Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Хонь иддэг” Ц.Намсрайнх

Д.Түвшин
2015 оны 1 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Аав,ээж, охин гурвуулаа Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн гэр бүл Монголд ганцхан байдаг. Түмнээрээ хүрээлүүлж, төрөөр соёрхуулсан дахин давтагдашгүй гайхамшигтай энэ гэр бүл нь “Үнэн” сонинг тасралтгүй 22 жил удирдсан Монгол Улсын төрийн соёрхолт, СГЗ Олхонууд овгийн Цэндийн Намсрай агсны гэр бүл билээ.

Төрийн шагналт, СГЗ Ц.Намсрай агсан, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай нар 1944 оны шинэ жилээр танилцаж 1946 оны нэгдүгээр сарын 5-нд нэг гэрт орсноор 44 жилийн гайхамшигтай их амьдрал туулцгаажээ.

Өрхийн тэргүүн Ц.Намсрай агсан

Монголын толгой сэхээтнүүдийн нэгэн нэртэй орчуулагч, төр, олон нийтийн байгууллагын гарамгай зүтгэлтэн Цэндийн Намсрай 1918 оны 6-р сарын 25-нд одоогийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Бумбар гэдэг газар малчин ард Цэндийн долдугаар хүү болон мэндэлжээ.

Дээрээ ганцхан ахтай, есөн эмэгтэй эгч дүүтэй байсан тэр аав, ээжийнхээ амин хайртай хүү нь байж, эрхлэхийн дээдээр жаргалтай өссөн гэдэг. Хүүхэд байхдаа өглөө сэрээд гэрээсээ гарч шээж үзээгүй Ц.Намсрай агсан газраар зулж хэвтсэн эгч нарынхаа толгой дээр нь л гоожуулчихдаг байжээ.

Хүүгээ аминаасаа илүү хайрладаг ээж нь эгч нарыг нь загнаж “Муусайн хүүхнүүд дуугүй бай. Дүүгий чинь ус та нарт рашаан л гэсэн үг” хэмээн зад загначихдаг байсан гэдэг. 

Тийм их хайранд өссөн тэр хүн хожим нь өөрийнхөө таван хүүхдийг чангахан ч зандарч үзээгүй гэнэ лээ. Ц.Намсрай агсан 1930 онд Улаанбаатар хотод орж ирэн Үлгэр жишээ дунд сургуульд гурван жил сураад ЗХУ-ын Улан-Үд хотын Монголрабфакт явж суралцжээ. 1938 онд сургуулиа төгсөх гэж байхад нь Монголоос дуудаж хувьсгалын эсэргүүний дүү хэмээн татсан байдаг.

Учир нь ганц ах Ц.Баттөмөр нь 1932-1937 онуудад Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байгаад “Лхүмбэ”-ийн хэрэгт холбогдон 33-хан насандаа цаазлагджээ. Хайртай ганц ахыгаа цэл залуухнаар нь алдсандаа насан туршдаа харамсан гашуудаж явсан тэрээр ахынхаа хийж байсан сайдын ажлыг 1948-1950 онд хашсан нь ёстой л хувь заяаны даажигнал гэлтэй. 

Улан-Үд хотын Монголрабфакт суралцаж байхдаа Н.Лувсанчүлтэм, Ч.Лодойдамба, Д.Майдар, Б.Ширэндэв, Ю.Цэдэнбал зэрэг хожим нь Монголын тэргүүлэх сэхээтнүүдтэй танилцан нөхөрлөжээ. Тэдний дундаас Монгол Улсын нам төрийн тэргүүнээр 40 гаруй жил ажилласан Ю.Цэдэнбалтай хамгийн ойр нөхөрлөж түүнийг зэмлэж, донгоддог бараг л ганц хүн нь байсан гэдэг. Ю.Цэдэнбал дарга бухимдаж ядарсан үедээ чухамхүү “Үнэн” сонины эрхлэгч, дотны нөхөр Ц.Намсрай руугаа утас цохиж “Бушуухан нэг юм аваад хүрээд ир” хэмээн дууддаг байж. 

