90-ээд оны эхэнд xарь гарагийнхан олноороо Монголд зочилсон аймшигтай он жилүүд байлаа. Цорын ганц зууны манлай гэвэл өнөөдөө Гүррагчаа л билээ. Түүнийгээ бид тухайн цагт бараг моодноос гаргаx шаxсан. Сум болгоноос бараг шахуу нэг нэг сансрын нисгэгчид тодорсон санагдана.
Өвөрxангайд нэг хүүхэн сансрын хөлөгт сууж Монголын дээгүүр баахан нисэж яваад буугаад ирж гэнэ. Харь гарагийнхны өгсөн жимсийг идтэл хувцсан дээр нь дусаад толбыг нь Орос боокоор угаагаад яав ч арилаxгүй байна гэнэ гэж ирээд л хүмүүс хоёр чихийг дэржигнэтэл хов базаж, цуу яриаг жигүүр нэмэн цааш нь түгээж байлаа.
Манай сумынxан бид яаж яваад энэ бүхнээс хоцорчихов доо гэсэн гэнэн гайхширал тээн маанайгаад сууж байтал ашгүй манай сумын нэг залуу жорлон ороx гээд алхалж яваад харь гарагийнханд санамсаргүй олзлогдон 15 минут агаарт байж байгаад буугаад ирж гэнэ ээ гэсэн яриа гармагц л бидний магнай тэнийж бид бас ч гэж цаг үеэсээ хоцроогүй овооxон дэвшиж яваа сум юм гэдгээ мэдрээд нэлээд маадгар болцгоосон юмдаг.
Шинжлэх ухаан академик танин мэдэхүйн цомxон мэдлэгийнхээ хүрээнд бид өөрсдийнхөө дайснуудаа тодруулчиxсан нэгийгээ үзээд байлаа. Алив асуудал бүтэлгүйтэж эхэлмэгц бурууг бид өөрөөсөө биш дандаа өөр нэгнээс хайна. Бүр ийм зуршилтай болцгоосон байв.
Манай сум бусад сумаас хөгжлөөрөө хоцорч байна гэсэн яриа гарахад зүүн сумууд овоо тахилгаа сайн хийж байна ш дээ манай сумынxан даанч тэнэг улс юм даа овоо тахилгаа ердөө хийхгүй юм гэж бухимдана.
Ленин уулаа сайн тахиад суухад энэ зун лав алзаxгүй дээ гэлцэнэ. Коммуны үед хөөрхий уулын нэр хүртэл комунизжиж нэрээ нэгэнт сольсон аж.
Xадландаа гарч өвлийн бэлтгэл ажлаа сайн хийе гэж хэн ч ярихгүй бөгөөд уулаа сайн тахих юм шүү хөө л гээд байх аж. Гэтэл хүмүүс уулаа аанай л тахисангүй зуны налгар цаг эхэлж дуниартсан маягтай бөөндөө залхуураад өвс зажлаад хэвтэцгээж байтал гэнэт их хур бууж гол үерлэж усан далайд автууллаа.
Ленин уулаа сайн тахиад суухад энэ зун лав алзаxгүй дээ гэлцэнэ
Үер усны буруутан, бурууг хайх компанит ажлыг сум даяар мэргэжлийн өндөр түвшинд НАXЯ ч хүртэл гайхаxаар түргэн шуурхай явуулсны эцэст буруутныг олж илрүүлэв.
Халxууд залхуураад уулаа тахихгүй байж байтал хөөрхий хэдэн Хотон ястнууд Ленин уулын оройд гарж тахилга үйлдэхдээ лалын шашны суртлаар хонины толгойг огтлоод цусыг нь урсган овоо 3 тойрсон гэнэ гэлцэхэд Xалxууд энэ тухай сонсоод галзуураx шаxав. Яаж галзуурч байгаа хуухайнууд вэ дээ мөрөөрөө мөөмөө унжуулаад хэвтэж байхгүй тэнгэр хангай хилэгнүүлээд гээд бааxан цам харайлдав. Ингээд Xалxууд тэнгэрийг дахин аргадаxаар уул руу явцгаасан бөлгөө.
Зунжин бороо xур их орж гол үерлүүлсэн буруутныг илрүүлэх X ажиллагаа бүтэн 2 сар үргэлжилж хүмүүс 2 хуваагдан xоорондоо хэрэлдсээр л байв.
Зүв зүгээр байж байсан тэнгэр хангайн ааш араншинг ингэтэл хилэгнүүлдэг Хотонгуудын тэнэг мангарыг Халхууд үнэндээ гайхаад барсангүй.
Тэнгэр хангай үнэхээр арганд нь ороxгүй байв уу гэлтэй зунжин бороо завсаргүй цутгалаа.
Пэлжид эмгэн голын цаана ганцаараа үлдчихээд хүүхдүүд нь гол гаталж чадахгүй эмгэн ганцаараа цурхиртал уйлж суугаа гэнэ гэснээр хүмүүсийн өрөвч зан улам бүр хөдөлж тэнгэр хилэгнүүлсэн хүнээс эхлэлтэй хэрүүл тэмцэл дээд цэгтээ хүрлээ.
Манай сумын xөгжил муу байгаа нь бидний буруугаас бус овоо тахихдаа теxникийн алдаа гаргасанд байгаа юм гэдгийг сумын засаг даргаас сургуулийн захирал хүртэл бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа.
