ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Шүүхийн шийдвэр арилжааны есөн банканд хүргэгдсэн

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 22
iKon.MN
 

ШӨХТГ-ын даргын албан тушаалд шинээр томилогдсон Т.Аюурсайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, нээлттэй ярилцлаа. Тэрбээр цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.

ШӨХТГ-ын зүгээс энэ жил

  • Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох,
  • Зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг хангах,
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох,
  • Байгууллагын гадаад харилцааг бэхжүүлэх,
  • Төрийн захиргаа, удирдлагын системийг бэхжүүлэх үндсэн зорилттой үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Мөн ойрын хугацаанд үйл ажиллагаагаа явуулах гурван ажлын хэсэг байгуулагдсан гэв. Нэгдүгээрт, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд тодорхой компаниудад хөнгөлөлттэй зээл олгохоор болсонтой холбоотой энэ зээлийн ашиглалт, “Өрсөлдөөний тухай хууль” болон холбогдох бусад хуульд нийцэж байгаа эсэхийг шалгахаар болсон.

Хоёрдугаарт, эрчим хүчний асуудалтай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь цахилгаан, дулааны үнийн өсөлттэй холбоотой судалгаа хийж, хянаж шалгана.

Гуравдугаарт, шатахууны үнэтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Шатахууны компаниуд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд төрөөс багагүй хэмжээний дэмжлэг аваад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Олон улсын зах зээл дээр шатахууны үнэ нэлээн буурч байгаа учир олон нийтийн зүгээс хүлээлттэй байгаа. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.


Танилцуулгын дараа сэтгүүлчид түүнээс асуулт асууж, хариулт авсан юм.

-ШӨХТГ-ын шинэ даргын хувьд өөрийгөө танилцуулна уу. Ямар мэргэжилтэй хүн бэ. Урьд нь ямар алба хашиж байсан бэ?

-Миний хувьд эдийн засагч мэргэжилтэй. Бүс нутгийн эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэгтэй. Ажлын гараагаа хувийн хэвшлээс эхэлсэн. Ер нь хувийн хэвшлийн зовлон, жаргалыг сайн мэднэ. Аж ахуй нэгжийг байгуулж, удирдаж, ажлын байр бий болгож явсан.

Үүний дараа Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан. Мөн тодорхой хугацаанд Чингэлтэй дүүргийн Засаг Даргаар ажилласан. МУ-ын Ерөнхийлөгч асан Б.Багабандийн шадар туслахаар ажиллаж байсан. Мөн МАН-д улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхийн албыг хашсан.

-Махны үнэ ченжүүдийн гар дамжаад ойролцоогоор 5000 орчим төгрөгөөр нэмэгдэж иргэдэд хүрч байна. Үүнийг хуулийн хүрээнд зохицуулах бололцоо байдаг уу?

-Хуулийн хүрээнд жижиглэнгээр мах борлуулагчдын махны үнэ дээр ямар нэгэн арга хэмжээ авах боломж хомс байдаг. “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн хүрээнд хуультай нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг.

Бид махны үнэ дээр тодорхой судалгаа хийж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Махны шат дамжлага дөрвөөс доошгүй байдаг юм байна лээ.

Хуулийн хүрээнд жижиглэнгээр мах борлуулагчдын махны үнэ дээр ямар нэгэн арга хэмжээ авах боломж хомс байдаг. 

-Арилжааны банкууд хэрэглэгчээс хууль бусаар үйлчилгээний зардал авч байгаа гэдэг асуудал дээр шүүхийн шийдвэр танай талд гарсан. Энэ асуудлыг цаашид хэрхэх вэ?

-Шүүхийн шийдвэр гараад өнгөрсөн долоо хоногт албан ёсоор манайд ирсэн. Мөн манай шаардлагыг хүлээж аваагүй арилжааны есөн банканд энэ шийдвэр хүргэгдсэн байгаа. Тэд давж заалдвал дараагийн шатны шүүх хурал болох байх.

Эцсийн шийдвэр энэ чигээрээ гарах юм бол зээл авсан иргэд, ААН-үүд иргэнийхээ журмаар илүү төлсөн мөнгөө буцааж авах хүсэлтээ гаргаж болно.

-“MCS” групп Мобикомын хувьцааг худалдаж авах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Зах зээл дээр давамгайлагч байгаа хоёр оператор бие биеийнхээ хувьцааг худалдаж авбал монополь үүсэх магадлалтай. Мөн Юнител зах зээлийн 35 хувийг эзэлж давамгайлагч байр суурьтай болсон гэсэн судалгаа гарсан юм байна лээ. Үүнийг ШӨХТГ олон нийтэд мэдээлээгүй байгаа. Та энэ тал дээр тайлбар өгнө үү?

-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нэг нэгнийхээ энгийн хувьцааны 25 хувиас дээш, давуу эрхийн хувьцааны 15 хувиас дээшийг худалдаж авахаар бол заавал зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэ зөвшөөрөл авах хүсэлтээ манайд ирүүлээгүй байгаа. Хэрэв энэ хүсэлт ирэх юм бол бид тодорхой хэмжээний судалгаа хийж байгаад дүгнэлт гаргана.

Юнителийн хувьд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон шийдвэрийг манай байгууллагаас гаргаагүй. Миний хувьд ажилд томилогдсоноосоо хойш судалгаа явуулж байна. Хэрэв давамгайлагч гэдэг нь тогтоогдох юм бол хуралдаанаар хэлэлцээд зохих шийдвэрээ гаргана.