаардлагынхаа хариуг авмаар байна. Одоогоор ийм асуудлууд байна. Цаашлаад “Монгол шуудан”-гийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд шат шатны арга хэмжээг авна гэдэг зарчимын байр сууртай байгаа. 

Ц.Батсайхан захирлын хувьд ажилдаа сайн, ажилчдын амьдрал ахуйг ч дээшлүүлсэн. Ийм хүний ажлын үр дүнг үзмээр байна. Хууль бус, буруу шийдвэрээ ТӨХ эргэж харна гэж бодож байгаа. Манай компанийн орлого ашиг, улсад төлөх татвар нэмэгдэж байгаа. Тийм болохоор энэ хүнийг ажлаас халах ямар ч үндэслэл байхгүй. Сүүлийн хоёр жилд байгууллагын ажилчдын цалинг шатлалтайгаар нэмэгдүүлсэн. 

Ажилчдын цалин 2-3 дахин нэмэгдсэн. Түүнээс илүү бид яах ёстой юм. Бид энэ томилгоог хууль бус гэж үзэж байна. Монгол төр зүтгэж байгаа, хийж байгаа хүндээ төмөр нүүрээ харуулдаг, халтай болжээ гэж дүгнэж байна. Үүнийг бид хамт олноороо хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ ТӨХ бидний шийдвэрийг хүлээж авахгүй бол ажил хаяна. Энэ бол ямар нэгэн хүчээр биш бид сэтгэл санаагаараа нэгдээд явж байгаа үйл хэрэг. Бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах эрхтэй биз дээ. 

А.Жаргал: Т.Дуламдорж компанийн байр руу гурван ч удаа нэвтрэх гэж оролдсон

/“Монгол шуудан” ТӨХК-ийн Харилцаа, хамтын ажиллагааны газрын захирал/ 

-Манай түр хорооны дарга Д.Ганболд, хуулийн зөвлөх н.Нямдаш нарыг цагдаа нар видео бичлэг хийгээд аваад явчихсан. Утас нь ч холбогдохгүй байна. Чингэлтэй дүүргийнх үү, нийслэлийн цагдаа юу гэдгийг ч мэдсэнгүй. Бидэнд юу ч хэлээгүй. Баривчлагдсан хоёр хүн маань ТӨХ руу орсон боловч 09.00 цагийн байдлаар  ямар ч дарга ирээгүй, хаалга нь цоожтой байсан. Ингээд гарч ирэнгүүт нь л бариад яваад явсан. 

Ямар хугацаагаар, ямар үндэслэлээр саатуулж байгаагаа ч хэлээгүй. Үүнээс гадна Т.Дуламдорж компанийн байр руу гурван ч удаа нэвтрэх гэж оролдсон. Эхлээд баасан гарагийн орой 19.00-20.00 цагийн хооронд ТӨХ-ны хэдэн хүнтэй хамт ирээд, дотогш орох гэхэд нь зөвшөөрөөгүй тул манай хүлээн авагч эмэгтэйг загнаж, бүдүүлэг авирласан байсан. Ажил 18.00 цагт тарсан тул компанийн байранд хэн ч байгаагүй. 

Чоно борооноор гэдэг шиг хууль бус үйлдлээ баталгаажуулах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн. Үүнд нь манай ажилчид илт дургүйцэж байна. Дараа нь амралтын өдрөөр бас ирсэн. Хамгийн сүүлд өнөө өглөө дээврээр дамжин дотогш орох гэж байгаад баригдсан.

Хэрэв ТӨХ бидний хүсэлтийг хүлээн авч, Ц.Батсайхан захирлын гэрээг сунгахгүй бол бид суулт, ажил хаялт, өлсгөлөн зарлах гэх мэтээр шат дараатай тэмцэнэ.

Шуудангийн үйлчилгээ бол стратегийн ач холбогдлоороо гуравт ордог, онцгой газар.

Одоогоор шуудангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Шуудангийн үйлчилгээ бол стратегийн ач холбогдлоороо гуравт ордог, онцгой газар. Тэгэхээр мэргэжлийн хүн л удирдах ёстой.  Дээгүүр хийсэн томилгоогоор хаа хамаагүй хүн ирээд удирддаг газар биш.     

“Монгол шуудан” ТӨХК-ийн ажилчдын төлөөлөл ийнхүү ярьж байна. “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар хоёр жилийн өмнө томлогдсон Ц.Батсайхан нь компанидаа 10 гаруй жил ажилласан, шуудангийн мэргэжлийн хүн бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн халаа солио хийгээгүй, харин ч олон шинэ зүйлүүдийг шуудангийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн хүн юм байна. 

