Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

М.Бадам: Суурьшлын бүстэй болж, таван давхар орон сууц барина

Зууны мэдээ
2015 оны 4 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг: /bureghangai.bu.gov.mn/

Засаг дарга маань гурван сая төгрөгийн шагнал аваад ирсэн гэнэ хэмээн иргэд ярьж эхэлжээ. Үнэн байв. Бүрэгхангай сумын Засаг даргаар гурав дахь жилдээ ажиллаж байгаа М.Бадамтай ярилцлаа.

-Танд баяр хүргэе. Юуны учир шагнуулав?

-Би биш ээ, сумыг маань сайхан өргөмжлөл, бас гурван сая төгрөгөөр аймаг шагнасан. Хяналт шинжилгээ, үнэлгээгээр манай суманд өндөр оноо өгч нэгдүгээр байр эзлүүлсэн байлаа.

Ажлын хэсэг томилж олон үзүүлэлт, шалгуураар үнэлдэг. 

-Тэр оноог өгсөн биш, танайхан л авсан хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, танай сумын ажил сайн байжээ?

-Төрийн албыг түмэнд хүртээмжтэй явуулж, төрөлх нутгаа хөгжүүлэхээр тавьсан зорилтын маань хэрэгжилтийн үнэлгээ гэсэн үг. Аймгийн ЗДТГ-т тэрхүү хяналт шинжилгээ үнэлгээг эрхэлдэг тасаг, албан хаагчид байдаг. Ажлын хэсэг томилж олон үзүүлэлт, шалгуураар үнэлдэг. Бидэнд хийсэн ажил чамлахааргүй бий л дээ.

-Тэдгээрээсээ заримыг нь сонирхуулаач?

-Манай тамгын газрынхан урьд өдрийн ажлаа ил тодоор сонсоцгоож, шинэ өдрийн гол ажлаа өглөө бүр харилцан мэдээлж хэвшлээ. Удирдлагуудаас зөвлөмж чиглэл өгдөг.

-Хурал хийдэг юм уу?

-Шуурхай цуглаан, ажил хэрэгч ярилцлага л даа. Тэгээд төрийн дууллаа хүндэтгэлтэйгээр дуулцгаан ажилдаа ордог. Энэ бол олон талын үр дүнтэй. Ажилтнууд иргэдийн шүүмжлээд байдагчлан фейсбүүкдэж, мессенжердэж, хөзөрдөж тоглоомдолгүйгээр амласан ажлаа амжуулахыг хичээдэг. Нөхдөөcөө үлгэр авч бүтээлч ажиллах санаа төрдөг.

Тухайн өдөр юу хийх асуудал өөрт нь төдийгүй өрөөл бусдад болон удирдлагуудад тодорхой болдог. Заавал хийхийг хичээнэ. Маргааш юу хийхээ эртнээс бодно гэх мэт. Төрийн ажил үйлчилгээг ард олондоо ойртуулж, хүртээмжтэй болгох, хөнгөн шуурхай үйлчлэх, иргэдээ ая тухай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудыг маань үнэлсэн байна лээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Булган” үндсэн болон “Шатар” зэрэг дэд хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Нийгмийн асуудалд анхаарал тавив. Ажлын байр бий болгож байна. Дэд бүтцийн хүрээнд ахиц гаргалаа гэсэн. Тэр бүхэн бол хурал, тамган газрынхны маань чадварлаг, эвсэг хамтач, бүтээлч ажиллагаа, ард иргэдийн идэвхтэй оролцоо, хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дэмжлэг туслалцааны үр дүн.

-Байгууллагууд цэвэр, халуун устай болсон гэсэн?

-Тэгсэн. Нэгдсэн халаалт, цэвэрлэх байгууламжийг иж бүрнээр шийдэж байна. Энэ бол чухал ажил. 1,2 тэрбум төгрөг зарцуулсан. “Ану сервис” компани хувийн хөрөнгө оруулалтаар Чехийн техник технологиор гүйцэтгэсэн. Үүний дүнд халаалтын хувьд хүндрэлгүй боллоо. Байгууллагууд халуун, хүйтэн ус, бие засах газартай болно.

-Сумын төвөө хэр зэрэг тохижуулж байна?

