УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын эмэгтэй гишүүд 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ хүүхдийн мөнгөнөөс 90 тэрбум, эхчүүдийн халамжаас 30 орчим тэрбум төгрөг хэмнэхээр тусгасныг эсэргүүцэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ хэр үр дүнтэй алхам бэ, хэвээр үлдээж чадах болов уу?
-Төсвийн тодотгол өргөн баригдмагц, эмэгтэй гишүүд дээрх хэмнэлтийг хараад Ерөнхий сайдтай уулзсан. Дээр дурьдагдсан хэсгүүдэд таналт хийж болохгүй гэдгийг ч хэлсэн. Бид энэ удаа зүгээр нэг бичиг өгөөд зогсохгүй.
Би энэ тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр маш тодорхой хэлсэн.
Иргэд бүхэл бүтэн 25 жил бүсээ чангалсаар ирсэн. Одоо нэмээд чангалчихвал голоороо тасрах нь байна. Төр буруу хэсгийнхээ бүсийг улам бүр чангалаад байна.
Нийгмийн эмзэг хэсгийн орлогыг танахгүйгээр яаж мөнгө олох арга байна вэ гэдгийг ч хэлсэн. Монголчууд маань уул уурхай, эрдэс бүтээгдэхүүний экспортоос мөнгө олох бүрэн боломжтой. Монгол Улс хамгийн муу экспорттой үедээ 18 сая тонн нүүрс гаргаж байсан.
Гэтэл түүнийгээ 3 саяар бууруулах жишээтэй. Төмрийн хүдэр л гэхэд 5 сая тонн байсныг 3.4 сая тонн болгож бууруулсан. Энэ нь экспортод маш том хөнгөлөлт. Цаад утгаараа 400-500 тэрбумаар тоологдох мөнгө.
Төр буруу хэсгийнхээ бүсийг улам бүр чангалаад байна.
Угтаа энэ мөнгийг уул уурхайгаас олох боломжтой. Түүнчлэн онцгой албан татвар гээд л ярихад ханшийн зөрүүгээс болж хөнгөлөлт үзүүлэх хуулийн төсөл орж ирсэн.
Зүйрлэвэл олон хүүхэдтэй асар их хөрөнгө айлын нэг хүүхэд нь хамаг хөрөнгийг нь авч явж, үрэн таран хийчихээд, мөнгөгүй ирдэг. Асууж сураглахаар “за яах вэ, гаднаас зээлчихье, авдранд байгаа бусад зүйлээ зараад болгочихно” гээд сууж байгаагаас өөрцгүй.
Ингэж суусаар бүгдээрээ өрөнд баригдаж, өтөнд идэгддэг, арчаагүй, анхиагүй айл шиг л болж байна. Өөрөөр хэлбэл энэ зарчмыг өөрчлөхгүйгээр Монгол Улсын төсөв сайжрах, иргэд нь эх орондоо хүн шиг сайхан амьдрах бололцоо харагдахгүй байна.
-Өөрчлөх боломж хэр байна?
-Мэдээж боломж бол бий. Бид хамгийн түрүүнд уул уурхайн бодлогоо цэгцлэх хэрэгтэй. Нэг үе энэ салбарт хөрөнгө оруулалт татъя гэсэн. Тиймдээ ч ихэнх уурхай гадны хөрөнгө оруулалттай, зарим бүр 100 хувь гадаадынх байна шүү дээ.
Одоо зорилгоо гүйцэлдүүлсэн гэж үзэн, хариуцлагатай уул уурхайн талаар ярих болсон. Гэхдээ миний хувьд бодлоготой уул уурхайтай болмоор байна. Нэлээд хэдэн жилийн өмнө 60-70 уурхай бий гэж байсан.
Тэгвэл тэр хэмжээгээр эрдэс баялагаа экспортлож байна л гэсэн үг. Гэхдээ үүнийхээ мөнгийг бид оруулж ирж чадаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй.
Эдийн засгийн энэ дүр зурагаа сайн харахгүй бол бидэнд найдвар алга.
Дээр зүйрлэсэн айлаар бол бид том хүү нь авдран дахь шүр, сувд, үнэт эдлэлээ авч явж, мөрийтэй тоглож алдчихаад, эсвэл ганцаархнаа том хаус авчихаад амьдраад байгаа юм биш биз дээ. Эдийн засгийн энэ дүр зурагаа сайн харахгүй бол бидэнд найдвар алга.
