П.Эрдэнэтуяа: Монголбанк ажилтнуудынхаа орон байрны асуудлыг Нийгмийн хөгжлийн сангаар шийдвэрлэдэг
УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкнаас ажилтнууддаа олгосон тусламжийн тухай мэдээ тарааж, албан тоот илгээж буйгаа өөрийн цахим хуудсаар мэдээлсэнтэй холбогдуулан Монголбанкны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Г.Уянга гишүүн Монголбанкнаас ажилтнууддаа олгосон тусламжийн талаар нийтэд мэдээллээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Г.Уянга гишүүний цахим хуудсаараа мэдээлсэн мэдээллийг бид харсан. Гишүүний албан тоот манайд өнөөдөр ирсэн. Манайд бичиг ирүүлэхээсээ өмнө цахим хуудсаараа энэ тухай мэдээллийг гаргасан байна билээ.
Монголбанк бол төсвийн байгууллага биш. Төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Харин олон нийтэд гарсан тэр мэдээлэл бол ажилтнуудын орон сууцны дэмжлэгийн зээлтэй холбоотой мэдээлэл байна. Монголбанкны ажилтнуудад олгож буй орон сууцны зээлийн дэмжлэг тусламж нь Нийгмийн хөгжлийн сангаас олгогддог юм.
-Нийгмийн хөгжлийн сан гэдэг нь ямар учиртай сан бэ?
-Монголбанкны Нийгмийн хөгжлийн сан нь 1990 оноос өмнө Улсын банкны Ерөнхий хороо байх үеэс байсан, одоо ч байна. Энэ сангийн үйл ажиллагаа нь Төв банкны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монголбанкны дотоод журмуудаар зохицуулагддаг юм.
Монголбанк бол төрөөс үүсгэн байгуулагдсан, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг төв байгууллага. Энэ утгаараа өөрийн ажилтан, албан хаагчдынхаа орон байрны болон нийгмийн асуудлыг бусад төрийн байгууллагын нэгэн адил холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу Нийгмийн хөгжлийн сангаасаа шийдвэрлэдэг.
Нийгмийн хөгжлийн сан гэдэг бол ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн бодлогын зардал юм. Ажилтнуудын цалингаас тусдаа олгогддог зүйл.
-Нийгмийн хөгжлийн сангаасаа ажилтнууддаа орон сууц олгодог гэсэн үг үү?
-Өмнө нь Монголбанк Улсын банкны Ерөнхий хороо гэж байх үеэсээ л Нийгмийн хөгжлийн сангийн хөрөнгөөс орон сууц худалдан авч, тодорхой шаардлага, шалгуурыг хангасан ажилтнууддаа гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууц олгодог байсан.
Сангийн хөрөнгөөс орон сууц худалдан авдаг байсан энэ дэмжлэгийг 2011 оноос арай илүү хүртээмжтэй, үр ашигтай хэлбэрт шилжүүлж өөрчилсөн юм.
Монголбанк бол төсвийн байгууллага биш.
Энэ нь нэг талаас эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой.
Нөгөө талаар ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг илүү хүртээмжтэй, түргэн хугацаанд, үр ашигтай хэлбэрээр шийддэг болох, ингэхдээ бас ажлын гүйцэтгэл, бүтээмж, үр дүнг нь сайтар харгалздаг байхыг зорьсон.
-Нийгмийн хөгжлийн сангаас ямар ажилтнууд орон сууцны дэмжлэг, тусламж авах боломжтой байдаг вэ?
-Үүнийг Монголбанкны ажилтанд орон сууцны зээлийн дэмжлэг олгох журмаар зохицуулдаг. Олон жил ажилласан ажилтнаас гадна ажлын гүйцэтгэлийн үр дүн, бүтээмжээс нь хамаарч залуу ажилтнууд маань ч гэсэн орон байртай болох боломж нээгдсэн.
