Тариаланчид дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах буудай тариалсан гэж байгаа боловч гурил үйлдвэрлэгчид эсрэг байр суурьтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, Оросоос буудай импортлох зөвшөөрөл гурилын үйлдвэрүүд авах хүсэлтэй байгаа. Энэ талаар”Улаанбаатар гурил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайханаас тодрууллаа.
-Тариаланч, гурил үйлдвэрлэгч нарын дунд ямар шалтгаанаас болоод үл ойлголцол үүсээд байгаа юм бэ?
-Монгол Улс 10 гаруй жилийн өмнө улаан буудайн нийт хэрэгцээнийхээ 20 хувийг л хангадаг байсан. 2014 оны ургац хураалтын байдлаар нийт хэрэглээнийхээ 70 хувийг хангаад байгаа. 30 хувь нь дутагдаад байгаа юм. 2013 онд батлагдсан Хүнсний тухай хуулиар импортоор буудай, гурил авахдаа салбар яамнаас квот авна гэж заасан.
Тэгэхээр өнөөдөр гурил үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд дотоодын буудайгаа худалдаж авч дууссан хэр нь буудай хүрэлцэхгүй байна. Хүрэлцэхгүй байгаа 100 мянган тонн буудайгаа импортоор авъя гэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар бид 30 мянган тонн буудай импортлох зөвшөөрөл авсан. Төр үүнд хариуцлагатайгаар оролцож зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Гурилын үйлдвэрүүд нэг тонн буудайг 550 мянган төгрөгөөр худалдаж аваад I гурилын үнийг 830 төгрөгөөс доош барина гэсэн үүрэг хүлээсэн. Монгол Улсад 80 орчим гурилын үйлдвэр ажиллаж байна. Сүүлийн 15 жилд 600 мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий үйлдвэр бий болсон.
Нэг үгээр, бидэнд 450 мянган тонн буудай хэрэгтэй байна. Тариаланчдаас 350 мянгыг нь худалдаад авчихлаа. Үүний 100 мянган нь шаардлага хангахгүй, 21 хувиас доош цавуулагтай байна. Энэ 100 мянгаар хэвийн гурил үйлдвэрлэхийн тулд гаднаас чанартай буудай оруулж ирж, холиод гурил хийх хэрэгтэй байна гэсэн зүйл л ярьж байгаа. Гэтэл тариаланчид үүнийг эсэргүүцээд байгаа юм.
-Импортоор буудай оруулж ирэх эрхийг хэдэн компани авсан бэ?
-Сая 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрлийг 10-аад компани авсан. Оросын буудай зах зээлийн үнэ буюу 550-600 мянган төгрөгийн ханштай байна.
Оросоос орж ирж байгаа буудайн цавуулаг 25 хувиас дээш байдаг. Өнөөдөр манай гурилын үйлдвэрүүдэд 140 мянган тонн буудай байна. Бид энэ буудайгаар наад захын хэрэгцээ шаардлага хангасан буюу 26.5-аас дээш хувийн цавуулагтай гурил үйлдвэрлэх боломжгүй.
-Буудайн чанар ямар шалтгаанаас болж муудаж байна вэ?
-Монголын буудай чанаргүй гэж хэн ч яриагүй. 2014 онд хурааж авсан 350 мянган тонн таваарын буудайны 30-аад хувь нь цавуулгийн шаардлага хангахгүй байгаа. 250 мянган тонн нь шаардлага хангаад, гурил үйлдвэрлээд явж байгаа.
Манай улс 2014 онд 40 мянган тонн үрийн буудай хэрэглэсэн. Үүний 7500-г нь Оросоос авсан. Монгол Улсад тариалж байгаа буудайн үр Оросынх гэсэн үг.
-Монгол Улсын нэг жилийн гурилын хэрэгцээ 250 мянган тонн байдаг гэж байна. Тэгэхээр манай хурааж авсан буудай хангалттай хүрэх юм биш үү?
-250 мянган тонн биш ээ. Нэг жилд 315 мянган тонн гурилын хэрэгцээтэй. Үүнийг буудайнд шилжүүлснээр 450 мянган тонн буудай шаардлагатай байдаг. Гэтэл таваарын буудай 350 мянган тонныг тушаагаад цаана нь 100 мянган тонн дутна. Монгол Улс гурван сая хүнтэй. Нэг хүн жилд 105 кг гурил хэрэглэдэг.
-Ганцхан танай компани хамаг урамшуулал, квотыг авчхаад байна гэсэн шүүмжлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?
-20 мянган тонн буудайны зөвшөөрлөөс манайх таван мянган тонныг нь авсан. Тэгэхээр нийт зөвшөөрлийн 25 хувийг авсан байна шүү дээ. Монгол Улсын гурилын хэрэгцээний 25 хувийг манай “Улаанбаатар” гурил үйлдвэрлэж байна. Яамнаас үүн дээр үндэслэж хувиарлалтыг нь хийсэн.
-Гурил үйлдвэрлэгчдэд зээлсэн 52 тэрбум төгрөгөөс “Улаанбаатар” гурил хэдэн төгрөгийн зээл авсан бэ?
-Манайх 12 тэрбумын зээл авсан. 2014 оны ургацаас 350 мянган тонн таваарын буудай тушаасан. Үүнд 25 тэрбум төгрөгийн урамшуулал олгох ёстой. 320 тонн буудай худалдаж авсныхаа төлөө 80 орчим гурилын үйлдвэр 170 тэрбум төгрөгийн төлбөрийг тариачдад төлж байгаа.
Үүнийг төлөхийн тулд арилжааны банкуудаар дамжуулан Монгол банкнаас 52 тэрбум төгрөгийн зээл авч 50 хувийг нь төлсөн. Ер нь гурилын үйлдвэрүүд зээлсэн мөнгөнөөсөө 10-20 тэрбум төгрөг төлөөгүй байгаа. Тариаланчдаас худалдаж авсан буудайн чанараас болоод үйлдвэрлэсэн гурилын хэмжээ, чанар хангалтгүй байна.
Манай улсад 800 мянган өрх бий. Эдгээр айл 50-60 сая ширхэг бууз хийж байгаа. Харамсалтай нь гурил үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан судалгаагаар ихэнх айл орос гурил хэрэглэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!