Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны удирдлагаар шинээр сонгогдсон дарга Ш.Одгэрэл, бусад дэд дарга нарын хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.
СХД-ийн АН-ын хорооны дарга Ш.Одгэрэл “Сонгинохайрхан дүүргийн АН-ын талаар ташаа мэдээлэл иргэдийн дунд нэлээд гарах болсон. Учир нь дүүргийн АН-ыг бүлийн нам болгох гэсэн асуудал эртнээс явагдаж байгаа юм. Тухайлбал Н.Алтанхуяг болон түүний төрөл төрөгсөд, хамаатнуудад үйлчилдэг болгох гээд байна.
Үүнтэй холбоотой хүмүүс янз бүрийн хэл амыг гаргаж байна. Иймэрхүү хэл ам 2013 оноос л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2013 оны нэгдүгээр сард Ө.Пүрэвбаатар гэдэг хүн дүүргийн намын удирдлагыг авахын тулд оройн 22:00 цагт дүүргийн намын хорооны 105 гишүүний 40 орчим хүнийг Туулын хөвөөнд оройн хоолонд урьсан байдаг. Энэ үеэр дүүргийн намын хорооны даргыг солих талаар ярилцаж, өөрийгөө хууль бусаар намын даргаар сонгуулсан. Тухайн үед Н.Алтанхуяаг намын дарга байсан юм” гэлээ.
Сар шинийн баярын өмнөхөн буюу битүүний өдөр тус намын хороонд мөн л хэрүүл болж, хаалга үүдээ эвдсэн аж. СХД-ийн АН-ын хорооны дарга Ш.Одгэрэл хуучин дарга Ө.Пүрэвбаатарыг хүч түрэмгийлэн намын байрны хаалгыг эвдсэн гэсэн бол Ө.Пүрэвбаатар нар Ш.Одгэрэлийн хүмүүс хаалга эвдсэн гэж мэдээлж буй. Тус намын хороонд эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилж, Ш.Одгэрэлийн тавьсан хэлэлцээрийн ширээний ард сууж, гарц хайх саналыг ч хүлээж авахгүй байгаа гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!