Зэрэглээн дундах Таван толгой
Таван толгойд хөрөнгө оруулж, хамтарч ажиллах хэлэлцээ завсарласныг та бүхэн мэдэж байгаа. “Чалко” компанид урт хугацаагаар нүүрс нийлүүлэхээр тохирсон нууц гэрээ гэнэт ил болж, урагштай явсан хэлэлцээг завсарлууллаа гэж ажлын хэсгийнхэн нь дуулгасан.
Хэрэв манай тал үүргээ биелүүлэхгүй бол нөхөн олговор төлж, арбитрт дуудагдах нарийн заалт ч байгаа аж. Манайх нийт 10 жил нүүрсээ нийлүүлэх үүрэг хүлээсэн хэрэг. Хятадын “China Shenhua energy”, Японы “Sumitomo”, Монголын “Energy resources” компанийн нэгдэл Таван толгой ордыг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа явуулах сонирхолтойгоор хөрөнгө оруулахаар шийдсэн нь мэдээж.
Ялангуяа “China Shenhua Energy”, “Sumitomo” компани нүүрсний борлуулалтаас ашиг олохоор энэ тендерт оролцсон нь тодорхой. Хөрөнгө оруулагч нэгдлийн менежментийг нь хийх “Эрдэнэс Таван толгой” компанийн нэг уурхай нүүрсээ өөр газарт нийлүүлэх урт хугацаатай гэрээ хийсэн нь тэдний хөлийг тушихаас өөр яах билээ.
Нүүрсээ өөрсдөө борлуулахгүй бол хүссэн ашгаа олж чадахгүй шүү дээ. “Чалко”-д 10 жилийн турш нүүрсээ нийлүүлэх үүрэг хүлээсэн “Эрдэнэс Таван толгой” компанийн гэрээ нууц байж байгаад гэнэт ил болсон гэдэг эргэлзээтэй. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш 2012 оны аравдугаар сард “Өрөө ирэх жилийн хавар төлж дуусгана. Түүнээс долоон cap гаруйн дараа анхны борлуулалтын орлогоо үзнэ гэж найдаж байна.
Гэхдээ “Чалко” дараагийн таван жилд үргэлжлүүлэн манай нүүрсийг худалдаж авна. Тэр үедээ үнээ тохиролцоно” гэж ярьж байжээ. Өдгөө тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, авлига, албан тушаалын хэрэгт сэжиглэгдэн хоригдсон Я.Батсуурь 2013 онд “Хамтрагч компанидаа 350 сая ам.долларын өрөө төлж дууссаны дараа, дахиад таван жил нүүрс нийлүүлэх гэрээтэй. Ингэхдээ бид Зүүн Цанхиас олборлох нүүрсний 80 хувийг тэднийд нийлүүлэх үүрэгтэй юм.
Өөрөөр хэлбэл, өмнө байгуулсан гэрээний энэ зүйл заалтыг одоогоор өөрчлөөгүй байгаа гэсэн үг. Гэхдээ бид үнээ дахиж өөрөөр тохиролцох, гэрээний нөхцөлийг Монголын талд ашигтайгаар дахин сайжруулах санал тавиад, нэлээд идэвхтэй хөөцөлдөж байна” гэж ярьжээ. Энэ мэдээллийг google.com хайлтын системийг ашиглаад олоод үзчих боломжтойг энд дурдъя.
Ингэж ярьж явсан Я.Батсуурь хоригдохоосоо өмнө Таван толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээний дэд ажлын хэсгийг анхалж байсан. Тэгэхээр ажлын хэсгийнхэн болон хөрөнгө оруулагч тал “Чалко”-той байгуулсан гэрээний талаар огт мэдээгүй гэдэгт итгэхэд бэрх. Хөндлөнгийн шинжээчид “Таван толгойг хөрөнгө оруулагчдад хариуцуулах хэлэлцээ улс төрийн дэмжлэг авахгүй нь ойлгомжтой болсныг М.Энхсайхан мэдрээд нууц гэрээ ил болж хэлэлцээг зогсоолоо гэж шалтаглаж байна” гэж таамаглаж буй.
М.Энхсайхан сайд “Чалко”-гийн гэрээний асуудлыг шийдвэрлэх арга зам олохыг хичээнэ гэж амласан. “Чалко”-той байгуулсан гэрээг хэрхэн зохицуулна гэж итгэж, Засгийн газар, хөрөнгө оруулагчид хэлэлцээгээ эхлүүлсэн юм бол. “Эрдэнэс Таван толгой” компани 10 жилийн туршид “Чалко”-д нүүрсээ нийлүүлэх гэрээтэй байсныг үнэхээр мэдээгүй гэж үү.
Угаасаа түүнийг “Energy resources” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг “MCS холдинг”-ийн үйл ажиллагааг эсэргүүцдэгийг Монголчууд андахгүй.
Түүний тэмцэл үзэл боддоо хамгаалах “лоозонтой” боловч өрсөлдөгчийнхөө бизнесийг боох, хаах далд санаа агуулдаг гэж хардах хүн олон бий.
Хүн бүрт “Эрдэнэс Таван толгой” компанийн 1,072 ширхэг хувьцаа өгсөн.
Тэгвэл эрх баригч нам, мөн УИХ-ын дарга З.Энхболд Таван толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа.
Тэрбээр хэвлэлд “Засгийн газрын бодож байгаа хувилбараар Таван толгой цаашид явахад хэцүү юм билээ. Үүнийг УИХ дээр ч би хэлж байсан.
