ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн боомтууд эзэнгүйдэж байна

Өглөөний сонин
2015 оны 2 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг
Алтанбулаг,

Монгол Улсын хилийн боомтууд эзэнгүйдэж, хэн нь толгойлж удирдахаа ч мэдэхээ байжээ. Уг нь 2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяанд байнгын болон түр горимоор ажиллаж байсан 26 боомтын захиргааг байгуулсан. Гэвч энэ байгууллага буюу Боомтын нэгдсэн захиргаа нь даан ч “богино настай” байсан аж.

Хилийн боомтын тухай хууль өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хил дээр үйл ажиллагаа явуулж гааль, мэргэжлийн хяналт, иргэний харьяат, хил зэрэг байгууллагуудын шалгалтын давхардлыг арилгаж, ижил төрлийн давхардсан орон тоог нэгтгэх зэргээр эерэг үр дүн гарна хэмээж байв. 

Түүнчлэн Боомтын тухай хуулийг санаачлагчид нь “гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, тухайн боомтод хийж буй хяналт шалгалтын ажлын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах, гадаад худалдаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл, хүнд суртал буурна, хяналт шалгалтын ажлын үр нөлөө дээшилж, давхардал арилна, хилийн боомтын хяналтын байгууллагуудын ажлын уялдаа, холбоо бэхжиж, ажиллах нөхцөл, алба хаагчийн нийгэм, эдийн засгийн баталгаа сайжирч, үйл ажиллагааны үр дүн дээшилнэ” гэх зэргээр магтан сайшааж байсан.

Гэвч өнгөрсөн жилийн сүүлээр мөн л төсөв хэмнэх, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх талаар УИХ-аас өгсөн үүргийн дагуу шийдлийн Засгийн газар Боомтын нэгдсэн захиргааг татан буулгахаар болсон.

Ингээд үндсэндээ энэ байгууллага наймхан сарын настайгаар үйл ажиллагаа явуулсан хэрэг.

Хилийн боомтын тухай хууль өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Харамсалтай нь эрх баригчдын энэхүү шийдвэрүүдийн үр дүнд хилийн боомтуудад үйл ажиллагаа явуулж буй байгууллага хооронд үл ойлголцол үүсэж, тэдгээрийг зангидан ажиллуулах “толгой”-гүй болчхоод байгаа юм.

Хэдийгээр тус байгууллагыг татан буулгахдаа Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын чиг үүргийг гаалийн байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн ч өдгөө энэ нь газар дээрээ хэрэгжиж байгаа тун ховор. 

Магадгүй Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа бол хууль хэрэгжүүлэгчид учраас дуртай, дургүй үүргээ биелүүлэх нь тодорхой. Хуульд нэмэлт оруулахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрыг тохируулагч агентлаг болгон Гааль, хилийн боомтын хэрэг эрхлэх газар болгож өөрчлөхөөр тусгаад байгаа юм. Ингэснээр худалдааны гол түншүүдтэйгээ хил, гаалийн чиглэлээр хамтран ажиллахад илүү дөхөм болно гэж “мөрөөдөж” байгаа ажээ.

Гэтэл боомтуудад үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хувьд хяналт, шалгалт сайжирч, дээрдсэн нь огт үгүй. Харин ч бүр сахил хүртээд шал дордов гээч болчхоод байгаа юм. Тухайлбал Алтанбулаг боомтод л гэхэд зорчигч болон тээврийн хэрэгслийн хяналт хийсэн гээд ОХУ-д зорчуулахаар штаб дараад гаргачихдаг.

Гэтэл өнөөх нь хэл ам дагуулсаар, хэлэлцээр хийлгэн байж буцаад ирдэг тохиолдол нэлээд гарчээ. Тэр тусмаа ОХУ болон манай орны иргэд харилцан визгүй зорчдог болсноор хоногийн 24 цагийн турш хүний хөл татрахаа байсан тус боомтод хилийн зөрчил, дутагдал байнга гарч байгаа гэнэ.

ОХУ-ын талаас ирж буй гомдлуудыг харахад тээврийн хэрэгслээс сум олдох тохиолдол олон гарсан аж. Зорчигч монголчуудын хувьд сумаа “ан хийж яваад унагасан байна” гэж тайлбарладаг ч энэ нь тус улсын хилээр зэвсэг оруулах гэсэн оролдлого болж хувирдаг.

Түүнчлэн 10 насны зөрүүтэй хүнийг таньж, ялгахгүй хил давуулаад явуулсныг оросын тал манайханд буцаан хүлээлгэж өгчээ. Гадаад паспортынх нь хуудас дутуу байхад нь мөн л тамгаа дараад, зорчих эрх олгочихсон байх жишээтэй. Тиймээс визгүй болсноор хил, гаальтай холбоотой зөрчил 40 хувь нэмэгдсэн, цаашид ч өсөх хандлагатай байна гэдгийг байнга ОХУ-ын талаас анхааруулдаг болжээ. 

Ийнхүү анхааруулсаар байтал зөрчил буурах бус нэмэгдээд байдаг. Үүнийг нь хөрш орныхон нь баталж байгаа нь боомтод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилд тодорхой үнэлгээ өгч байгаа хэрэг. Уг нь тэнд нэгдсэн захиргаа, эсвэл зангидан “базах” толгой байсан бол асуудлыг аль хэдийн шийдвэрлэх боломжтой байх байсан. Харамсалтай нь тийм нөхцөл алга. 

Албаны зарим хүний хэлж буйгаар хуучин чиг үүргээрээ буюу Хил хамгаалах газрынхан асуудлыг “гартаа атгасан” нь илүү дээр гэж үзэж байгаа аж. Учир нь хилийн цэргийнхэн байнгын бэлэн байдалд байдаг учраас аливаа хэрэг, зөрчлийн үед авах арга хэмжээгээ мэддэг, нэг ёсондоо дадчихсан. Галт тэрэг, автомашинд үзлэг шалгалт хийхдээ гаршчихсан хэмээж байв.

Энэ бол энгийн хүний нүдээр хийсэн дүгнэлт гэж хэлж болно. Яагаад гэвэл гааль, мэргэжлийн хяналтынхан ихэнхдээ эмэгтэйчүүд байдаг учраас байцаагч нар галт тэрэгний нүх, сүв бүрийг дээр доргүй авирч, тонгойж шалгана гэдэг баршгүй давааны нэг гэхэд ч хилсдэхээргүй гэнэ. 

Боомтын тухай хууль хэрэгжихээс өмнө хил хамгаалах байгууллага хил хамгаалалтын үндсэн чиг үүрэг, хилийн төлөөлөгч, тагнуул, шалган нэвтрүүлэх гэх зэрэг чиг үүрэгтэй байсан. Харин Боомтын нэгдсэн захиргаатай болсноор шалган нэвтрүүлэх чиг үүргийн зарим буюу тээврийн хэрэгсэл болон зорчигч нэвтрүүлэх ажлыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хүлээлгэн өгч, боомтын аюулгүй байдлыг хангах, боомтын журмыг сахиулах чиг үүрэгтэй үлдсэн. 

Боомтууд ийн дөрвөн “дарга”-тай үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол Улсын хил хэний гарт байж, хилээр хэнийг гаргаж, хэнбугайг нэвтрүүлж байгааг ч бүү мэд. Дарга нар өөр өөрийнхөө үүрэг чиглэлийн дагуу л шаардлагаа тавина уу болохоос бусдын “тогоо” руу өнгийж, “будааных нь хогийг” түүж өгөхгүй нь лавтай. Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 26 боомтыг нэн даруй “базах” эзэнтэй болгох хэрэгтэй. 

 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг