Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"НДШ-ээ хугацаанд нь төлж, цалин хөлсөө тогтмол тавих бодлого барьж байна"

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас 2014 оны санхүүгийн жилд нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээг  1.2-1.7 сая төгрөгт хүргэж, ажиллагсдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулан, шимтгэлийг хуульд заасан хугацаанд нь ногдуулан төлж буй 11 ажил олгогчийг шилдгээр шалгаруулжээ.

 

“Саусгоби сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат “Манай байгууллага нийтдээ 380 гаруй ажилтантай. Ихэнх нь Өмнөговь аймгийн Гурван тэс, Сэрвээ, Ноён, Даланзадгад сумаас ажилладаг. Ер нь нийт ажилтнуудын 95 хувь нь Монгол ажилчид байгаа. 

2014 онд бас манай компани Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллагаар шалгарч байсан. Зах зээл хямарсан, нүүрсний борлуулалт буурсан үед бид ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж, цалин хөлсөө тогтмол тавьж байх бодлого барин ажиллаж байна. 

Өнгөрсөн жил ажилчдын дундаж цалин 1.1 сая төгрөг байсан. Энэ жил 1.2 сая төгрөг болж өссөн.

Татварын Ерөнхий Газраас шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргасан бөгөөд манай компани энэ жагсаалтын есөд жагсаж байна. Бидний зүгээс шилдэг татвар төлөгч, шилдэг нийгмийн даатгал төлөгчөөр шалгарсандаа баяртай байгаа. Цаашид улам их хичээж ажиллана” гэлээ.

 

Ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хариуцлагыг урамшуулах зорилгоор "Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага” шалгаруулах үйл ажиллагааг  хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын 2014 оны шилдэг шимтгэл төлөгчөөр шалгарсан байгууллагуудын жагсаалт

Д/д Аймаг дүүргийн нэр  Аж ахуйн нэгж, байгууллагын нэр НДШ төлсөн хугацаа Даатгуулагчийн тоо Нэг даатгуулагчийн НДШ тооцсон сарын дундаж цалингийн хэмжээ 
1 Сүхбаатар дүүрэг  “Бороогоулд” ХХК 11 жил 11 сар 245 1,741,673.40
2 Сүхбаатар дүүрэг  “Трансвест Монголиа” ХХК 4 жил 2 сар 327 1,655,890.70
3 Хан-Уул дүүрэг ИНЕГ-ын Агаарын хөдөлгөөний үйлчилгээ 5 жил 11 сар 543 1,585,195.50
4 Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 19 жил 11 сар 6,094 1,545,626.90
5 Чингэлтэй дүүрэг “Баян айраг эксплорэйшн”ХХК 11 жил 11 сар 199 1,448,030.20
6 Сүхбаатар дүүрэг  “Энержиресурс” ХХК 10 жил 7 сар 158 1,443,436.70
7 Баянгол дүүрэг “Дулааны Цахилгааны Станц-4” ТӨХК 19 жил 11 сар 1,645 1,425,930.60
8 Хан-Уул дүүрэг МИАТ компани  19 жил 11 сар 722 1,337,065.60
9 Баянзүрх дүүрэг "Петрочайна дачин тамсаг" ХХК 7 жил 11 сар 416 1,282,266.10
10 Баянзүрх дүүрэг ХААН банк 14 жил 11 сар 793 1,258,022.80
11 Сүхбаатар дүүрэг  “Саусгоби сэндс”  ХХК 7 жил 6 сар 431 1,234,259.40

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Одончимэг “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс төвийн дүүрэг гэдэг утгаараа томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилладаг.

Манай дүүргийн хувьд нийслэлийн нийгмийн даатгалын шимтгэлийн 30 орчим хувь, улсын нийгмийн даатгалын шимтгэлийн 20 орчим хувийг дангаараа төвлөрүүлэн ажиллаж байна.

Энэ жил манай дүүргийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч дөрвөн байгууллага шилдэгт багтлаа. Улсын хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүд болох “Саусгоби сэндс”, “Бороогоулд”, “Трансвест Монголиа”,  “Энержиресурс” компаниуд маань хамгийн өндөр цалин олгодог, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж нийгмийн даатгалын шимтгэлээ цаг хугацаанд нь олгодог гэсэн шаардлагуудыг хангаж шалгараад байна.

Эдгээр аж ахуйн нэгжүүддээ цаашдын ажилд нь амжилт хүсье” гэлээ.