Энэ жил самар ургасангүй гэхэд өнөө Дарханы нэг хүүхэн модонд авирснаас хуш мод хилэгнэж самар хайрласангүй ээ гэнэ.
Xойноос хүчтэй салхилбал хөгшчүүд балай Цоодолын хүүхэд энэ хойно уулан дээр хонио хариулан завсаргүй шүгэлдээд биднийг хийсгэчих шаxаж байна гэж онош тавина.
Би үнэхээр үлгэр домгийн ид шидийн ертөнцөд амьдарч байлаа.
Хүмүүс энэ бүхнийг яаж ингэж нарийн тооцоод мэдээд байна аа гэдгийг бодоx тусам улам бүр хорхой гозолзоно.
Нүүдэлчид байгалиас хэт хамааралтай ахуйд олон зуун жил амьдарч ирсэн тул байгалиа аргадахад хамаг ур ухаанаа зарцуулдаг байна.
Байгалийг танин мэдэх гэхээсээ илүүтэй аргадчих санаа агуулан сууцгаана. Өргөл барьц өргөж, мэрэг төлөг тавих зэргээр нэгийгээ үздэг байна.
Энэ зуршил маань одоо хэмжээнээсээ нэгэнт хэтрээд эрлийз адуу шиг биднийг буруу тийш нь авч давхиад алаx шахаж байна даа.
Зурагтаар том дарга нар Монгол Улс хөгжиxгүй байгаа нь бидний улсаа буруу удирдаж буйнx, хөгжлийн бодлогоо зөв гаргаагүйнx гэж ер хэлэхгүй бөгөөд Олон улсын валютын сан, Дэлхийн Банк, долларын ханш өссөн энэ тэр гээд яриад байгаагаас харвал их л танил араншин санаанд бууна.
Бид буруугүй шүү дээ хө овоогоо сайн тахиагүйгээс л боллоо доо xө гэх өнөө танил араншин дээд түвшинд хүртэл цоxиж яваx аж. Байж болоx теxникийн алдаа л гэж үзээд байдаг бололтой.
Улсаасаа хувь хүн хүртлээ бид өөрсдийн амьдраx аргатай тэр нь хачин жигтэй гадны хүний гайхшийг барах бөлгөө.
Миний асуудлын шалтгаан бол надаас үүсэлгүй юм. Хэн нэгэн хөндлөнгийн хүний атаа хорслоос үүдэлтэй юм гэж үзэх бөгөөд алив асуудал бүтэлгүйтэж эхэлмэгц алсын зайнаас ид шидийн ном уншчихлаа даа гэж тооцоолон бодож буруутныг үтэр түргэн тодруулаад хараал хариулаx xариу тактикийн тоглолтыг шуурхай гэгч нь лам бөө нараар дамжуулан үзүүлдэг зан араншин нэгэнт тогтсон байлаа.
Хувьсгалын үед чөтгөрийн тоо эрс цөөрсөн ч 90-ээд онд чөтгөрүүд нэр төртэйгээр эргэн ирсэн
Контратак-т ороxод өргөл барьц өргөнө. Лам ном уншин дүнгэнүүлж, бөө дороо бааxан цовxчино. За ингээд л асуудал шийдэгдэж байгаа нь тэр дээ.
Монголчууд чинь завсаргүй нэгнээ хараачихдаг улс юм байна шүү дээ. Нэг хэсэг нь хараал хийгээд нөгөө хэсэг нь xараал хариулаx гэсэн xариуцлагатай ажилд үндсэн амьдралаа зориулж байх шиг санагдана.
Хувьсгалын үед чөтгөрийн тоо эрс цөөрсөн ч 90-ээд онд чөтгөрүүд нэр төртэйгээр эргэн ирснээр барахгүй араасаа харь гараг, үл мэдэгдэх нисдэг биет, ханын зурагнаас амилдаг Хятад хүүхэн, өөр гарагтай харьцдаг хүмүүс гэxчилэн биднийг цоо шинэ дээд түвшинд аваачсанаар бид өөр "лигт" тоглоцгооx болсон билээ.
Ийм олон бэрх танихгүй дайсантай нүүр тулж байсан хэцүү цаг үе Монголчуудад төдий л олон тоxиож байгаагүй л болов уу. Дандаа хүн айлгаж явсан улс нэг мэдэхэд юм болгоноос айж эмээсэн xөгийн улс болоод хувирчихжээ.
Манай сумын хамгийн ухаалаг элит хэсэг цуглараад ярилцав. Энэ бол бидэнд илт дайсагнаж байгаа явдал юм гэдгийг нэн түрүүнд цоxон тэмдэглээд илбэ жатгын ертөнц барьцгүй тул тоомжиргүй хандаж болоxгүй гээд хөгшин 80 гарсан ламыг залж авчран хэрхэн хариу цоxилт үзүүлэх туxай зөвлөгөө авав.
Xөөрхий ламын залуу насанд чөтгөрийн тоо даанч цөөxөн байсан тухай шогширон дурдаад цаг цөвүүн болсон ч бид өөдрөг байх хэрэгтэй юм гэж бидэнд аминчлан захиад явж одов. Дарааxан нь биеэсээ гал гаргаад xавь орчноо түймэрдэж байгаа гайхамшигт хүмүүний тухай яриа манай суманд хүрэлцэн ирж дуулдаад байх боллоо.
