Тэтгэврийн санг үе шаттай мөнгөжүүлэх шаардлагатай
“Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл ба тэтгэврийн зээл” сэдэвт уулзалт боллоо. Гуравдугаар сарын 9-ний өдөр болсон энэхүү уулзалтад Монголбанк,тэтгэврийн зээл олгогч ХААН, Капитал, Төрийн банк, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭ, Монголын ахмадын холбоо, "Шударга хүү хөдөлгөөн" зэрэг олон талын төлөөллүүд оролцсон юм.
Талууд "Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл"-ийн асуудлыг өргөн хүрээнд харж, олон талаас нь ярилцаж, үндэсний хуримтлалын тогтолцоог шинэ шатанд хүргэх, "орлого нь дутдаг - зарлага нь давдаг" арга барилаа хэрхэн өөрчлөх талаар санал солилцжээ.
Инфляцийн түвшин зээлийн хүүтэй шууд хамааралтай
Монголбанк тэтгэврийн зээлийн хүү буурах үндсэн шалтгаан нь инфляци буурах явдал гэж онцолжээ. Инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах хамгийн чухал хүчин зүйлсэд үндэсний болон өрхийн хуримтлалын тогтолцоо багтдаг ба энэ нь эдийн засгийн огцом савалгааг багасгах, урт хугацаатай мөнгө, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, санхүүгийн зах зээл хөгжих давхар боломж олгодог байна.
Иймд Монголбанк 2015 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд "Эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг үе шаттай хөрөнгөжүүлэх" зорилт дэвшүүлэн, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой бодлогын түвшинд хамтран ажиллаж эхэлжээ.
УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтраад шийдвэл дотоодын хуримтлалын тогтолцоог дэлхийн жишигт хүргэж, үе шаттай мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар инфляци зорилтот нам түвшинд байх эерэг хөрс бүрдэж, тэтгэврийн зээлийн хүү төдийгүй нийт зээлийн хүү богино хугацаанд буух боломжтой ажээ.
Ширээний ард суугаад шийдэж болдоггүй асуудал гэж байдаг
Монгол Улсын хэмжээнд 340 мянган иргэн тэтгэвэр авдгаас 190 мянга нь тэтгэврийн зээлтэй буюу тэтгэврийн зээлийн нийт багц 355 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг банкуудад нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн үлдэгдэл хөрөнгийг зохистой байршуулж, хариуд нь тэтгэврийн зээлийн хүүг 15 хувьд хүргэх боломжтой гэж Монголын Ахмадын холбоо, "Шударга хүү хөдөлгөөн" үзэж байгаагаа дахин илэрхийлсэн.
Харин зарим банкны төлөөлөл тэтгэврийн зээлийн хүү нь бусад ижил төрлийн зээлийн хүүнээс бага буюу сарын 1.5 хувь, дээр нь шимтгэл, хураамж авдаггүй болсон давуу талуудыг нь дурджээ. Мөн засгийн газар урт хугацаатай, бага хүүтэй эх үүсвэрийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор банкуудад байршуулсан тохиолдолд тус зээлийн хүүг бууруулж болох талаар саналаа илэрхийлсэн.
Гэхдээ энэ нь асуудлыг шийдэх гэхээс илүүтэй бусад хэрэглээний зээл тэтгэврийн зээл рүү шилжиж, зээлийн багцыг өсгөж, эрсдэлийг нэмэгдүүлэх тул эргээд банкны системээ эвдэх аюултайг санууллаа.
Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан "тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал өнөөдөр яригдаж буй сэдэв биш, олон жилийн өмнөөс хөндөгдөж, энэ чиглэлээр банкууд ч ажилласан.
Иймд зөвхөн нэг талын эрх ашгийг хөндсөн асуудлаар ширээний ард суугаад, шийдэлд хүрч болдоггүй юм. Тиймээс тэтгэврийн зээлийн хүү бууруулах асуудлыг захиргааны аргаар бус зах зээлийн зарчимд нь үлдээж өгнө үү" хэмээн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс хүссэн юм.
Уулзалтын эцэст нийгмийн даатгал, тэтгэврийн санг үе шаттай мөнгөжүүлж, тогтолцооны шинэчлэл хийх нь ойрын хугацаанд зайлшгүй шийдвэрлэх ёстой гэдэг дээр талууд санал нэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