-Дандар баатрын хөшөө орчмыг тохижуулан нэрэмжит талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй болсноос эхлээд ямар ч гэсэн ахиц бий болсон шүү. Олон жилийн өмнө сургуулийн хичээлийн болон дотуур байр актлагдан нурааж хөг хөглөрсөн газар байсныг одоо иргэд цуглаж хөгжилдөн нааддаг орчин болголоо.

-Яаж тэр вэ?

-Дотуур байрны барилгын суурин дээр бетон цутгаад тоглоомын талбай байгуулсан. Хуучин сургуулийн суурийг ашиглаад хашаа, байр бүхий урлаг, спортын задгай талбайтай болсон. Манай сумын төвийн дундуур Шивэртийн гол урсдаг.

Тэр маань бага ч гэсэн Хавар болж мөс гэсэх, ус ихтэй бороо орох үеэр хүүхдүүд болон иргэд гарч чадахгүй, машин техник сууж нэлээд бэрхшээл тулгардаг байлаа. Явган хүний болон авто машины далантай гүүр тавьснаар амар болсон. Явган хүнийх нь 700, машинынх нь 500 метр. Иргэд оролцсон, байгууллагууд тусалсан.

Дашрамд хэлэхэд, сумынхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийгээд дуусч байна. Үүнээс сумын 2024 хүртэлх нийгэм, эдийн засгийн төлөв харагдана. Сумын төвд гэхэд инженерийн шугам сүлжээ хаагуур явах хаана ямар үйлдвэрлэл үйлчилгээний барилга байшин, орон сууц барих зэрэг асуудал тодорхой боллоо.

-Хөдөөгийн сумдад орон сууц ховор байдаг даа?

-Тийм ээ. Энэ талаар өөрчлөлт гаргахыг зорьж байна. Бид шинэ суурьшлын бүс бий болгоно. Гурван га газар. Дулаан, цахилгааныг нь татчихсан.

Дэд бүтцийг шийдсэн гэсэн үг. 16 айлын хоёр сууц, 10 хаус барихаар иргэдтэй гэрээ хийж эхэлсэн. Зарим барьчихаад байна. Намар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ бүсэд нийтийн орон сууцнууд барина. Тэдгээр нь 3-5 давхар байх болно.

-Хөдөөгийн сумын төв хорооллын хэсгээ өргөтгөн шинэ суурьшлын бүстэй болгож бүр олон давхар орон сууц барина гэдэг сайхан сонсогдож байна?

-Үйлдвэрлэл үйлчилгээний тавлаг орчинг бий болгоно. Иргэд энэ талаар хүсэлт тавьдаг юм. Наад захын жишээ гэхэд олон нийт худалдааны захтай болгож өгөөч, хөдөөгийнхөн малын бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангаач гэдэг.

Энэ бол иргэд төдийгүй сум орон нутагт шаардлагатай болсон хэрэгцээ. Тийм учраас хүнсний болон барааны зах барив.  Ингэснээр иргэд тусгай лангуутай ая тухтай орчинд худалдаа үйлчилгээ эрхлэх, ард олон дэлгүүрийн үүд орчмын ил задгай газраас эрүүл ахуйн айдастай зүйл авахаа болих нөхцөл бүрдэнэ.

-Сум орныхоо хөгжлийг өөд татаж байгаа та бүхэнд талархал дэвшүүлье? 

-Баярлалаа. Хөрөнгө санхүү шаардсан ажил болон тулгамдсан асуудалд байнга дэмжлэг үзүүлдэг төмрийн хүдрийн болон алтны уул уурхайн үйлдвэрийн хамт олондоо баярлаж явдгаа хэлэх байна. Бид алс хэтээ тодорхойлохын зэрэгцээ жил бүр тодорхой зорилт тавьж ажилладаг. 

2013 онд сумын ойгоо угтан 90 бүтээлч ажил хийсэн. Өнгөрсөн онд 100 бүтээлч ажил төлөвлөөд 80 гаруй хувийг нь амжилттай хэрэгжүүлсэн. Мөн аймгийн тэргүүний сум болох зорилт тавьж үр дүнд хүргэснээр таны асуусан шагналыг авсан. Энэ жил улсын жишиг сум болохыг зорьж байна.

Зураг