Тэр үедээ Ю.Цэдэнбал дарга комиссарууддаа “Хэнийг ч бүү оруул” хэмээн тушаачихаад хоёулхнаа бүх л сэдвээр сэтгэлээ онгойтол ярилцдаг байсан гэнэ. Зарим үед Ю.Цэдэнбал дарга хэтрүүлчихээд орой нь гэртээ халамцуухан очиход эхнэр Филатова нь “Кто тебя напоёл, который Намсрай да” гэж хатуухан байцаадаг байсан гэдэг.

Ц.Намсрай агсан чигч шулуухан зантай, туйлын нягт нямбай нэгэн байж. Л.Цогзолмаа гуайтай амьдралаа холбож тоонот гэрт толгой холбон амьдарсан 44 жилийн хугацаанд дөрвөн охин, нэг хүүгийн аав ээж болцгоож гэрээрээ дүүрэн зочин гийчин шавуулж суух дуртай, долоо хоногт нэг хонь иддэг айл байж. Ямар сайндаа хавь ойрынхон нь ”Хонь иддэг Намсрайнх” хэмээн ярилцдаг байжээ. 

Н.Сувд, Н.Шүр, Н.Ганчимэг, Н.Ганхуяг, Н.Энхтүвшин хэмээх таван сайхан хүүхдийн аав ээж бололцож 44 жил хамтдаа амьдрахдаа хоёр бие рүүгээ хялайж ч харж үзээгүй Ц.Намсрай агсан, Л.Цогзолмаа гуай хоёр бие биенээ “папа, мама” хэмээн дууддаг байсан нь чухамдаа хоёр биендээ аав, ээж болон ханилсных билээ. Ц.Намсрай гуай 1990 онд 72 насандаа бурхан болжээ.

Ц.Намсрай, Л.Цогзолмаа нарын таван сайхан хүүхэд

Энэ гэр бүлийн ууган охин өнөөдрийн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд 1948 онд мэндэлжээ. 

Хайрт аавыгаа өвчиж төрсөн Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд тун ч буурьтай, олон үггүй нэгэн. Түшигтэй дөрвөн дүүдээ энэрэлтэйхэн эгч, хоёр сайхан хүүгийн буянтай ээж Н.Сувд гуай 70 насны өндөрлөг рүү дөхөж яваа гэхэд үнэмшмээргүй овор багатай нэгэн.

2009 онд Ардын жүжигчин хэмээх эрхэм өндөр шагнал хүртэхдээ “Хайрт ээжийнхээ хүртсэн энэ өндөр шагналыг хоёрхон жилийн дараа хүртсэндээ тун их баярлахын зэрэгцээ бага зэрэг сандарч л байна” гэсэн нь ижий, аавыгаа ямар их хүндэтгэн хайрладагийнх нь бодит нотолгоо байж.

Москвагийн Бүх Холбоотын Кино Урлагийн дээд сургуулийг төгссөн Ардын жүжигчин Н.Сувдыг Монголын ард түмэн “Мандухай хатан” хэмээн бишрэн хүндэтгэдэг нь зүй ёсны шагнал билээ.

Н.Сувд гуай Т.Бат-Оргил,Т.Мөнх-Оргил хэмээх хоёр сайхан хүүтэй. Ардын жүжигчин Н.Сувдыг урлаг судлаач мэргэжилтэй бага хүү Т.Мөнх-Оргил нь Америк бэртэй болгож тун ч их баярлуулсан нь хэдхэн жилийн өмнө болсон явдал.

Ц.Намсрай агсны хоёр дахь охин Н.Шүр эгчээсээ хоёр насны зөрүүтэй төржээ. Дутуу төрж аав, ээжийгээ багагүй сандаргасан Н.Шүр Москвагийн ОУХДС-ыг сэтгүүлч мэргэжлээр төгссөн нэгэн. Монголын хэвлэлийн “магнат” Ц.Балдорж агсны гэргий тэрээр өнөөдөр нөхрийнхөө үүсгэн байгуулж хөл дээр нь бат зогсоосон “Монгол Ньюс” группээ амжилттай удирдан чиглүүлж явна. Өнөөдөр Н.Шүр захирлын хүүхдүүд Б.Гантүшиг, Б.Мөнхтүшиг Б.Нандинтүшиг, Б.Номинтүшиг нар нас биенд хүрцгээж хайрт аавынхаа үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сонин болон бусад бизнесийн салбарыг нэр төртэй авч явна.