Орон сууцны зээлийн дэмжлэгийг Монголбанкны төв болон орон нутаг дахь салбарт ажиллаж байгаа, тодорхой шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангасан ажилтанд олгодог.
-Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтыг хэн хянадаг вэ?
-Нийгмийн хөгжлийн сангаас дамжин ажилтнуудад олгож байгаа орон сууцны зээлийн дэмжлэгийг Монголбанкны төсвийн зөвлөл эхэлж хянаад дараа нь захирлуудын зөвлөл, сүүлийн шатанд УИХ-аас томилогдсон Хяналтын зөвлөл хянадаг.
2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Шилэн дансны тухай хуулиар ажилтнуудад олгож байгаа дэмжлэг тусламжууд нийтэд нээлттэй, ил тод болж байгаа.
Шилэн дансны тухай хуулиар 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ бүр хэнд ч ил тод болсон учраас Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтууд нууц зүйл биш.
Мөн жил бүр олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар Монголбанк санхүүгийн тайлангаа шалгуулан, баталгаажуулсан санхүүгийн тайлангаа УИХ-д танилцуулдаг. Монголбанкны цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод байлгадаг.
Шилэн дансны тухай хуулиар 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ бүр хэнд ч ил тод болсон.
-Монголбанк нийт хэдэн ажилтан, албан хаагчтай вэ, тэдний боловсролын түвшин?
-Монголбанк 400 гаруй ажилтантай. Ажилтнуудын 70 гаруй хувь нь эдийн засаг, банк санхүү, мэдээллийн технологи, эрх зүйч болон бусад салбарын мэргэжилтнүүд ажилладаг.
Нийт ажилтнуудын 49 хувь нь Монголбанкинд тав, түүнээс дээш жил, 39 хувь нь Монголбанкинд 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай. Боловсролын зэргээр нь ангилж үзвэл ажилтнуудын 80 гаруй хувь нь магистр, докторын зэрэгтэй байна.
Ажиллагсдын ажилласан байдал, ажлын туршлагыг авч үзвэл ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл хосолсон. Мэдээж залуу, чадварлаг ажилтнууд зонхилох хувийг эзлэж байна.
Монголбанк бол улс төрийн байгууллага биш, мэргэжлийн байгууллага. Тийм ч учраас бидэнд ажилтнуудын мэргэжил, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, тогтвор, суурьшилтай ажиллуулах асуудал чухал байдаг юм.
-Ямар шалгуур үзүүлэлт, болзол нөхцөлтэйгээр ажилтанд орон байрны дэмжлэг үзүүлдэг вэ?
-Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны зээлийн дэмжлэгийг жилд нийт ажилтнуудын 7 хүртэл хувьд олгож байна. Монголбанкны ажилтанд уг орон сууцны зээлийн дэмжлэгийг олгохдоо дараах зарчим, шалгуурыг баримталдаг. Ажилтны ажилласан хугацааны ажлын үр дүн, ёс зүй, үнэнч шударга, шуурхай ажиллах чадвар, идэвхи санаачилга, мэргэжлийн бэлтгэл, мэргэшсэн байдал, дадлага туршлага, Монголбанкинд ажилласан нийт жилийг харгалзана.
Монголбанкны ажилтны орон сууцны асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгааг хангах, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор уг орон сууцны зээлийн дэмжлэгийг дээр дурдсан зарчим, шалгуур үзүүлэлтийн дагуу олгодог болно.
-Танай байгууллага дээр шилэн дансны хууль хэр хэрэгжиж байна вэ?
-Төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсөв төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагын мөнгөн гүйлгээ хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт гэх мэтээр гүйлгээ бүрийг Монголбанкныхаа цахим хуудсаар мэдээлж байна.
Санхүүгийн үйл ажиллагаа ил тод байх нь ач холбогдлын хувьд маш чухал. Иргэн бүрт бүх мэдээлэл нээлттэй болсон.
Ж.Нямсүрэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