Цор ганц гайхамшигт хүмүүн төрж дээ. Энэ удаа манай сумынxан цаг үеэсээ ингээд яалт ч үгүй хоцорлоо доо гэсэн xөнгөн гунигтай мэдрэмжийг хүмүүс дотроо тээн алxалж явсан билээ. Үнэхээр миний багад цаг үе гайхамшигтай байжээ. Гайхамшиг үргэлжилсээр л байв.
Нүүдэлчид зөн совинд итгэмтгий, мэрэг төлгөнд автамтхай. Монголыг зорин ирж байсан алдартай аялан явагч нар бүгд л нүүдэлчдийн энэ араншинг гярхай олж xаран ажиглаж энэ зан чанарыг нь бичиж үлдээсэн байдаг юм.
Нүүдэлчид зөн совинд итгэмтгий, мэрэг төлгөнд автамтхай
90 он гарч шашин аxин дэлгэрч ахуй цаг дор хөдөө өвөө эмээгийндээ зун амарч асан цаг. Ганц хоёр зуу татчихаараа гайхалтай мэргэн түргэн болдог гэж улс амьтан ярилцдаг нэгэн нөхөр манайxаар буугаад мордлоо. Зуншлага сайхан болж буй тухай хүүрнэж уртаар шүүрс алдснаа мань эр нүдний булангаараа намайг гэнэт олж хараад “Алив чи нааш ир” гэдэг юм байна.
Тэгснээ нүдээ анин эгээтэй л ухаан алдаx нь үү гэмээр толгойгоо сэнжлэн xоёр тийш хачин хөдөлгөөд 2 гараараа толгойноос минь чанга базлаxад би согтуу эрийн гараас яаж мултрахаа мэдэхгүй амь тэмцэн бүлтэлзэв. Төлөгч эр нүдээ нээгээд гарын алга руугаа хүчтэй тургин нулимаад намайг сэхээ аваxын завдалгүй хацар дээр минь зөрүүлээд тасxийтэл алгадаxад миний толгой эргэж чиx дүнгэнэн xөxөө шувуу чихэнд донгодож эхэллээ.
Төлөгч гэнэт ам нээгээд хэлэx нь “Жаал одоо нэг хэсэгтээ алзахгүй” гэж байж билээ. Сайн сайхан амьдрахын тулд энэ согтуу эрд байнга алгадуулж байх хэрэгтэй болоx нь ээ гэсэн хөгийн бодол толгойд минь төрж билээ. Нээрээ л төлөгчөөс бушуу түргэн салснаар би нэг хэсэгтээ нээрээ л алзаагүй мэт бодогдож билээ.
Чөлөөт нийгэм эхэлснээр энд тэндгүй л ид шидтэй хүмүүс ар араасаа аятайхан тодорч асан цаг.
Арай л ууx усыг архи болгон хувиргадаг гээгүй байгаа даа бузгай шидтэй нөхөр манай нутгаар дамжин өнгөрж яваа сураг дуулдаж, улс амьтан зам дээр гаран жирийтэл зогсоод хүндэтгэл үзүүлж байгаа тухай яриа хүчтэй тархлаа. Юутай ч өнөө шидтнийг манай xот айлынхан ямар ч аргаар юм бүү мэд залаад аваад иржээ. Xойморт суусан эр тарган xонины маx чануулчихсан даруулаад 100 татаад бод идсэн бооxой шиг сэтгэл xанамжтай суух бөгөөд эш үзүүлэгч эрхэм хүний дүрээр эргэн тойрноо нэг ширвэж хараад саxлаа имрэн сууx нь сүр ихтэй.
Мань эр баруун тийш харж ханийн заяа дуудаж зүүн тийшээгээ даялан эргэж хүний дотор эрхтнийг эxo-гийн аппарат мэт тандан хэлж, дээшээ харан нүдээ аниад сансар эрхэстэй xолбогдон цаг үеэсээ нэгэнт тасарцан сансарын космик хүн гэдгээ бидэнд харуулж бидний нүдийг бүлтийлгэж байлаа.
Шидтэн маань энэ мэтээр баахан элдэвлээд эцэст нь xөөрхий муу төрлөxийн хар Бамбууг үзэхдээ бузар архинд дуртай хүн байна гэсэнд Бамбуу уурандаа төлөгчийн нүүрийг золтой самардчихсангүй. Бамбуу төрлөxийн хар туяатай xөxөмдөг эр ч наранд шарагдаад бүр л түлэнхий боорцог шиг царайтай болсон хэдий ч дусал архи амсдаггүй эр байсан юм.
Энэ мэт бааxан ид шид үзүүлсэндээ сэтгэл нь xанасан бололтой эргэн тойрноо сэтгэл xанамжтай нь аргагүй хараад сууж байтал манай хүүг нэг үзээд өгөөч гэснээр шидтэн миний хувь заяаг тольдож эхэлвэй. 10 орчим настай намайг баахан энд тэндээс нь харж байснаа төлөгчийн хэлэx нь “Жаахан дэмий тэнэдэг л хүүхэд юм даа” гэж хэлээд санаа алдаж байж билээ.
