Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хангалттай дэмж, хамтар, харин дараа нь...

Б.Номин
2015 оны 1 сарын 19
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Би чамд хайртай” гэдэг үгийг тоглоомоор хэлж болдог юм гэж үү”  гэдэг шиг “Засгийн газрыг огцруулна гэж ийм амархан хэлж болдог юм уу” гэж асуумаар санагдах юм.

Хоёр cap хүрэхгүйн өмнө 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг, түүний Засгийн газрыг энэ үгээр ээрч буй нь эртдэж, бас ихдэж байна. Бараг байгуулагдаагүй байхад нь “насыг нь тоолж”, хойтохыг нь уншиж буй мэт дагасан “огцруулна” гэх энэ үг Монгол Улсын Засгийн газрын хувьд муу ёр гэлтэй.

Энэ хугацаанд Ерөнхий сайд ТЕГ-ын даргаар Б.Хурцыг томилохдоо Үндсэн хууль зөрчсөн гээд огцруулна хэмээн хэсэгтээ шуугиан бол саяхнаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар төсвийн тодотголын хүрээнд “одонтой” ээж, жирэмсэн эх, хүүхдэд олгодог мөнгийг хасаж танавал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хөндөнө гэж мэдэгдлээ.

Мөн олон нийтийн цахим сүлжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцрохыг шаардсан хүмүүс нэгдчихэж. Үүнээс гадна халамжийн зарим бодлогийг эсэргүүцсэн иргэд өлгийтэй хүүхдийн үзүүлэн ашиглаж, эсэргүүдээ илэрхийлж байгаа бол шинжлэх ухааны байгууллагынхан бас жагсаад амжсан. Эмч, багш нар ч цалингаа нэмүүлэх шаардлага тавиад буй.

Ийнхүү Төрийн ордонд ч, төв талбайд ч, твиттер, фейсбүүкт ч Ч.Сайханбилэг, түүний Засгийн газрыг огцруулна гэх үг, яриа хангалттай байна. Эдийн засгийн эгзэгтэй, хямралтай үед засгийн эрх авсан Ч.Сайханбилэг сайдын баримтлах бодлогийн томоохон илэрхийлэл болсон төсвийн тодотголын төсөл нь ийн эсэргүүцэлтэй тулгарч буй хэрэг.

Хэдийгээр энэ мэт эсэргүүцэгч, шаардагчдын үг, үйлдэл хуулиас халиагүй ч хэт уулгамч гэмээр буй нь харамсалтай. Үнэндээ ийм нэг өөнтөгч гэмээр, жавдан эсэргүүцдэг хандлага ганц Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед газар авч буй хэрэг биш л дээ. Угаасаа ийм нэг зан биднийх юм шиг ээ.

Миний “уулгамч” хэмээн тодорхойлон, дээр дурдсан ханддаг нь сайн, муу аливаад анхны сэтгэгдлээр, хэт сэтгэл хөдлөлтэйгөөр, бушуу түргэн, зарим талаар хэт нэг талыг барьж, туйлшран хөдөлдгийг хэлэх гэсэн хэрэг. Магадгүй энэ нь Монголчууд бидний төрөлхийн зан, цусанд минь буй шинж чанартай холбоотой байж ч болох.

Сайхан сэтгэлт Монголчууд хүсээд, нэгдэж чадвал өвдөж, зүдэрсэн нэгнээ өргөж, тэтгэж чаддагийг нотлох олон сайхан үйл явдал бий. Харин эсрэгээрээ зарим зүйлд санаатай болон санамсаргүйгээр уулгамч юм шиг хандах нь хэн нэгнийг, хэсэг бүлгийн амьдралыг үгүй хийж, газарт дэвслэх хортой байдаг.

Тиймээс ч гүйцэтгэх засаглалын тэргүүний бодлого гүйцэд дэмжигдэх албагүй ч юу юуны духанд хүрэлгүй огцруулна, солино гэж уулгалан эсэргүүцэх нь хэр зохистой бол.

Үнэндээ ардчилсан Монгол Улсын иргэний хувьд амин эрхээ эдэлж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж буй хэн нэгэнд хэний үг, үйлдлийг хэрхэн эсэргүүцэж, юу шаардахыг нь заах гэсэнгүй.

Гагцхүү энэ "айл" хамаг ажлыг үүрэх үүрэгтэй тэр хүнд хугацаа өгөх хэрэгтэй байна. Түүний бодлого шийдвэр, танхимынх нь үйл ажиллагааны үр дүнг наанадаж хагас жилийн дараа нэхэж, хариуцлага тооцоход буруудахгүй ээ. Харин оронд нь хангалттай дэмжих шаардлагатай байна. Тэгээд бас “огцруулна” гэх үгийг тийм амархан хэлж боломгүй юм.

Учир нь бид энэ Засгийн газрыг яаж байгуулсан билээ дээ. Өөрсдийнхөө балгаар өвдөг шороодож, шинэчлэлийн Засгийн газраа унагасан АН-д өрөөл рүү хадаг барин гүйх нь хамгийн хэцүү байсан нь ойлгомжтой.

Гагцхүү энэ "айл" хамаг ажлыг үүрэх үүрэгтэй тэр хүнд хугацаа өгөх хэрэгтэй байна.

Харин сонгуулийн нэгэн циклийн хугацаа тэг дундаасаа хэдийн өнгөрсөн байхад эрх баригчдын хүсэлтийг хүлээн авч, алдаа, оноог хамт үүрэх эрсдэлтэй алхам хийх нь Ардын намынханд ч амаргүй байсан  нь дамжиггүй.