Ц.Намсрай агсны гурав дахь охин Н.Ганчимэг эгч дүү дотроо хамгийн хөдөлгөөнтэй, сэргэлэн нь байсан гэнэ. Монголдоо ХБДС, дараа нь Ереваны хөгжмийн дээд сургуулийн төгөлдөр хуурын анги төгссөн тэр одоо Хөгжим бүжгийн Коллежийн хамгийн туршлагатай, нэр хүндтэй багшийн нэг.

Н.Ганчимэгийн нөхөр Ц.Мөнхжин нь удам дамжсан, Монголын алдартай зураачийн нэгэн билээ. Ц.Мөнхжин, Ц.Энхжин хэмээх баргийн хүн андуурмаар ихрүүдийг урлагийн хүрээнийхэн байтугай жирийн иргэд ч андахгүй. Хоёулаа удмын буурал болохоор Э.Бат-Үүл баатар шиг цасан цагаан толгойтой. Ц.Намсрай агсын гэр бүлд УГЗ хэмээх эрхэм алдрыг авч ирсэн хүргэний хувиар Л.Цогзолмаа гуайн хайртай хүргэний нэг нь билээ.

Ц.Намсрай агсны газар дээрх ганц хүү Олон улсын харилцааны мэргэжилтэн Н.Ганхуяг хүүхэд насаа Ю.Цэдэнбал даргын хайр энхрийлэл дор өнгөрүүлсэн гэдэг. “Манай Намсрай хүүтэй боллоо” хэмээж Ю.Цэдэнбал дарга тун их баярлаж хэсэг завсарлаад л янз бүрийн тоглоом, бэлэг сэлтээр дардаг байсан гэдэг.

Москвагийн ОУХДС-ыг төгссөн ганц хүүдээ Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай хачин хайртай гэсэн. Гэхдээ Н.Ганхуягийг ээж, ааваас нь ч илүү хайрлаж ёстой л өөхөнд ороож өсгөсөн нэгэн их буянтан байдаг юм билээ. Тэр хэмжээлшгүй ачтан нь Ц.Намсрай агсны төрсөн эгч Ц.Өлзийсүрэн гэгч цаглашгүй их буянтай буурал байжээ.1987 онд 80 насандаа бурхны оронд одсон энэ буурал Ц.Намсрай гуайн таван хүүхдийн хувьд жинхэнэ амилсан бурхан байсан гэдэг.

Ц.Намсрай гуайн хамгийн бага охин Н.Энхтүвшин Москвагийн Кино урлагийн дээд сургуулийг кино шүүмжлэгч мэргэжлээр төгсжээ. Ардын жүжигчин эгч Н.Сувдынх нь тодорхойлсноор “Хэрвээ миний дүү жүжигчин болсон бол намайг дагуулахгүй жинхэнэ оргилсон авьяастай жүжигчин байх байлаа. Даанч өөр мэргэжил сонгосон” гэсэн үг түүний ямархуу авьяаслаг нэгэн болохын тодорхой баримт юм. Ц.Намсрай гуай отгон охиныхоо хуриманд дээр ёстой л нэг сэтгэл нь ханаж аз жаргалаар бялхаж байсан гэдэг.

Хайрт эхнэр Л.Цогзолмаа нь долоо хоногийн нормтой хоёр шил архи, хамгийн сайн тамхиар тасалж үзээгүй ч Ц.Намсрай гуай отгон охиныхоо хуриман дээр жаахан халчихаад ”Аав нь ийм сайхан жаргал амсах гэж амьдарсан юм. Хайрт хүүхдүүд минь одоо би хамгийн жаргалтай аав боллоо” гэж хэлжээ.

Тийм сайхан амьдрал, тэр сайхан хувь заяа гэдэг хүссэн болгонд тохиодоггүй буюу. Монголын ард түмний хайр, бахархал шингэсэн тэнгэрлэг гэр бүлийн тухай товчхон өгүүлэхэд ийм бөлгөө. 

Зураг