Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан эдийн засагчид өнөөдөр тус бүсийн арав гаруй орны сэтгүүлчидтэй Сингапураас шууд холбогдож, видео хурал хийлээ.
Хурлын үеэр бүс нутгийн эдийн засгийн талаар гаргасан цогц тайлан, илтгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
Дэлхийн Банк энэхүү тайлан илтгэлээ зургаан сар тутамд нэг удаа гаргаж, олон нийтэд мэдээлдэг юм.
Зүүн Азийн хөгжиж байгаа бусад орнуудын хувьд эдийн засгийн өсөлт хагас хувиар өсч, энэ онд 5.1 хувь болох төлөвтэй байгаа ба энэ нь дотоодын эрэлт, буурсаар байгаа нефтийн үнээс хамааралтай.
Ялангуяа Монгол зэрэг экспортын бүтээгдэхүүнээс хамааралтай хэд хэдэн жижиг орнуудын хувьд өсөлтийн хувь бүр ч доогуур байх болно хэмээн тайлан илтгэлдээ дурджээ.
Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ахлах эдийн засагч Судхир Шетти “Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засагт 2014 оны аравдугаар сараас хойш хоёр томоохон өөрчлөлт гарсан.
Нэгдүгээрт, бодож төлөвлөөгүй байсан нефтийн үнийн уналт. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тохиолдсон гурав дахь том уналт бөгөөд гурван сарын дотор бараг тавин хувиар унасан. Энэ уналт түр зуурынх биш болов уу гэж үзэж байна.
Хоёрдугаарт, долларын ханш чангарсан. Энэ чангарал олон орны эдийн засагт бодит утгаараа хүчтэй нөлөө үзүүлсэн. Бүс нутгийн ихэнх орнуудын валютын доллартай харьцах ханш суларсан” гэдгийг онцлоод “Тэдгээр эрсдлийг даван туулахад төсвийн бодлогоо боловсронгуй болгох явдал чухлаар тавигдаж байна. Нефтийн үнэ буурч байгаа үед, нефть импортлогч болон экспортлогч орнуудын аль аль нь хэрэглэгчид хүргэх эрчим хүчний үнийг илүү тогтвортой бөгөөд шударга байх зарчмаар шинэчлэх хэрэгтэй” гэв.
Мөн дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж байна. Энэ үед томоохон сорилтууд гарч ирэх бөгөөд улс хөгжиж буй орнуудын хувьд сангийн бодлогоо тогтвортой байлгах, зардлаа танах шаардлагатай болно.
Орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах нь урт хугацаандээ эерэг үр нөлөөг авчрах сайн талтай. Мөн нийгмийн халамжийн бодлого нь төсөвт дарамт болохгүй байх хэрэгтэй бөгөөд хөрөнгө оруулалтыг өөртөө татах чиглэлд анхаарах нь чухал гэдэг зөвлөмжийг бүс нутгийн орнуудад өгч буйгаа мэдэгдсэн юм.
Монгол Улсын хувьд ирээдүйд макро эдийн засгийн өнөөгийн хүндрэлүүд үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд төсөв сангийн бодлогоо оновчтой байлгах тал дээр анхаарах, эдийн засгаа төрөлжүүлэн солонгоруулах хэрэгтэй гэдгийг Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ахлах эдийн засагч Судхир Шетти зөвлөсөн юм.
Хурлын дараа Монгол дахь Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Нефтийн үнийн талаар...
“Нефтийн үнэ буурсан нь Монгол Улсад нөлөө үзүүлнэ. Нэгдүгээрт олборлосон түүхий нефтээ гадаад руу гаргаж олдог орлого буурна. Хоёрдугаарт гадаадаас импортоор орж ирэх нефтэд тогтоосон татварын шугамаар орж ирдэг орлого бас багасна.
Тийм болохоор Засгийн газрын зүгээс энэ үед сайн ажиглалт хийж, мониторингоо үргэлжлүүлэх хэрэгтэй.
2015 оны төсвийн тодотголд дэлхийн зах зээлд нефтийн үнэ болон бусад ашигт малтмалын үнэ бага байх нөхцлийг харгалзан үзэж орлого, зарлагыг тодорхойлсон учраас үнийн бууралт хэрхэн үргэлжлэх вэ гэдгийг хянаж, тодорхой арга хэмжээ авах болов уу гэж бодож байна” гэв.
Эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудлаар...
Нефтийн үнэ бага байгаа үед улс орнууд эрчим хүчээ хямдаар ашиглаж байх хэрэгтэй гэсэн санааг бид тайландаа оруулсан.
Монголын хувьд эрчим хүчний үнийг урт удаан удаан хугацаанд зохиомлоор бага байлгаж ирсэн. Энэ нь эрчим хүчний салбар маш их алдагдалтай ажиллахад хүргэсэн.
Тийм учраас эрчим хүчний үнийг чөлөөлөх ажлыг хийх нь зөв зүйтэй гэж бид үзэж байгаа. Ялангуяа нефтийн үнэ бага байгаа нөхцөл байдлыг ашиглаад тарифийг аажим аажмаар нэмэгдүүлнэ гэдэг нь хамгийн зохистой өөрчлөлт юм болов уу.
Энэ нь төсөвт учирч байгаа дарамтыг багасгана. Яагаад гэвэл татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг эрчим хүчний татаасанд зарцуулж ирсэн. Ерөнхийдөө долоодугаар сарын 1-нээс эрчим хүчний үнийг чөлөөлнө гэж байгаа энэ бодлого бол зөв чигтэй явж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!