Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл, уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Хорь гаруй жил хэрэгжиж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь материаллаг шинжтэй  хууль учраас хүүхэд хамгаалах, эрхийн хэрэгжилтийг хянах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх арга зам, зохицуулалт, хариуцлагын тогтолцоог нарийвчлан тодорхойлсон хуулийг шинээр батлан гаргах шаардлагатай гэж үзжээ. 

Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулийн төсөл нь таван бүлэг 41 зүйлтэй.
 
Хуулиар хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдсон бүхий л харилцааг зохицуулна.

Хүүхэд хамгааллын бие даасан шинэ хуулийн төсөл боловсруулсан, одоогийн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн нэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 

Ингэхдээ хүүхдийн эрхийг хангах талаар “гэр бүл төвтэй” хандлагыг баримталсан бөгөөд энэ хуулиар хүүхдийн эрх, журамт үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан байна.