Хүн бүрт “Эрдэнэс Таван толгой” компанийн 1,072 ширхэг хувьцаа өгсөн. Түүнийгээ “Сая төгрөгийн үнэтэй шүү” гээд зарлачихсан. Хэрвээ чи сая төгрөгтэй бол банкинд хадгалуулаад жилд 150 орчим мянган төгрөгийн хүү тооцуулна. “Эрдэнэс Таван толгой” жилд 150 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахгүй бол болохгүй болчхож байгаа юм” гэж ярьжээ.
Хөрөнгө оруулагч тал Таван толгойн ордын нүүрсийг олборлосныхоо төлөө “Эрдэнэс Таван толгой” компанид жилд 25 сая ам.долларын тусгай роялти төлөхөөр хэлэлцэж байгаа аж. Үүнийг төгрөгт хөрвүүлбэл 49 тэрбум болно. Гурван сая иргэндээ хуваавал нэг хүнд 16,500 төгрөг ногдох юм.
Өнөөгийн хэлэлцээрийн дагуу нэг иргэнд “Эрдэнэс Таван толгой” компани ийм ногдол ашиг тараана гэсэн үг. Их хурлын даргын ярианаас 150 мянган төгрөгийн ногдол ашиг тараах хэмжээний тусгай роялти төлөх консорциумтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаарддагатай гэж үзэж байгаа нь ойлгогдоно.
Ногдол ашиг бол хувьцааны нэг хэлбэрийн өгөөж мөн. Таван толгойн ордын өрсөлдөх чадварыг сайжруулсны дараа “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг олон нийтэд худалдвал чамгүй өндөр үнэ хүрнэ гэсэн таамаг бий. Таван толгойг өөд нь татсаны дараа иргэдэд олгосон 1,072 хувьцаа 1.5 сая төгрөг хүрэхийг хэн ч үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд иргэдэд ногдол ашгаас илүү өгөөж өгнө. Хувьцааны өгөөжийг зөвхөн ногдол ашгаар тооцох нь өрөөсгөл.
Хувьцаа зараад мөнгөө өөр зүйлд зориулах сонирхолтой хүн байж л байгаа. З.Энхболд даргын байр суурь Тавантолгойн хэлэлцээгээ зогсоох гэж шидсэн чулуу болов уу.
Таван толгойг өөд нь татсаны дараа иргэдэд олгосон 1,072 хувьцаа 1.5 сая төгрөг хүрэхийг хэн ч үгүйсгэхгүй.
Ер нь Таван толгойн хэлэлцээг үргэлжлүүлэх улс төрийн хүсэл сонирхол хомс байна. Улстөрчид хоёр тал болчхоод мэтгэж сууна
Хэлэлцээ хийх ажлын хэсгийнхэн болон Засгийн газар уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгвэл нөгөө тал нь гэрээний заалт бүрийг нарийн нягталж хэлэлцэх сонирхолтой байгаа сурагтай. Гэтэл ажлын хэсгийнхэн гэрээний төслөө нууж байгааг эх сурвалж дуулгав. “Energy resources” биш Хонг Конгт бүртгэлтэй ММС компани гэрээ байгуулах гэж байна гэх мэт үнэн худал нь ул мэдэгдэх мэдээллүүд нисэх юм.
Тэгвэл юу үнэн бэ? Таван толгойн орд улс төрчдийн популист санаануудын золиос болж буй нь үнэн. Таван толгойн ордод дулдуйдаж сонгуулийн амлалтаа биелүүлэх гэсэн санаархал энэ ордын хувь заяаг буруу тийш нь хөтөлсөн, барьцаанд тавьсан. Нэгдүгээрт, Засгийн газар тараах бэлэн мөнгө олох хэрэгтэй байсан. Тиймээс нүүрс нийлүүлэх гэрээ хийж “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлсэн.
Хоёрдугаарт, “Эрдэнэс Таван толгой” хувьцааны үнэлгээг өсгөх шаардлагатай байсан. Ингээд “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ хийсэн юм. Тухайн үеийн эрх баригчид 2012 оны сонгуулиас өмнө “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг зах зээлд гаргах сонирхолтой байсан гэдэг.
Монголын төр энэ компанийг, Таван толгойн ордыг бизнесийн нүдээр огт харж байгаагүй. Улс төрийн хар хүчээр далайлгасаар ирсэн. “Эрдэнэс Таван толгой” компанийг байгуулсан боловч Хуулийн этгээдийн газарт бүртгүүлэлгүй нэлээд удсан. Уг нь бизнесийн байгууллагыг бүртгүүлэхдээ хувьцааг нь давхар бүртгүүлдэг.
“Эрдэнэс Таван толгой”-г 15 тэрбум хувьцаатай байлгах шийдвэр гарсан ч бүртгүүлээгүй байгаа. Тиймээс “Эрдэнэс Таван толгой”-н тайлан балансад 15 тэрбум хувьцаа бичигддэггүй. Монголчуудын эзэмшиж буй 1,072 хувьцааг “амилуулах” анхны алхмыг хийгээгүй гэсэн үг.
Зэрэглээ хэмээх байгалийн үзэгдэл бодит зүйлийг барим тавим болгож, хийсвэрлэн харагдуулдаг. Таван толгойн ордын хэвлийд зургаан тэрбум тонн нүүрсний нөөц бодитоор бий. Гэвч үр ашгаа өгөх эсэх нь Монголчуудын өөрсдийнх нь үүсгэсэн зэрэглээнд сүүмийж байна. Бидний ороо бусгаа олон санаа Таван толгойг зэрэглээгээр дайвалзуулсаар байх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
