Moody’s: Оюутолгойн санхүүжилт эхэллээ ч эдийн засаг хангалттай сэргэхгүй
Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага болох Moody’s Монголын банкны тогтолцооны төлөвийн талаарх “Banking System Outlook: Mongolia” тайлангаа энэ сарын эхээр гаргалаа. Тус тайланд Монголын эдийн засгийн байдал ирэх нэг жил хагасын хугацаанд төдийлөн сэргэхгүй байх тухай өгүүлжээ.
Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан явдал болон макро эдийн засгийн хатуу бодлого явуулах зэргээс үүдэн Монголын эдийн засгийн өсөлт удааширна гэж үзжээ.
Тус байгууллага Монголын банкны тогтолцооны байдал мөн хугацаанд ерөнхийдөө сөрөг байх төлөвтэйг онцолсон байна. Moody’s Монголын банкны системийн төлөвийг сөрөг гэж үнэлэхдээ таван хүчин зүйлээр дүгнэжээ.
Үүнд:
- Үйл ажиллагааны орчин,
- Санхүүжилт болон хөрвөх чадвар,
- Зээлийн чанар болон хөрөнгө,
- Ашиг болон үр ашгийн үзүүлэлт,
- Тогтолцооны дэмжлэг зэрэг үзүүлэлт багтаж байна.
Харин эдгээрээс тогтолцооны дэмжлэгийг эс тооцвол бусдынх нь дүн бууралттай гарахаар байгаа ажээ.
Энэ хугацаанд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдсэн ч эдийн засагт хангалттай хэмжээний сэргэлт авчрахгүй бөгөөд цаашид гадны хөрөнгө оруулалтын урсгал мэдэгдэхүйц нэмэгдэхэд хугацаа хэрэгтэйг тайлбарлажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

