Технологийн CNET сайтын экспертүүд Samsung Galaxy S6, S6 Edge загваруудын талаар эхний сэтгэгдлээ хуваалцжээ.
Самсунгийн Барселонад танилцуулсан хоёр шинэ утас нь тус компаний уламжлалт хэв загвараас нэлээд өөр болжээ.
Үнээ албан ёсоор зарлаагүй байгаа ба хоёрдугаар улиралд зарагдаж эхлэх юм. Хугацааны хувьд энэ үеэр өөр гар утаснууд шинээр гарахгүй тул Самсунг амжилттай борлуулалт хийх магадлал өндөр байна.
Зарим талаар таагүй ч байж болох эрс өөрчлөлтүүдийг Самсунг хийжээ.
Үүнд:
- Баттерей нь солигддоггүй болсон
- Гадаад санах ойн үүргүй болсон
- S5-ын нэг онцлог болох усны хамгаалалт өвлөгдөж үлдээгүй
- Edge загварын хажуугийн нугарсан дэлгэцний мэдрэмж, ялгарал сайн биш
- Самсунг урьд нь хэрэглэгдэж байгаагүй Exynos процессор ашигласан тул үзүүлэлт сайжрах эсэх нь тодорхойгүй. Бусад ихэнх Андройд утаснууд Qualcomm Snapdragon процессортой байгаа.
Харин давуу тал болох өөрчлөлтүүд гэвэл:
- Кабель залгалгүйгээр цэнэглэх боломжтой
- Зөвхөн өөрт нь зориулж бүтээгдсэн Gear VR виртуал нүдний дурантай
- Үзэмжтэй, үнэтэй харагдуулах металл, шилэн хийц
- Samsung Pay хэмээх картгүй, зайнаас уншигдах төлбөрийн хэрэгсэл нэвтрүүлсэн (Apple Pay шиг)
- Хурууны хээгээ гүйлгэж (swipe) уншуулдаг байснаа iPhone шиг хүргэх төдийд (touch) уншдаг болсон
- Дэлгэцний хэмжээ томроогүй нь AMOLED, нэг инчэд 577 цэг багтаасан, Quad HD дэлгэцтэй болсноос буюу өртөг нэмэгдсэнээс болсон байх. Одоогоор хамгийн сайн үзүүлэлттэй дэлгэц гэж хэлж болох юм. Гэхдээ хүний нүд энэ өндөр нарийвчлалыг ялгаж харж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.
- Home товчин дээр дараалсан хоёр удаа дарахад секундын дотор камер ачаалагддаг болжээ. Мөн ямар ч аппликэшн дээр ажиллаж байхад үүнийг хийх боломжтой.
- Түргэн цэнэглэх боломж. Exynos чипийн ачаар 30 минутанд 30 хувь хүртэл цэнэглэх боломжтой болсон гэнэ.
- Арын камерны хувьд өмнөхөөс өөрчлөгдөөгүй 16 Megapixel байгаа ч шинэ чипний тусламжтай ямар нэгэн чанарын өөрчлөлт орсон байх магадлалтай.
- Баттерейн хувьд 2,550 mAh буюу S5-ынхаас (2,800mAh) буурсан харагдаж байна. Гэхдээ шинэ Exynos чип нь эрчим хүчинд хэмнэлттэй ажилладаг бол онцын ялгаа гарахгүй байх.
- Програм хангамжийн хувьд Самсунг өөрсдийн маш олон тооны аппликэшнээр дүүргэдэг байснаа энэ удаа больж Google, Microsoft (анх удаа) компаниудын хэрэглээнүүдээр тоногложээ.
Дүгнэлт:
Самсунгийн утасны гол давуу тал нь хангалттай өндөр техникийн үзүүлэлтүүд байдаг. Харин энэ удаагийн S6, S6 Edge загваруудын хувьд гол шийдвэрлэх асуудал нь баттерей байж магадгүй. Учир нь Самсунг анх удаа, танил биш Exynos процессор хэрэглэнэ. Энэ процессор нь найман цөмтэй, 64 битийн, хүчтэй чип боловч эрчим хүчний хувьд хэр хэмнэлттэй ажилладаг нь тодорхойгүй. Бас маш өндөр үзүүлэлттэй дэлгэц нэвтрүүлсэн нь багагүй эрчим хүч зарцуулна гэсэн үг.
Гэхдээ Galaxy цувралын пластик хийц, хэт олон хэрэгтэй хэрэггүй Самсунгийн аппликэшнээр дүүргэдгийг нь шүүмжилдэг хүмүүст таатай өөрчлөлт авчирсан байх талтай.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!