Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Гар аргаар гэрэл зураг авах ойлголтууд

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Дижитал технологийн хөгжил гэрэл зураг сонирхогчдыг улам нэмэгдүүлэх болсон билээ. Тиймээс гэрэл зураг авч сурахад хэрэгтэй гол гурван ойлголтыг тайлбарлаж байна. ISO, Shutter speed, Aperture хэмээх энэ гурван тохиргоог ойлгосон хүн гар аргаар чанартай зураг авах ур чадвартай болох юм.


ISO

 

Энэ бол камерны гэрэл мэдрэх чадвар. 100, 400, 800, 1600 гэх мэт хэмжээтэй байна. Нарны гэрэлтэй эсвэл студийн гэрэлтүүлэг сайтай орчинд энэ утга 100 байх нь хамгийн зөв. Гэрэл муу бол нэмэгдүүлж болох ч ингэх тусам зургийн чанар мууддаг. Ингэж авсан зурган дээрх бүрсгэр нөлөөг noise гэдэг. Гэхдээ гэрэл муутай, бүрхэг орчинд, флаш гэрэл хэрэглэх боломжгүй бол ISO-г нэмэгдүүлж авахаас өөр аргагүй. Чанартай зураг буулгахын тулд аль болох орчны гэрлээ сайжруулаад ISO 100 дээр авахыг хичээх хэрэгтэй.

 


Shutter speed

 

Энэ бол камерны хөшиг хаагдах хурд. Ер нь камерны дуранг байнгын хөшиг нь хаалттай цонх гэж төсөөлж болно. Яг зураг авах агшинд энэ хөшиг нээгдээд буцаж хаагддаг. Энэ хурдыг нь Shutter speed гэнэ. Секундыг хуваах тоо нь нэмэгдэх тусам хурдтай болно. 1/30, 1/60, 1/500, 1/1000 гэх мэт.

Хурдан хөдөлж байгаа биетийн зургийг авахад хурдыг нэмэх ёстой. Хөдөлж байгаа биетийг бага хурдаар авбал сүнстэй буюу сарнисан зураг гардаг.

1/60 хурдаас бага хурдаар зураг авах бол заавал трипод ашиглана. Хөдөлж байгаа биетийн хурднаас гадна таны гар камерыг хөдөлгөснөөр сарнилтанд нөлөөлдөг. Гарны хөдөлгөөний нөлөө хурд багасах тутам нэмэгдэнэ.

Нөгөө талаас хөшиг хурдан хаагдах тусам камерт гэрэл бага нэвтрэх тул гэрэл муу орчинд хурд бага байх хэрэгтэй болдог.

 

 


Aperture

 

Энэ нь камерны шагайх нүхний хэмжээ. Үүнд depth of field гэсэн ойлголт бий. Энэ бол зургийг нь авах биетийн ар талын хэсгийг хэр тод хамруулах тухай ойлголт.

Илэрхийлэх нэгж нь f/тоо. Тоо багасах тусам шагайх нүхний хэмжээ томорно. Ихсэх тусам багасна.

 

DOF багаар сонговол зөвхөн зөвхөн гол биетийг тодруулж арын хэсгийг нь бүдэгрүүлнэ. Харин томоор сонговол бүх дүрс тодорч гарна. Aperture буюу шагайх нүхний хэмжээ, DOF-ын хэмжээ хоёр урвуу хамааралтай.

Жишээ нь хөрөг зураг авахад DOF багатай буюу том Aperture-тай авна гэсэн үг. Харин байгалийн зураг авах бол DOF ихтэй буюу бага Aperture-тай авах хэрэгтэй.

Бага Aperture-тайгаар зураг авахад шагайх нүхний хэмжээ бага тул гэрэл бага нэвтэрдэг. Байгалийн зураг авдаг хүмүүс байнга трипод хэрэглэдэг нь ийм учиртай.

 

 


Хэрхэн зөв тохируулах вэ?

 

Дээрх гурван тохируулгын нэг нь өөрчлөгдөхөд нөгөө хоёр нь заавал дагаж өөрчлөгдөх хэрэгтэй болдог тул гурвуулангийнх нь учрыг ойлгодог байх нь чухал.

Тэгвэл альнаас нь эхэлж тохируулах хэрэгтэй вэ?

Ямар биетийн зураг авах гэж байгаагаас шалтгаална. Хөрөг авах бол том Aperture сонгоно. Ингэхэд камерт нэвтрэх гэрэл ихсэх тул shutter speed-ыг нэмэгдүүлж нэвтрэх гэрлийн хэмжээг тааруулна.

Байгалийн зураг эсвэл зураг дээрх бүх биет тод гарах ёстой бол бага Aperture сонгоно. Ингэхэд нэвтрэх гэрэл багасах тул shutter speed-ыг бууруулж гэрлийг нэмэгдүүлнэ.

Шөнийн зураг авах бол shutter speed-ыг бууруулж трипод хэрэглэх ёстой.

Shutter speed-ыг ямар орчинд хэрхэн сонгох тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөө:

1-30+ секунд: Шөнө болон муу гэрэлтэй орчинд трипод хэрэглэж авах

2-1/2 секунд: Урсгал усыг үлгэрийн мэт харагдуулах, эсвэл өргөн талбай хамарсан байгалийн зураг авах

1/2 – 1/30 секунд: арын хэсгийн хөдөлгөөнийг бүрзийлгэж харуулах

1/60 – 1/100 секунд: алсаас татах том дурангүйгээр гар дээрээс авах

1/250 – 1/500 секунд: спортын буюу хөдөлгөөнт зургийг эсвэл алсаас татах том дурантай гар дээрээс авахад

1/1000 – 1/4000 эсвэл 1/8000 секунд: Хурдтай, хөдөлгөөнт зургийг ойроос авахад тус тус сонгоно.