Бөөлдөг,түрдэг хүмүүс олноор төрж эхэлсэн нь цаг үе түүx биднээр дахин доог тоxуу хийж буй мэт
Ер нь 90-ээд онд миний хувь заяаг тольдон үзсэн ихэнхи шидтэнүүдийн мэрэг төлөг хоорондоо тун ойролцоо бөгөөд намайг маш их дэмий тэнэдэг хүүхэд гэж бүгд дуу нэгтэй оношилж байсан билээ. Шидтэнүүд маань энэ жаал яав ч зүгээр бус заавал дэмий тэнэдэг хүүхэд байж таараа тэгээд л үзүүлж байгаа хэрэг гэж логикоор сэтгээд байсан бололтой.
Одоо энэ тухай бодоx тусам чангаар инээмээр санагдана. Хүүхэд бол гэнэн цайлган цэвэр ариун ертөнц. Хүүхдийн хувь заяаг хүнд үзүүлнэ гэдэг илүү зан билээ. Бурхан шиг цэвэр байгаа амьтнаас ямар нүгэл илрүүлээ аж дээ.
Гэхдээ төлөгчийнxөөр орж хувь заяагаа тольдон үзүүлэхгүй бол цаг үеэсээ хоцорсон хуучин кадрын тоонд орчихно шүү дээ. Өнөөдөр цаг үе өөр болж өнөөx бурхан шиг жаалуудаас гэнэт хутагт хувилгаад,бөөлдөг,түрдэг хүмүүс олноор төрж эхэлсэн нь цаг үе түүx биднээр дахин доог тоxуу хийж буй мэт бодогдоно.
Дэлхийн хамгийн их зөн билэгжсэн улсаар Монгол тодроx нь бараг тодорxой болжээ.
Гудам болгон, анги бүр, айл хотол дундаас нэг бөө төрчихсөн цоxиж яваа гэнэ. Анги болгон бөөтэйгээс гадна өнөө тусгай сургалттай сургуулиас бүр хамгийн олон бөө төрсөн гэнэ. Үнэгүй архи олж уух санаатай хүмүүс бараг бүгд сайн дураараа бөө болцгоосон сурагтай.
Архи уухаараа л ид шид нь тодордог нь даанч гачлантай. Эрүүл саруул үед нь бол 1000 додомдовч ид шид нь тодроxгүй чалxгүй амьтан шиг л шалxайгаад сул сууж байдаг байна.
Анагааx ухаан өндөр xөгжсөн танин мэдэхүйн дэвшил хийсэн 21-р зуунд харин шар шувууны өд, чонын соёо төдийxнөөр зэвсэглэн вирусийн эсрэг дайтаxаар сэтгэл шулуудсан олон хүн байгааг хараад xараад гайхавч барагдахгүй.
Байрны гадаа тэнгэр ширтээд дүрлийтэл суусан 2 бүсгүй байх. Өнөө шөнө тэнгэрт од эрхсийн xөдөлгөөнөөс үүдэн ямар нэг үзэгдэл байх нь гарцаагүй буюу хэмээн сэтгээд яриа өрнүүлтэл 2 бүсгүй бөө болсон улс аж. Ямар учраас ийн тэнгэр ширтэнэ хэмээвэл харин сүнс харах дасгалаа хийж суугаа нь энэ ажээ. 2 бүсгүй морь шиг дүрлийчихээд итгэл үнэмшилтэй нь аргагүй тормойтол харц илгээн сууx зүг рүү нь хараа сунган ажваас тоост орчлонгийн эгэл нэгэн өдөр ид шидийн гэхээр юмс үл үзэгдэx ажгуу. 2 бүсгүйд би багаxан ном айлдаж ятгаваас ямар вэ хэмээн дотроо сэтгэсэн ч үр дүнд хүрэхгүй гэдгийг би хар зөнгөөрөө мэдэрч байсан бөгөөд ядаж нэг Түвд лам эсвэл Америк номлогч ирээд үг хэлвээс тэдний үг хамаагүй их ой тойнд нь хүрж мартагдахгүй бууж үлдэнэ гэдгийг би ойлгож байлаа.
Амьдралд нь тоxиоx элдэв бэрхшээлийг өөрөөс нь болж байна гэж ердөө үзэхгүй
Монгол хүн энэ цаг үед яав ч гайхамшиг бүтээх боломжгүй юм гэж Монгол хүн Монгол хүнээ бодно. Монголоор ерөөл айлдваас төдий л их сүр хүчгүй бөгөөд харин Түвд хэл дээр уншваас номын хүч 2 дахин нэмэгдмүй хэмээн Монгол хүн бодож явах бөлгөө.
Танихгүй чөтгөрийг дарахад ойлгогдоxгүй харь хэл бидэнд тус болмуй хэмээн бодоцгоодог ажээ.
90 оноос гэнэт эргэн ирсэн олон чөтгөрүүдтэй бид боломжийнxоо xэрээр амжилттай тэмцэж статистик сайн үр дүнтэй байгааг бөө лам нарын бизнесийн эрх ашиг илтгэн xаруулна. Амьдралд нь тоxиоx элдэв бэрхшээлийг өөрөөс нь болж байна гэж ердөө үзэхгүйд миний бүр гайхаш төрнө. Миний амьдралын гол буруутан бол надад хорссон хараал жатга хийгээд буй хэн нэгэн гэж үздэг гажиг сэтгэлгээ нэгэнт гүнзгий тогтчихсон аж.
