-Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт хийгдэх ажлууд-
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр хот байгуулалт, хөрөнгө оруулалтын дараахь ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Улсын төсвөөс 164 тэрбум төгрөгийн ажил хэрэгжүүлэхээр батлагдсан.
Түүнчлэн:
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд нийт 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулна.
НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд Нийслэлийн 8 дүүрэг, 37 хорооны 1506,1 га талбайн 16109 нэгж талбар буюу Нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад энэ онд 28,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118, 263 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 10-н байршилд баригдах орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 38-н төсөл арга хэмжээний 106,932 тэрбум төгрөгний төсөвт өртөг бүхий ажлуудыг гүйцэтгэнэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хороололд амьдардаг 4000 иргэнийг орон сууцаар хангана.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай байгууллагыг байгуулж ажиллана. Нийслэлийн Орон сууцны хөтөлбөр нь дараахь 5 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөр нь 9 жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр юм. Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхижуулах зэрэг зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдана.
Өнгөрсөн онд Нийслэлийн ЗДТГ, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд төслийн эхний үе шатны 104.52 сая ам долларын санхүүжилттэй Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил энэ онд эхэлнэ.
Улаанбаатар хот дахь амины орон сууцыг Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоонд хамруулахад тавигдах үндсэн шаардлагуудыг тодорхойлох, эдгээр шаардлагыг хангуулах санхүүгийн оновчтой схемийг судалж, холбогдох арга хэмжээ авч эхлүүлэхээр төлөвлөж байна.
“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн баталгааг авах зорилтот бүлгийг тодорхойлох, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Газрын шинэчлэн зохион байгуулах замаар зургаан төсөл хэрэгжүүлж 580 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбож, тохилог амины орон сууцтай болгох ажлыг хийнэ.
Өнгөрсөн онд НИТХ-аар баталсан таван байршилд иргэдэд газар өмчлүүлсэн бол энэ онд 44 байршилд гэр бүлийн хэрэгцээнд зориулан цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж дуусна.
Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу нийслэлийн иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг хот шийдвэрлэх томоохон ажлыг хэрэгжүүлж эхлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!