Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг ХЭВЭЭР үлдээх ШАЛТГААН

Ч.Болортуяа
2015 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, мөнгөний бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт үргэлжлэн буурч хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци гуравдугаар сарын эцэст 9.3 хувь болж буурсан билээ.

Суурь инфляци 11.9 хувь буюу өндөр хэвээр байгаа хэдий ч, эрэлтийн гаралтай инфляци 2015 онд нэмэгдэхээргүй байгаа тул оны эцэст инфляцийн зорилтот түвшинд хүрэхээр байна.

Бодлогын энэхүү шийдвэр нь төгрөгийн өгөөжийг хадгалах, богино хугацаанд урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эергээр нөлөөлснөөр дунд,  урт хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх орчинг бүрдүүлнэ гэж Монголбанкнаас мэдээллээ.

Жилийн инфляци улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оны 1 дүгээр сард харгалзан 9.8%, 9.3% байсан бол 3 дугаар сард 9.3%, 8.8% болж тус тус буурчээ. Нийт инфляцид нийлүүлэлтийн гаралтай инфляцийн эзлэх хувь 2010-2012 онд дунджаар 33.4% байсан нь 2013 онд 18%, 2014 онд 4.5% болж буурчээ.

Ийнхүү инфляцийн бүтцэд сүүлийн 2 жилийн турш суурь өөрчлөлт гарч, иргэдийн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, шатахуун, гурилын үнийн өсөлт нам, тогтвортой түвшинд байгаа нь инфляци үргэлжлэн буурч нэг оронтой тоонд ороход чухал нөлөөтэй байсан аж.

Нийт М2 мөнгөний нийлүүлэлт 2015 оны 1 дүгээр сард өмнөх сараас 3%-иар, 2 дугаар сард 0.8%-иар, 3 дугаар сард 3.1%-иар тус тус буураад байгаа юм байна.

Харин аж ахуйн нэгж, иргэдэд банкнаас олгосон зээлийн өрийн үлдэгдэл 1 дүгээр сард өмнөх сараас 3.3%-иар буурсан бол, 2 дугаар сард 0.7%-иар, 3 дугаар сард 0.8%-иар хувиар өссөн үзүүлэлттэй болжээ.

Үүнтэй уялдаад оны эхний улиралд импорт өмнөх оны мөн үеэс 29.5%-иар буюу 300 орчим сая ам.доллараар буурчээ. Энэ нь сарын дундаж импортын хэмжээ 230 гаруй сая ам.доллар болж, жилийн өмнөх үеэс даруй 100 сая ам.доллараар агшсан гэсэн үзүүлэлт болж байна.

Мөнгөний үзүүлэлтүүд ийнхүү буурч, өсөлт нь эрс саарсан, импортын хэмжээ илүү хурдацтай буурч байгаа хандлагаас харахад инфляцид эрэлтийн талаас дарамт төдийлөн үүсэхээргүй гэж үзсэн байна. Ийнхүү 2015 онд инфляци зорилтот түвшин болох 7 орчим хувьтай гарахаар хүлээгдэж байгаа нь энэ удаа бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй байх боломжийг Монголбанкинд олгож байна.

Нөгөө талаас төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансаар орж ирэх валютын урсгал нэмэгдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байгаа учраас төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлага хэвээр байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүүг бууруулах нөхцөлийг төдийлөн бүрдүүлэхгүй байгаа талаар Монголбанк тайлбарлалаа.

Гэхдээ хэрэв гадаад валютын орох урсгалд нааштай эерэг өөрчлөлт гарах юм бол бодлогын шийдвэрээ тухай бүр эргэн харах, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг Зөвлөлийн гишүүд онцолж байсан юм. 

Мөнгөний бодлого гэж юу вэ?

Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино.

Мөнгөний нийлүүлэлтийн дараах үндсэн арга хэрэгслүүд байдаг.

Шууд арга

  • Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох
  • Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх

Шууд бус арга

  • Заавал байлгах нөөцийн хувийг тогтоох
  • Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах
  • Хүүний нэгдсэн бодлого явуулах (Төв банкны зээл, үнэт цаас)