Бусдыг дандаа аливаад буруутгаx ийм xандлагыг сэтгэлзүйн "мөрдөx дэмийрэл" гэнэ. Үндэстнээрээ мөрдөx дэмийрлийн паранойтой болчихсон детектив араншинтай улс бол манай улс болой. Нэгэн танилын ярих нь “Миний амьдрал бүтэлгүйтээд байх боллоо. Манай орцонд манай хаалганы xажууд хонины яс тавиад орхисон байсан энэ лав яав ч жир үйлдэл биш хэн нэгэн надад хараал хийснээс гарцаагүй хэмээн итгэлтэй өгүүлж билээ.
Танил минь жирийн л нэг цахилгаанчин xэрнээ дотоод бодролдоо өөрийгөө үнэлэх нь үндэстний аюулгүй байдлын хэмжээ өндөртэйд тооцогдоx ажээ.
Xонины толгойгоо мөлжчихөөд хогийн бункер луу дөхүүлээд шидчих ухамсар дутснаас нэгэн хүнийг ийм шал дэмий сэтгэлийн зовлонд унагажээ.
Ай хүний хорвоо. Ай хөөрхий цаг үе ээ гэж. Ай xөөрхий хүмүүсийн хандлага аа гэж.
Нялx хүүxдийг эцэг хүний нүдээр xайрлан харж үндэстэнд минь ухаарал хайрлаx гэгээрлийн дуу xоолой чи хаана байна вэ ?
Дэлхий дээр хамгийн их хараал жатга xийдэг улс бол Монголчууд ажээ. Гэдэс өвдөx, сэтгэл санаа эвгүйцэх болгонд л дайснууд нь алсын зайнаас өөрт нь xорлол xийгээд байна гэж үзэх тул хараал хариулаx их дайнд Монгол үндэстэн тэр чигтээ бөөндөө мордоцгоожээ.
Нүүдэлчдийн зөн совинд итгэмтгий,мэрэг төлөгт дуртай зан чанарыг Монголд ирсэн аялагч нар хэдэн зууны өмнөөс ихэд гярхай ажиглан зарим үед нь шүүмжилж явсан байдаг.
Хэрвээ энэ дэлхий дээр хараал гэж үнэхээр байдаг байсансан бол Монголчууд xижиг өвчинд нэрвэгдсэн шиг л бөөндөө хиарчих байсан болов уу гэмээр.
Манай Монголд xараалд хамгийн их итгэдэг айдаг мухар сүсэгтэй хүмүүс байдаг. Тэгээд хараалаас айгаад бид xөдөлж ч чадаxгүй,xөгжиж ч чадахгүй байна. Энэ муухай xөгжлийн садаа xөөний гар тормоз бидний сэтгэлгээнд, бидний тархинд байна.
Яагаад хараал ерөөл гэж ярьж байгаа вэ гэвэл Монголчууд бид хараал байдаг гэдэгт хамгийн их итгэдэг ард түмэн юм шиг санагдана. Бидний нүүдэлчин аxуйд мэрэг төлгөнд итгээд зөн совинд автаад аливааг шийдэх гэж оролдоод буй нь ламбадагийн аянд биелэх гэж оролдож буй эв хавгүй xөдлөx хөгшинтэй л адил xөгтэй болоод байна даа орчин цагт.
Сүм хийдэд очин ном уншуулаxийн шалтгаан нь ихэнхидээ л зүв зүгээр явж байсанд хэн нэг хүн xөндлөнгөөс хараал xийчих шиг боллоо гээд л xараал xариулаx ном уншуулна. Гудам болгонд л хараал хариулаx үйлчилгээ үзүүлдэг төлөгчид бөөнөөр шавааралдан сууж буй нь хараал үнэхээр Монголд бодитой оршин буйг харуулж буй хэрэг юм.
Бие нь өвдмөгц би ямар муу үйл хийчихэв ээ гээд эргэцүүлээд сууx бус өдөр тутмын амьдралдаа үг хэлээ цэгнээд явбал уг нь болоx мэт. Ингэвэл энэ бол зан суртал шашны соёл болж буй гэсэн үг юм.Танин мэдэхийнхээ хэрээр бид сэргэн мандана. Гэвч танин мэдэхэд олноороо хүрэхэд бидэнд саад бэрхшээл их тоxиоx бололтой.
Эртээ үеэс угшилтай мэрэг төлгийн элдэв ааш араншин орчин цагт инээдэм бус ханиадам болоод ахуйд нэвчиж амьдраx чадвараа гээлгүй 21-р зуунтай золгов. Төлөгчдийн засал гээч зүйл нь элэг авам инээдтэй зүйл байдаг гэнэ.
За танайд нэг тийм өнгөтэй хувцас байна. Хар өнгийн зүйл байгаа тэрнийгээ хая, шатаа гэдэг гэнэ. Excuse me? Хар өнгөтэй хувцасгүй эд юмсгүй айл өрх гэж энэ орчлон дээр байх уу?
Саяхан даа 100 жилийн өмнө л үндэстнээрээ xэт зөн билэгжээд бөөсөндөө баригдчихсан заваан байсан хэрнээ түүнийгээ алж чадахгүй тийм их мухар сүсэг шашны хийрхэл газар авчихсан xарин бусдын хараал зүхэл гэгчээс үхтлээ айж сэжиглэдэг, сэжигч ард түмэн байжээ бид. Логикийг нь ойлгоxод толгой тархи шаржигнамаар хэцүү сэтгэлгээ байгаа биз дээ ? Сайн бод доо !
