Олон улсын зах зээлд нүүрсний үнийн уналт үргэлжилж, дэлхий даяар салбарын бүхий л компаниуд хүнд нөхцлийг даван туулахаар чармайж байгаа энэ үед Монголын нүүрсний салбарын гол тоглогчдын нэг MMC буюу Mongolian Mining Corporation өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнгээ танилцууллаа.
2014 онд тус компани 5.4 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж, 270 гаруй сая долларын экспортын орлогыг Монголын эдийн засагт оруулжээ.
Гэхдээ коксжих нүүрсний үнийн уналт, валютын ханшийн нөлөө зэргээс шалтгаалан компанийн зарим хөрөнгийн үнэлгээнд 190 сая долларын тохируулга хийгдэж, мөнгөн бус дүнгээр санхүүгийн тайланд туссан байна.
Компанийн үйл ажиллагаанд хамааралтай нийт алдагдал ойролцоогоор 7 орчим сая доллар байжээ. Мөн элэгдлийн зардал 46 орчим сая доллар, дээр дурдагдсан хөрөнгийн үнэлгээний бууралт 190 сая доллар, санхүүжилтийн зардал болон ханшийн зөрүүний алдагдал 90 орчим сая доллар болсон нь санхүүгийн гүйцэтгэлд ихээхэн нөлөөлсөн байна.
Зах зээлийн нөхцөл маш хүнд байгаа ч тус компанийн зүгээс үйл ажиллагаагаа зогсоолгүй үргэлжлүүлэх, зардлаа бууруулах арга хэмжээнүүдийг авч явуулсаар байгаа.
Тухайлбал өнгөрсөн онд ММС нийт 5.4 сая тонн баяжуулсан нүүрс борлуулсан нь түүхий нүүрсэнд шилжүүлж үзвэл ойролцоогоор 7 сая тоннтой дүйнэ. Ингэснээрээ тус компани нүүрсний экспортын хэмжээгээр улсын хэмжээнд тэргүүлэгч байр сууриа хадгалж, Монголын нүүрсний нийт экспортын гуравны нэг орчмыг дангаар бүрдүүлсэн байна.
Мөн дотооддоо нүүрсийг угааж баяжуулан экспортолдог ганц аж ахуйн нэгж гэдэг утгаараа нүүрсний тонн тутмын борлуулалтын үнийг Ганцмодны боомтын нөхцлөөр 70 орчим ам.долларт барьсан нь одоогийн нөхцөлд хамгийн өндөр үзүүлэлт юм. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ ойрын мөддөө сэргэх төлөвгүйг зах зээл судлаачид хэлж байгаа. Түрүүчээсээ гадаад, дотоодын олон компани үйл ажиллагаагаа зогсоон, үүдээ барьсан. Энэ үед хямралд сөхрөлгүй үлдэж, татварын орлогоо төлөн, ажлын байраа хадгалсаар яваа компаниуддаа анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!