Хөрөнгийн Биржийн захирлаар хэнийг томилох вэ?
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэгч Сангийн Яамнаас тус биржийн гүйцэтгэх удирдлагын томилгооны талаарх саналыг биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн байна.
Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох бүрэн эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлд хадгалагддаг.
Хэдийгээр энэ сарын 6-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч эцсийн шийдвэр гараагүй завсарласан байна.
Хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоноор Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар нь өнөөдрийн байдлаар албан үүргээ үргэлжлүүлж байгаа талаар Хөрөнгийн Биржээс мэдээлсэн юм.
Харин түүний оронд хэн томилогдох нь тодорхойгүй байна.
Монголчууд Хөрөнгийн зах зээлээ шинэчилж өөрчлөх шаардлагатай гэж сүүлийн хэдэн жил ярьсаар байгаа ч Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлыг албан ёсоор томилолгүй жил гаруй хугацааг үдээд байгаа юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-аас Сангийн сайд "тодорсон" учир Хөрөнгийн Биржийн захирлаар ч МАН-ын гишүүн хүнийг тавихаар ярилцаж байгаа гэх хүн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