Түүний хийж бүтээсэн зүйлүүдээс дурьдвал, хоёр жилийн өмнө 8.2 тэрбум төгрөгийн орлоготой байсан компанийн орлогыг 10.9 тэрбум төгрөгт хүргэж хоёрхон жилийн дотор 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, алдагдалтай ажиллаж, улсын татаасаар амиа зогоож байсан компанийг 738.8 сая төгрөгийн ашигтай ажиллуулж, улсын төсөвт 2.3 тэрбум төгрөг төвлөрүүлдэг болтлоо өргөжин тэлжээ. 

Мөн Шинэчлэлийн Засгийн газрын “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ”, нийслэлийн Засаг даргын “Аюулгүй Улаанбаатар” зорилтыг ханган биелүүлэхийн тулд түүнд чиглэсэн “Замын хөдөлгөөний торгуулийн хуудас”, “Гадаад паспортыг гарсан даруйд гарт нь”, “Санхүү татварын тайланг шуудангаар”, “Ухаалаг шуудангийн хайрцаг”, “Ачаа тээврийн үйлчилгээ” гэх мэт олон шинэ үйлчилгээг нэвтрүүлж үр дүнд хүрсэн бөгөөд гадаад зах зээл рүү хандсан арга хэмжээ авч хэрэгжүүлж, орлогын олон шинэ эх үүсвэрүүдийг бий болгож чадсан аж. 

Үүнээс гадна шуудангийн бүртгэл хяналтын программ хангамжийг шинэ төвшинд гаргаж, ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчилж, цахим суурьтай гибрид шуудангийн үйлчилгээ, Монгол маркийн онлайн худалдаа гэх мэт олон шинэ үйлчилгээг эхлүүлсэн, мөн сүлжээний хүчин чадал, хурдыг эрс дээшлүүлж мэдээллийн болон шуудангийн аюулгүй байдлыг хангаж чаджээ. 

Тэр ажилчдын нийгмийн асуудлыг ч анхаарч, шууданчдын ажиллах ажлын орчин нөхцлийг өөрийн биеэр судалж, тохь тухтай ажиллах нөхцлөөр хангахыг хичээн, ажилчдынхаа цалинг хоёр жилийн хугацаанд 40-66 хүртэл хувиар нэмэгдүүлж чадсан учраас хөдөлмөрийн бүтээмж 9.9 байснаас 12.2 болж, 2.3 сая төгрөгөөр нэмэгдсэн юм байна. Мөн хугацаанд удирдлагын бүтцэд гаднаас хүн авалгүй удирдлагын багийг олон жил ажилласан шуудангаа бүрэн мэддэг албан хаагчдаар бүрдүүлж, ганц ч хүнийг ажлаас халаагүй бөгөөд шуудан хүргэгчийн ажлын байрыг 60-аар нэмэгдүүлжээ. 

Үүнээс гадна шуудангийн эртийн хүргэлт, шууд хүргэлт, мопедтой болон машинтай хүргэлт зэрэг шинэ технологи арга хэмжээг авч хэрэгжүүлж шуудангийн шуурхай, найдвартай байдлыг ханган ажилласанаас гадна гадаад шуудангийн чанарын үзүүлэлтийг дээд төвшинд нь байлгах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, шуудангийн болон ажилчдын аюулгүй найдвартай байдлыг хангах зорилгоор хяналтын GPS системийг нэвтрүүлж, шуурхай удирдлагын төвөөр хянадаг болсон гээд түүний хийж бүтээсэн зүйлийг тоочоод барахгүй олон ажээ. 

Мэргэжлийн, салбараа сайн мэддэг, хийж бүтээж чадаж байгаа хүнийг огт өөр салбарын хүнээр, тэр дундаа ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдоржоор солих хүсэлтийг ТӨХ-оос компанийн ТУЗ-д хүргүүлсэн гэгдэн асуудал үүсээд байна. Хэрвээ ТӨХ асуудлаа эргэн харж, шийдвэрээ цуцлахгүй бол Монгол Улсын хэмжээнд харилцаа холбоо саатаж, энд тэндэхийн албан бичиг эзэндээ хүрч чадахгүйд хүрээд байна. 

“Монгол шуудан” ТӨХК орон даяар нийтдээ 1,000 гаруй ажилчинтай, ТӨХ хууль бус шийдвэрээ эргэн харж, залруулахгүй бол тэд энэ Пүрэв гарагт жагсаал зохион байгуулж, нэгдсэн ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Шуудан гэдэг онцгой салбар улс төр, албан тушаалын наймаанд өртөж болохгүй гэдгийг төрийн өндөрлөгүүд эрхбиш гадарлах байлгүй дээ.

Зураг