-Гэхдээ уул уурхайн компаниуд ч хүнд байдалд орчихоод байгаа юм биш үү?
-Би УИХ-ын зарим гишүүнтэй хамтран Монголын томоохон компаниуд, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөллийг дуудаж уулзахаар төлөвлөөд байгаа.
Тэдгээр компаниуд УИХ-ын ганц, хоёрхон гишүүнтэй лоббигоор ойлголцох бус, бусад гишүүдтэй уулзаж өөрсөддөө тулгарч буй бэрхшээлээ ярилцаж, ойлголцох боломжийг олгох юм.
Төр гадагшаа чиглэсэн мөнгө санхүүгийн урсгалаа буцаан ирүүлж чадахгүй, түүндээ татагдаад орчихсон, цэгцлэх чадваргүй болчихсон гэдгээ ойлгож, цэгцэлж авах хэрэгтэй байна.
Түүнээс биш ганц, хоёр их наяд төгрөг хэмнэх гээд улсаараа сүйрээд, жагсаал, цуглаан хийгээд эх орноо аварч чадахгүй.
-Эмэгтэй гишүүдээс гадна бие даагчид бас иргэдийн халаасыг суйлахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Ер нь хэр дэмжлэг авах бол?
-УИХ-ын чуулган дээр хэлэлцэж байгаа үйл явцыг харахад олон хүн эрүүл байр суурьтай байна лээ.
Яаж ч хүндэрч, хэцүүдсэн хүүхдийнхээ хоолны мөнгөнөөс хасдаг, ээжийнхээ түрийвч рүү гараа дүрдэг төр засаг байж болохгүй. Гишүүд эсэргүүцэж, эмэгтэй гишүүдтэй санал нэгдэх байх аа.
-Гэхдээ энэ удаагийн хэмнэлт улстөрчдийн шоу юм биш үү. МАН-ынхан АН-ынханаар хоолойг нь боомилуулж, ирэх жилийн сонгуулийн буухиагаа эхлүүлж байгаа мэт харагдаж байна шүү дээ. Хүний гараар могой бариулах гэдэг дээ?
-Угаасаа цаад утгаараа сая ярьсантай л холбоотой томоохон аж ахуйн нэгжүүд энэ хоёр том намыг санхүүжүүлдэг шүү дээ. Нэгэнт тэднийг санхүүжүүлж парламентад оруулсан учраас төлбөрөө аль нэг орд, төсвөөр дамжуулж аваад байна. Энэ бол маш ойлгомжтой, энгийн схем болчихлоо.
Үүнийг хоорондын зөрчил, тэмцэл, мөргөлдөөнөөр бус яриа хэлэлцээрээр шийдээсэй гэж хүсч байна. Үндсэн хуулийн өөрлчлөтөөр үүнийг шийдэх юмсан гэж бодож байна.
Тиймээс л гадныханы өрөнд баригдаж, өнөөх нь хоолойд нь хутга тулгаснаас өөрцгүй болчихсон учраас төгрөгийн ханш, ядуурал, төсөв хамаагүй мэт болчихоод хүмүүсийн зовлонг сонсоод бололцоотой бол аварч үлдэх алхам хийе.
Боломжгүй бол хоёр компанийн төлөө улсаа сүйрүүлж болохгүй гэдгийг ярилцъя гэж бодож байна.
-Зарим хүн таныг хэдэн компани руу дайралт хийх нь гэж хардах байх?
-Би аль нэг аж ахуйн нэгжийг чичлээд байгаа юм алга. Нэлээд том хүрээгээр нь хэлж байгаа юм. Угаасаа Монголыг цөөн хэдэн компани авч явдаг, татвар төлдөг гэдэг.
Эдгээрийн ихэнх нь уул уурхайн компани шүү дээ.
Эсгийгээр юм урлаад, хоолны газар, ресторан ажиллуулаад томоохон татвар төлөгч болчихсон аж ахуйн нэгж байхгүй шүү дээ.
-Тэгвэл эцсийн бүлэгтээ улстөрчид уул уурхайн компаниудад өрөө төлөхийн тулд ард иргэдийн халаас руу гараа дүрж байна гэсэн үг үү?
Энэ талаар маш сайн ярилцах хэрэгтэй. Тэгж байж зөв алхам хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|