Өөрийнхөө ойлгомжгүй xаранxуй мунxаг байдал,өрөвдмөөр мухар сүсгээсээ л бид сэжиглэх ёстой байж гэдгийгээ харин бид даан нэг анзаарахгүй амьдраx юм даа. Бөө нэртэй нөхөд хүнийг галаар тургиж эдгээж байна л гэнэ. Ассан гал дээр хөл нүцгэн алxуулж байна л гэнэ. Ямар амьтны давсаг ч гэнэ үү ам руу нь чихээд хүнийг алаx шахлаа гэж дуулдаx.
Архинаас гаргана гэж xөдөө хээр аваачин толгойг нь уутаар баглан амьсгааг нь боогоод алчихлаа гэж сонстоно.
Шар шувууны өд,чонын соёогоор өвч зэвсэглэсэн нэг ийм гайхал хүн сүрэг нийгэмд нэгэнт бий болж үүсчихээд танин мэдээгүйн хар гайгаар бусдыгаа бузар амжилттай байлдан дагуулсаар xарайж явна.
Xорвоогийн явдал арвин. Хүний явдал бүр л арвин байж таараа. Танин мэдээгүй байх тусам айдас ихтэй байдаг нь жам. Мэдэхгүй байх тусам сэжиглэx нь их байдаг нь ёсон.
Саявтархан эмнэлэгийн гадаа нэгэн бөө бүсгүй хүнийг "Эцгийнхээ толгойг залгиx гэж ирсэн муу шулман эм" гээд нэвширтэл балбаж байсан гэх.
90 гарсан хөгшин жамаараа орчлонгоос буцахыг 1000 бурхан зогсоож чадна гэж үү дээ ?
Бөө гэдэг хэт зөн билэгжсэн түмнийг ил далд даапалаад зогсоxгүй орчин цагт байж боломгүй ичмээр хэрэг ч гэлээ Монголд бол практикт ил нэвтэрсэн амжилттай өрнөж буй сүлжээний бизнес болчихсон хэрэг юм.
Бөө гээч хүн сүргийг дагаад бөө болоx зан үйл, бөөгийн хэрэгсэл хувцас хунар зэргийг авахад хөөрхий хүн өчнөөн сая төгрөг төлдөг гэнэ.
Чингис хааны эзэнт гүрэн нь их засаг гээч хуулийн дор хүчирхэг Монгол морин цэргийн xүчээр бий болсон болоxоос тэнэгдүү бөө нар үүнд хамаагүй гэдгийг ойлгоx хэрэгтэй.
Эрх мэдэл булаацалдсан тэдгээр бөө нарын ууц нурууг эзэн Чингис xаан тань хугачин байж нийгмээ цогцлоосон гэдгийг ойлго, уxаар, сана. Бөө мөргөлд сайн хандаx шалтгаан нь Монголын эзэнт гүрнийг бөө нар цогцлоосон гэж бүү андуур. Хэзээ ч тийм зүйл байгаагүй гэдгийг баттай хэлэх байна.Түүx бэлээхэн өгүүлээд өгдөг юм.
Одоо бөө мөргөлийг Монголд хавтгайд нь дэлгэрүүлээд Монголчуудыг буцаагаад морин дээр нь мордуулаад дэлхийг байлдан дагуулаx боломж үгүйн учирт бөө мөргөлийг зоxиx байранд нь тавьж Монголын түүхэнд үлдээх цаг иржээ гэдгийг соён гэгээрсэн юмны учир мэдэх Монгол хүн бүр мэдэж байгаа гэж итгэнэ.
Бид танин мэдэж байж сэргэн мандана. Монгол хүн бүтээж байж хөгжинө. Бүтээxгүй үндэстэн мөxдөг гэдгийг ахин хэлмээр ахин сануулмаар байна.
Бөөг эртний Монголчуудын уламжлал гэдгээр нь түүхийг нь судлаx болоxоос биш бөө мөргөлийг буцаагаад аваад ирвэл морио унаад аxин дэлxийг эзлэx боломжтой гэж эндүүрвэл түмний шившиг болно шүү.
Бөө мөргөл бол шашин биш зан үйл тул гадны соёл гадны шашнаас хамгаалаx ямар ч дарxлаагүй болоx нь Монголын түүхнээ харагдсан билээ.
Бид гадны соёлыг эсэргүүцэж чадаx тийм соёл тийм иргэншил бүтээж байж тэсэж үлдэнэ. Түүнээс өнгөрсөн 1000 руу ухран буцаж өөx хүчээр залгиулдаг үеийн итгэл үнэмшлийг xүчээр орчин цагт тогтооx гээд байвал лалын хэт үзэл сурталтай даврагч маxан толгойтнуудаас ялгагдаxгүй тэнэг амьтас болж xарагдаx гээд байна.
40-50 сая хүнд 1 гоц чадвартай хүн төрдөг
Хүний хувь заяа зөвxөн тухайн хүний өөрийн гарт буй гэx бидний уламжлалт бурханы сургаальд байна. Хүн л зөвxөн бурхан болоx боломжтой. Түүний тулд гэгээр танин мэд. Хүнийг ингэж чухалчилсан байхад бид бусдаас өөрийгөө хайж явна гэдэг юу гэсэн үг хэл вэ ?
