Бид бүхэн хуриман дээрээ үхэн үхтлээ хамт амьдрах андгай тангараг тавьдаг ч энэ нь амар биш гэдгийг амьдрал харуулдаг. Тэгвэл шинжлэх ухаанаар баталгаажсан эдгээр аргуудыг хэрэгжүүлбэл гэр бүл бат бэх оршдог гэнэ.
Эмори Их сургуулийн судлаачдын олж тогтоосноор хямд зардлаар хурим хийсэн хосууд удаан хугацаанд хамт амьдардаг байна. Тэдний судалгаагаар хуримандаа 20 мянгаас дээш доллар зарцуулсан хосуудын дотрох салалт, 5-10 мянгыг зарцуулсан хосуудынхаас 3.5 дахин их байжээ.
АНУ-ын ШУ-ы Үндэсний Академийн сэтгүүл дээр гарсан судалгааны тайлангаас харвал интернэтээр танилцсан хосууд, бусад аргаар танилцсан хосуудаас бага салалттай байжээ. Мөн гэр бүлийн амьдралдаа илүү сэтгэл хангалуун байгаа нь ч харагдсан байна. Тиймээс онлайнаар хүнтэй танилцах нь тийм ч буруу зүйл биш бололтой.
Фэйсбүүк салалтын шалтгаан болох уу? 2014 оны Бостоны Их сургуулийн судалгаагаар тийм гэсэн хариулт гарчээ. Гэртээ нийгмийн сүлжээ их хэрэглэдэг хосууд хэрэлдэх маргах нь их байдаг. Нийгмийн сүлжээнээс маш их хамааралтай болсон хүмүүсийн 32 хувь хосоосоо салах тухай бодолтой байгааг судалгаа гаргасан байна. Үнэндээ ингэж салах тухай бодож байгаа хосуудын 16 орчим хувьд нь бодитой шалтгаан байдаггүй гэнэ.
Journal of Consulting and Clinical Psychology сэтгүүлд гарсан судалгааны үр дүнгээр хамтдаа кино үздэг хосуудын дотрох салалт ингэдэггүй хосуудынхаас хоёр дахин бага байжээ. Шалтгаан нь өнөөдөр залуус хоорондоо нүүр нүүрээ тулан харьцах нь багассан. Ихэнхдээ интернэт хэрэглэдэг. Тиймээс ийм амьд харилцаа үүсгэж, киноны дүрд өөрсдийгөө орлуулан төсөөлөх нь тун сайн үр дүнтэй.
Сэтгэл судлаач Жон Готтмэны зөвлөснөөр хосууд нэг нэгнийхээ анхаарлыг татах ямар нэг зүйл хийхэд нь түүнийг тоолгүй өнгөрөөх нь харилцаанд цав суулгадаг гэнэ.
Гэрлэсэн хосуудын дунд зургаан жил орчим судалгаа хийсний дүнд ийм ялихгүй жижиг мэт санагдах зүйлс маш чухал болохыг баталжээ. Тиймээс анхаарлыг тань татах гэсэн хайртынхаа үйлдлийг үл ойшоохгүй байвал сайн.
Беркли дэх Калифорнийн Их сургуулийн судлаачид олж тогтоосноор хэрэлдэж маргах үедээ “би” болон ”чи” гэхийн оронд ”бид” гэсэн үг хэрэглэвэл асуудлыг шийдэхэд хялбар байдаг гэнэ. Дараа нь ч дахин дурсаад байдаггүй аж. Харин эсрэгээрээ би чидээ тулах үед хүний ухамсарт “азгүй гэрлэлт” гэсэн бодол төрж эхэлдэг ажээ.
Эхнэрээ усны мандал дээр алхаж чадна гэдэгт итгэ. Бүр энэ тухайгаа түүнд хэл. Баффалогийн Их сургуулийн судалгаагаар харилцан нэгнээ өндрөөр үнэлж, өргөжилдөг хосууд бат бэх гэр бүлтэй байдаг гэжээ. Сайн дураараа судалгаанд оролцсон 222 хосын гурван жилийн ажиглалтаас энэ үр дүн гарсан байна. Тиймээс нэг нэгнээ дутуу үнэлэхийн оронд хэтрүүлж үнэлсэн нь дээр.
Бүх чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх нь сайн гэж бодож байж магадгүй. Гэхдээ тийм биш. Journal of Marriage and Family сэтгүүлд гарсан судалгааны үр дүнгээр дуртай биш байлаа ч нэгнийхээ хоббид албаар татагдах нь гэр бүлийн харилцаанд сайн биш. Тус тусын хоббитой байж, харилцан түүнийгээ хүндэтгэх нь илүү үр дүнтэй.
Гэхдээ хоёул ижилхэн сонирхдог зүйлтэй байх нь бас боломжтой хувилбар юм.
Эх сурвалж: lifter.com.ua
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!