Монгол Улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй.
Нарийн судалгаа бага ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний нөөц хангалттай байгаа аж. 56.2 тэрбум кВт.цагийн усны, 1200-1400 кВт/метр нарны, 836.8 кВт.цагийн салхины нөөцтэй гэсэн тооцоо байдаг ажээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сэргээгдэх эрчим хүчний зургаа дахь удаагийн Үндэсний форум болж байна.
Үндэсний форумыг нээж УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт ”Манай орон нар, салхи, усны эрчим хүчний үлэмж нөөц баялагтай билээ. Энэ нөөц баялгийг орчин үеийн өндөр технологи ашиглан эргэлтэд оруулснаар эрчим хүчний салбарын хөгжилд түлхэц болох их баялаг бүтээх боломж байна.
Бид энэ чиглэлээр дэлхийн бусад орнуудын туршлагыг судлан хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллага, бусад орнуудтай идэвхтэй хамтран ажиллах болно. Манай улс сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар эхний алхмууд хийж тодорхой үр дүн, амжилтад хүрсэн. Засгийн газраас малчин өрхийг эрчим хүчээр хангах зорилтыг үндэсний хэмжээнд тавьж хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр хөдөөгийн бараг бүх малчин айлд сэргээгдэх эрчим хүчийг амжилттай хэрэглэж байна.
Одоо сэргээгдэх эрчим хүчийг хот суурин газар, ялангуяа эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, Улаанбаатар хотын болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах талаар их ажлыг хийх шаардлагатай байна" гэв.
Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсчлэлд байрлаж байгаа төвийн дулаан нэгдсэн шугам сүлжээнээс алслагдмал хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангахад зориулж 2014 онд нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байдаг.
Дэлхийн улс орнууд, ялангуяа манай урд хөрш БНХАУ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар тодорхой амжилтанд хүрсэн байна.
Энэхүү форумаас сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжоо хэрхэн ашиглах, эрчим хүчний дутагдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, Улаанбаатар хот болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний технологийг өргөнөөр ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэн яамнаас шинээр боловсруулж байгаа “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-т сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгах, бодлогын түвшинд ямар арга хэмжээ яаралтай авах шаардлагатай талаар хэлэлцэж байгаа юм.
Энэхүү санаачлагыг эхлүүлэх Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн ажил амжилттай урагшилж байгаа талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байлаа.
Цаашид усан цахилгаан станц, нар, салхины эрчим хүчийг ашиглан Зүүн хойд Азийн орнуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх талаар өнөөдрийн форумын үеэр мэдээлэгдсэн юм.
Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний форумд УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун оролцож “Сэргээгдэх эрчим хүчний тогтвортой хөгжил ба ирээдүй” гэсэн онцлох илтгэлийг тавилаа.
Дараа нь Үндэсний форумд оролцогчид “Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний хөтөлбөр ба хуулийн хэрэгжилт”, “Сэргээгдэх эрчим хүчний зохицуулалтын бодлого”, “Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын асуудлыг шийдвэрлэх арга замууд” гэх мэт 10 гаруй илтгэл, танилцуулгыг сонсч, хэлэлцэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!