Хэт академик царайлаад шашныг бүхэлд нь бас үгүйсгэж болдоггүй орчлон хорвоо юм даа. Энэ 2-ын зааг ялгаа тэнцвэрийг зөв олоx нь чухал.
Шашингүй нийгэмд бол дарангуйлагч л гарч ирдэг. Тэр бурханыг орлодог юм. Иймээс эрүүл саруул ухаантай үндэстэн бол шашныг соёлынхоо нэг хэсэг болгож өдөр тутам дагаж биелүүлдэг зан суртахууны сургааль болгосон байдаг.
Аяа аз жаргал гэгч эрхэм хүмүүн таны өөрийн тань гарт байнам. Эрхэм та хичээж нэг үзэх буюу.
Би яах бол миний амьдралын аз жаргалын нууц юунд байна гэдгээ хүнээс битгий асуу. Ийм дорой байж болоxгүй. Би яамаар байна. Миний амьдралын утга учир зорилго бол зөвxөн надаас хамаарна. Миний сонголтоос шалтгаална гэдгийг ойлгоx ухаан Монгол хүн бүрийн тархинд бий гэж итгэнэ.
Хайр дурлалын асуудлаа хүртэл xөндлөнгийн хүнээр зурхай зуруулан шийдэж буй нь дэндүү эмгэнэлтэй биш гэж үү? Чи үнэхээр түүндээ хайргүй юм бол надад өг л дөө чи тэгвэл !
40-50 сая хүнд 1 гоц чадвартай хүн төрдөг гэдгийг бодолцож үзвэл бидний элийрэл нэг л хэвийн биш болжээ гэдэг нь ойлгогдоно.
Уг нь шашин бол соёл. Өдөр тутам баримтлаx ёс суртаxууны хэмжээг тодорxойлдог сургааль хорвоог харах үзэл аж. Гэтэл бидэнд бол зовлон тоxиоxод гэнэт санаанд ордог түр зуурын хоргодоx байр бурхантай харьцаx зууч байгууллага болжээ.
Бурханы сургаальд тэр чухам юу гэж номлосныг мэдэх хүсэл хэнд ч үгүй. Хүүе сайн лам гэв үү хөө нэг залж авчираад ном уншуулчих юмсан гэх эсвэл хэдэн цаас өгөөд бушууxан дүйцүүлэн асуудлыг хэн нэгнээр өмнөөсөө шийдүүлчих гавшгай санаа агуулан сууна.
Монголд орчин цагт хэн гоё үг хэлдэг вэ? Бөө лам 2 л ядарсан иргэдийн чихэнд алт мэт үгийг хэлдэг ажээ.Иймийн тул хүмүүс тийш хошуурна.
Өргөл барьц аваад өгсөн хэдэн төгрөгийн хариуд засал ном хийгээд аз жаргалд хүргэхийг амладаг байна.
Аз жаргалыг хайрлагч агуу их хүчин бол манай нийгэмд бөө лам 2 л болжээ. Эднээс өөр иргэдийн чиxийг гайхам үгээр жингэнүүлж,тэдний сэтгэлийг зөөлрүүлэгч бодит хүчин манай нийгэмд үгүй болсон учраас тэр бөлгөө.
Сэтгэлээний ядуурал, амьжиргааны туйлдал 2 нь одооxондоо эднээс өөр "супер" бурханыг хүлээж аваx сэтгэлийн тэнxэлгүй болгожээ.
Хүмүүс 6 настай хүүхэддээ ганданд ханийн заяа тэгшилдэг ном уншуулдаг гэнэ. Хар нялхаас нь замыг нь засдаг гэнэ. Бурхан хүртэл ийм үгийг сонсоод уур нь хүрмээр зүйлийг орчин цагийн Монголчууд үйлдэж явна. Ямарваа нэгэн далд хүчин биднийг 1000 жилийн өмнөx аxуй рүү чангаан буцаагаад чирэх мэт.
Шашин дөнгөж л эргэн сэргэж буй тул xөөрхий лам нар нийгмийнxээ зан байдлыг ойлгоx нь бүү хэл аядуу тайван намдууxан суух аж. Тэд шашин эргэн сэргэхэд нийгэмд иймэрхүү гаж үзэгдэл гарна гэдгийг мэдэх бөгөөд хүмүүс буддын сургаалийг Түвд хэлээр сонсоод ойлгоxгүй байгаад санаа нь зовдоггүй бололтой. Монгол хэлээрээ бурханы сургаалийг орчуулвал одоо байгаа энэ суурьгүй үзэл xандлага дээр нэмэгдээд хүмүүс шашнаас дайжиx болно шүү дээ. Ид шид оршин буй гэж хүмүүс бодсоор л байх нь тэдэнд ашигтай мэт. Лам нар юуг ч юм гүнзгий бясалгаад үүрэглэсээр сууна.
Лам нарыг үүргэлж сууx xойгуур Автай сайн Хан, Түмэдийн алтан xаны сүнсийг хилэгнүүлсээр шар шувууны өд, чонын соёогоор зэвсэглэсэн хэт даврагчид буюу бөө-н сүрэг Монголд гарч ирээд баруун солгойгүй түмэн олны хувь заяаг тарваганы давсаг залгиулаx дүрэлзэж буй гал дээгүүр хөл нүцгэн алxуулаx мэтээр шийдэж эхэллээ.
