Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын түүхээр онлайн, нээлттэй хичээл явуулах төслийг танилцуулжээ

President.mn
2015 оны 3 сарын 12
President.mn
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өчигдөр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өлзийбаатар, МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.

Доктор Д.Өлзийбаатар залуучуудын эх түүхийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Монголын  түүхийн сэдвээр архивын материалуудад тулгуурлан 40 цагийн сонсдог  ном бүтээснээ Төрийн тэргүүнд танилцуулсан юм. Доктор Д.Өлзийбаатар залуучуудын дунд эх түүхээ мэдэх хүсэл сонирхол их хүчтэй байгааг дурдаад тэдэнд зориулж сонсдог цахим түүх бүтээсэн нь хандалт сайтай байна гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА, МУИС хамтран нийтийг хамарсан анхны онлайн нээлттэй хичээл хийх санал дэвшүүлээд байгааг энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцууллаа. Энэ жил зургаан цуврал хичээл явуулж, амжилтай болбол цааш үргэлжлүүлэхээр урьдчилан ярилцаад байгаа юм байна.

Сүүлийн жилүүдэд дээд боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход нийтийг хамарсан нээлттэй онлайн сургалт ихээхэн нөлөө үзүүлж эхэлсэн байна. Дэлхийн нэр хүндтэй их сургуулиуд зарим хичээлийг нийтийг хамарсан нээлттэй хэлбэрээр явуулж эхэлсэн нь их сургуулийн боловсролыг дэлхий нийтэд хүртээлтэй болгохын зэрэгцээ сургалтын чанарын стандартыг дэлхийн хэмжээнд тогтоох боломж нээж өгчээ.