УИХ-ын дарга З.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэ хүрээнд тэрбээр өчигдөр БНТУ-ын Ерөнхий сайд Р.Т.Эрдоантай уулзлаа. Уулзалтын үеэр Монгол-Туркийн хооронд иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг үзэглэв.
УИХ-ын дарга хоёр улсын парламент уг харилцааг цаашид бүх талаар хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг хэлээд Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайд Р.Т.Эрдоан биечлэн анхаарч, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Мөн аялал жуулчлалыг өргөтгөх, Орхоны хөндий дэх эртний Түрэгийн хөшөө, дурсгалыг түшиглэн түүх, соёл, аялал жуулчлалын төв байгуулах, үүний тулд Хархорины нисэх буудлыг шинэчлэх талаар хамтран ажиллах саналыг тавьж байснаа УИХ-ын дарга дахин хэлээд түүнийг хурдасгахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Ерөнхий сайд Р.Т.Эрдоан “Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж хөнгөлөлттэй зээл олгох, Хархорины нисэх буудлыг шинэчлэхэд хамтран ажиллах зэрэг төсөл, арга хэмжээний талаар Улаанбаатарт ярилцсан зүйлээ бид хэрэгжүүлнэ” гэдгээ илэрхийлээд Туркийн хөрөнгө оруулалтыг татахын тулд зохих хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэйг зөвлөжээ.
Уулзалтын дараагаар УИХ-ын дарга Анкара хотын хуучин хорооллыг дахин төлөвлөж, шинэ хороолол барьж буй ажлын явцтай танилцлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!