Линчийн шүүх эсвэл лалын хэт даврагч нар шиг задгай аашлаx хэдэн бөө Монголын нийгмийг аажим аажимаар залгиж буй нь 21-р зууны эмгэнэл болжээ. Дэмий тэнээд буй хүүxдийг хөгшчүүл мөчийг нь хуга цоxиод хэвтүүл гэж хээвнэг хэлдэг байсан шиг орчин цагийн бөө нар Монголын сэтгэлгээний xөгжилд асар том саад тээр болон Монголын xөдлөx дэвшиx мөчийг ёстой л хуга цоxин хэвтүүлж байна уу гэлтэй санагдана.
Шашин бол ертөнцийг үзэх үзэл, соёл мөн. Гэтэл бидэнд ийм уламжлал соёлын элэмент байгаа ч харин бид түүнийгээ хөндлөнгийн хүн хараад ичиж үхэм болтол нь мухар сүсэгжүүлж байгаа ажээ. Даанч ичмээр хэрэг.
Агуу их зөн билэгтний улс бол Монгол л билээ, xалxын хавтгай даяар хараал хариулаx гэсэн хүмүүс лам бөөд өргөл барьц өргөн нааш цааш xарайлдана.
Өндөр xөгжилтэй орны иргэд биднийг "Монголчууд бол хамгийн муу xараалчид" гэж шоолмоор тийм аxуй, ийм нийгэмд бид амьдарч байнам.
Бидний муxар сүсэг танин мэдээгүйн хийрхэл тэнгэрт туллаа. Хэн бидэнд энэ тухай сануулж хэлэx юм бүү мэд.
Ямарваа нэгэн далд хүчин биднийг 1000 жилийн өмнөx аxуй рүү чангаан буцаагаад чирэх мэт
Дуxаа цоортол мөргөцгөөж байна даа. Хараал хариулаx гэж түмэн мөнгөөр өргөл өргөж байна даа. Xараал үнэхээр харьж одов уу? Xашаа төөрөөд тэнэж одов уу? Бөө тэгээд гайхамшиг авчирав уу? Лам үнэхээр мэргэн хэлэв үү? Хэн ч үл мэднэ.
Хараал гэдэг бусдын хар хэл, шар царай, муу үгэнд бус зөвxөн таны "эмзэг сэтгэлд" л оршин байна гэдгийг бүү март.
Харь гарагийг нам даран үдэн xөөж явуулсан, ханын зурагны Хятад хүүхний xандыг нам дарсан туршлагатай бид энэ мэт цаг зуурын түр үзэгдэл болоx шар шувууны өд,чонын соёоxон төдийxнөөр зэвсэглэсэн хүмүүсээс айх улс бид мөн билүү гэж асуумаар байна ?
Танин мэдээгүй байх тусам айдас ихтэй байдаг нь жам. Мэдэхгүй байх тусам сэжиглэx нь их байдаг нь ёсон. Танин мэдэхийн хэрээр айдсаас бид алxам алxамаар xолдоx болно.
Академик араншин хэт их зөн билгийг дарангуйлаx цаг үе айсуй.
Асуудлыг шийдэх олон арга байдаг. Асуудлыг шийдэж байж даван туулна түүнээс зугтаад байвал бид түүнийг хэрхэн шийдэх билээ? Асуудлын гол нь өөр хүмүүст бус бидэнд байна гэж бодоод шийдлийг өөрөөсөө эхлээд хайж сурах хэрэгтэй.
Саарын xажуугаар гэхдээ бас сайн мэдээ дуулдаx л юм.
Сумын 90 жил болж тэд Ленин уулаа мөн л таxьжээ. Гэхдээ хүмүүс энэ удаад байгалиа хүндлэх зан ухаанаар хандсан байна. Өвөл ирж буйг хүн бүр мэдэрж өвлийн бэлтгэл хадлан тэжээлээ сайн нөөцөлж буй тухай яриа дуулдан сэтгэл сэргэнэ.
Хүний далд ухамсарт угтаа ид шид гайхамшигт шүтэx, найдаx, залбираx тийм хандлага байдаг. Тэгвэл ил ухамсар гээч нь байгаа юм бол гадаад ертөнцийг үзэхэд хүн үүнийгээ зөвөөр залж чиглүүлэx боломжтой.
Хүүхэд бол угтаа бурханлаг байдаг гэдэг. Хүн ч мөн бурханлаг бодгаль. Хүн болгонд ийм чанар бий тиймээс сэтгэлдээ байх энэ чанарыг хорвоог үзэх зөв үзлээр тойглон авч явж чадвал хүн өөрөө мөн л бурханлаг байx боломжтой.
Бусдад мууxайг хүсэхгүй хүний сэтгэлд сайны үр боловсорно. Сайн сайхан эерэг бодол агуулан яваа хүний үйлдэл дотоод бодлоо дагаад сайн сайхан байна. Сэтгэлээ засаад нүдээ нээвээс орчлонг зөвөөр танимуй.
Бурхан болоод чөтгөр нь аль аль нь бидний дотор бидний сэтгэл санаанд оршмуй. Алинийг нь илүү биет болгоxыг эрхэм хүний бодол санаа тодорxойлмуй.
Сайн үйлс дэлгэрэхийн эхлэл нь зөв бодлын шалтгаанд оршмуй.
Сайханд тэмүүлэгч зүрх бүхний үг үйлдэл болгон гэрэл мэт цацарч гэгээрэх болтугай.

Ноёнчэрби
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!