Гэвч тэд хамтарсан. Эвсэж, эрх барьж үзээгүй биш, тэд хэн ч, юу ч гэж хэлж байсан дөрөө харшуулахаар сэтгэл шулуудсан. Учир нь тэд хамгийн эрх ашгийн төлөө нэгдсэн.

Эдийн засгийн хямралыг даван туулах эгзэгтэй, хүлээлт үүсгэсэн хэд хэдэн асуудлаар зарчмын шийдэлд хүрч урагшлуулахаар болсон. Ийм эрх ашгийн өмнө энэ мэт эсэргүүцэл шаардлага эрхгүй жижигдэм биш гэж үү. Үнэндээ өнгөрөгч арван нэгдүгээр сарын 21-нд УИХ-аас Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар, томилсноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, яам, агентлагийн орон тоо гэхчлэн ёстой л нөгөө сандал суудалтай холбоотой асуудлыг анхаарлын төвд байсан гэхэд болно.

Тэр одоо л ажлаа эхэлж буй нь энэ. Ер нь тартагтаа л тулчхаагүй бол ямар ч Засгийн газрыг сольж, огцруулах нь цаг хугацаа, хөрөнгө зарчдын “дайсан" байдаг гэдэг. Ийм утга илэрхийлэх үгийг сав л хийвэл дурдаж, хэрэглээд улиг болгочихвол шаардаж бай нь ч, шаардуулж байгаад нь ч үнэгүй болох нь ойлгомжтой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Хамтарч Засгийн газраа байгуулсан намууд бусдын хатгаас дарамт, саналаар нийлсэн эр, эм хоёр шиг аашлаад байж болохгүй. 

Улс орныхоо хүндрэлтэй асуудал, иргэдийн зовлонд сэтгэлээсээ хандах ёстой. Ажил хэрэгч байх хэрэгтэй.

Ажил хэрэгч байх хэрэгтэй. 

Энэ Засгийн газарт хамтарсан ажиллагаа их үнэтэй. Зорьсноо, хийх ёстойгоо хийж чадахгүй бол улс төрийн намууд дахиад хүнд бэрхийг сөрж хамтрах, тэгээд ард иргэдээсээ дэмжлэг авахад хэцүү болно.

Нийгэм, улс төр, эдийн засгийн үр дагавартай байх болно. Та нар хийж, шийдэж, шийдүүлж чадахгүй бол нүүр тулж байгаа Монголын хүндрэл бэрхшээл улам нэмэгдэх болно” хэмээснийг эшлэх байна. Хамтрах амаргүйг тэдний аль аль нь мэднэ, түүх гэрчилнэ. Гэхдээ л тэд энэ замыг сонгосон.

Тиймээс хамтарсан шиг хамтрахыг энэ цаг үе шаардаж байна. Хүчээр нийлүүлчихсэн юм шиг “Уг нь бид ийм бодолтой байсан чинь тэд ингэчихлээ” гэх байдлаар хандахгүй байхыг хүснэ. Хоёр хүчтэй нам давамгайлсан манай улс төрийн системд ойрын хэдэн сонгуулиар аль аль нь дангаараа Засгийн газар бүрдүүлэхүйц хэмжээнд үнэмлэхгүй олонхын санал авч чадахгүй гэж судлаачид таамагладаг ортой.
Тэгэхээр хүссэн, хүсээгүй хамтарч, эвсэх “хувь заяа”-наас хазайж чадахгүй хойно хамтрах үйл явцад мэргэшиж, төгөлдөржүүлэх хэрэгтэй.

Цаашид аливаа хамтарсан Засгийн газарт иргэд, олон нийт итгэх, эсэх нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах болчхоод байгаа юм. МАНАН гэнэ үү, өөр юу гэж гоочлохоос үл зүрхэшнэ хамтрах л хэрэг. Харин өнөөдөр талууд үнэхээр зарчим нийлэхгүй байгаа бол өөр өөрийн замаар явахад оройтохгүй.

“Хамтарсан” нэртэй болохоос урьдын адил өөр өөрийнхөөрөө асуудлыг тайлбарлахад хүрвэл хэн нь ч оноо авч чадахгүй. Цаг нь болоход алдаа, онооны аль аль нь тэдэнд хаяглагдана, зайлах аргагүй. Гэвч эвсэж, нийлүүлэхэд хүргэсэн их том эрх ашгаа бодвол энэ мэт зүйлсэд цаг алдах хэрэггүй биз ээ. Учир нь танхим дотроо өөрийн, өрөөлийн нам гэлгүй бие биенээ дэмжиж чадахгүй бол гаднын шүүмжлэлд юу гэж хариу барих билээ.

Юутай ч уулгамч зангийнхаа уршгаар засаг, төрөө огцруулна, солино гэж юу юугүй жавдан эсэргүүцэх нь хэн нэгэн, хэсэг бүлэг бус нийт Монголчууд бидний ирээдүйд хэрхэн нөлөөлөх, юуг алдаж, юуг олж авах вэ гэж хожмын үр дагаврыг нь урьдаар бодох хэрэгтэй. Тиймээс энэ орны өдөр тутмын аж амьдралыг залгуулж байгаагийнх нь хувьд Засгийн газрын тэргүүнд хугацаа өг. Хангалттай дэмж. Хамтарсан шиг хамтар. Харин дараа нь...

 

Зураг