Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах, Цэргийн штабуудын иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын гурван үеийн уулзалт” боллоо.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Ц.Цолмон, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн удирдлагууд, БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөөлөл, ахмад дайчид оролцов.
Арга хэмжээг нээж Хотын дарга Э.Бат-Үүл “Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ Монгол цэргийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Мөн ахмад дайчдадаа нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс өдий зэрэгтэй ийм сайхан эх орныг бидэнд хүлээлгэж өгсөнд нь талархлаа илэрхийлье.
Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийнхээ удирдлага, Цэргийн штабтай хамтарч “Монгол цэргийн жавхаа” арга хэмжээг санаачилж зохион байгуулаад гурван жил болж байна.
“Монгол цэргийн жавхаа” арга хэмжээ маань үнэхээр үр дүнгээ өгч байгаа. Хэд хэдэн удаа өөрийн биеэр цэргийн ангиудаар гэнэтийн шалгалт хийсэн. Цэргийн ангиуд сайхан тохижиж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байгааг харахад үнэхээр гайхалтай байсан. Зэвсэгт хүчин бол залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх сургууль юм.
Та бүгдэд талархлаа дахин дахин илэрхийлье” гэлээ.
Энэ үеэр 18 нас хүрч эх орны хүү болж, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардууллаа.
Мөн нийслэлийн Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Чөлөөлөх дайныг сурагчийн үзгээр” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцож тэргүүлсэн сурагчдыг шагнав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|