Удтал дуншсан Оюу Толгой, Таван Толгой шийдлээ олох дөхсөн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугих боллоо. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед эрдэнэс өлгийдсөн хоёр ордоо одоо л хөдөлгөж эхлэх нь гэсэн энэ мэдээллийн цаана бодит байдал ямархуу байгаа бол. Энэ талаар skynews.com. au-д дурдсаныг товчхон сийрүүлье.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хоёр тал шийдвэрлэх асуудлаар уулзалдсан” хэмээсний дараа тэрбээр ийнхүү хэлсэн юм. Хөрөнгө оруулалтыг нэмэх төлөвлөгөө хоёр жилийн өмнө яригдаж эхэлсэн ч татварын өр, зардлын хэт өсөлт зэрэг нь гацаасаар ирсэн билээ.
Иймд энэхүү өөрчлөлт нь улс орных нь эдийн засаг болоод гадаадын хөрөнгө оруулалтыг илт сайжруулна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд найдаж байгаа юм гэжээ.
Энэ зуур Таван Толгой дээр ч томоохон өөрчлөлт хүлээж байсан гадаадынханд Монголын Засгийн газар өөр нэгэн мэдээ барилаа. Энэ тухай “Mining.com”-д нийтэлсэн “Монгол Улс нүүрснийхээ гол уурхай дахь гадаадын фирмүүдийн хэлэлцээг зогсоолоо” гарчигтай нийтлэлийг сийрүүлэн хүргэе.
Удтал хүлээгдсэн Оюу Толгойн зардлыг өсгөх талаар “РиоТинто” мэдэгдэл гаргасны дараахан Азийн улс орнуудын удирдагчид бас дахин шинэ мэдээлэлтэй нүүр туллаа.
Төрийн өмчит “Таван Толгой" компани ордын лицензийг эзэмшдэг бөгөөд Хятадын “Чалко” компанид 150 сая ам.долларын өртэй юм. 2011 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс АНУ-ын томоохон компани болох “Пийбоди энержи” болон Хятадын “Шиньхуа”, Орос-Монголын хамтарсан корпорацийн хэлэлцээг ч мөн буцаасан юм.
Гэвч үүнээс хоёрхон сарын дараа тэд өөрсдийгөө ялагчид хэмээн зарлаж байв. Харин бусад өрсөлдөгчид болох Бразил, Энэтхэг Өмнөд Солонгосын талууд дургүйцлээ илэрхийлж, харин Японы тал “Хэтэрхий харамсалтай байлаа” гэсэн үгээр монголчуудтай салах ёс хийсэн юм.
Уг нь энэхүү төслийг урагшлуулж, хөл дээр нь босгох гол хувь нэмрийг гадаадын санхүүжилт шийдэх байлаа. Учир нь Таван Толгой нь дэд бүтцээс хол алслагдсан газар байрладгаас гүнд нь байгаа үнэт “түлш”-ийг дэлхийн зах зээл дээр гаргах зам дутагдаж байгаа юм. Үүнээс гадна энэ орд газар нь ус, эрчим хүчээр хангагдаагүй гэдгийг ч санах хэрэгтэй.
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр манай улс дахь уул уурхайтай холбоотой үйл явцыг хэрхэн тайлбарласныг цухас хүргэхэд ийм байна. Ямартаа ч гадаадынхан биднийг ашигт малтмалын баян бүрд болсон хоёр толгойгоо хөдөлгөх үү, “хөлдөөх” үү гэдгийг анхааралтай ажиглаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!