Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим савласан цэвэр ус чанарын шаардлага хангахгүй байна!

ikon.mn
2014 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

МХЕГ-аас энэ сарын 12-21-ний өдрүүдэд савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хяналт шинжилгээ хийжээ.

Шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа савласан цэвэр усны 54 үйлдвэрийг хамруулсан байна.

Цэвэр ус үйлдвэрлэхээ зогсоосон, тоног төхөөрөмжийн тохиргоо, засварын ажлыг үе шаттай хийж байгаа зэрэг шалтгаанаар цэвэр усны үйлдвэрлэлээ зогсоосон бусад 13 аж ахуйн нэгж хяналт шинжилгээнд хамрагдаагүй  юм байна.

Хяналт шинжилгээнд хамрагдсан нийт үйлдвэрүүдийн:

  • 55,7 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилга байгууламжинд буюу төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон
     
  • 44,3 хувь нь түрээсийн буюу өөрчлөн засварласан зориулалтын бус, хэсгийн усан хангамжтай байранд үйл ажиллагаа явуулж
    байгаа
     
  • 57,7 хувь нь технологийн хэрэгцээний халуун устай, даралттай халуун усаар дамжлага шугамыг угаах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Гүний худгаас эх үүсвэртэй буюу хэсгийн усан хангамжтай үйлдвэрүүдийн 30.6 хувь нь ундны усны эх үүсвэрт хамгаалалтын бүсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллаж байгаа ажээ.

Түүхий эд, сав баглаа боодлын баталгаажилтын шалгалтаар үйлдвэрүүдийн 26,9 хувь нь “Мегапласт монголиа” ХХК-аас, 13,4 хувь нь Мон Пак ХХК-аас, 15,3 хувь нь бусад эх үүсвэрээс, 1,9 хувь нь БНСУ-аас, 42,3 хувь нь БНХАУ-аас савлах савны бэлдэцийг импортлон үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Хуванцар лонхны угаалга, ариутгал, халдваргүйтгэл, бэлэн лонхонд код тавигдсан байдал:

  • 68,5 хувь нь автомат ажиллагаатай машиныг цэвэр усны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид суурилуулан үйлдвэрийн технологи ажиллагааны дагуу ажиллуулж, цэвэр ус савлах хуванцар лонхыг угааж, халдваргүйжүүлэн хэрэглэж байна.
     
  • 31,4 хувь нь автомат тоног төхөөрөмжгүй, сав, бэлэн болсон лонхыг бор давс, сод, марганц  зэрэг  бодис ашиглан угааж, савыг дахин хэрэглэж байгаа аж.
     

Ажиллагсдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын байдал:

Эдгээр үйлдвэрийн ажиллагсдын 86,96% нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, хөдөлмөр хамгааллын хувцасаар хангагдсан байжээ. Үйлдвэрүүдийн 92,3% нь мэргэжлийн технологичтой, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн 61,5% нь дотоодын хяналтын лабораторитой, савлаж байгаа усанд хяналт тавьж байна.

 

Хяналт шинжилгээгээр 68 зөрчил илрүүлжээ

  • Савласан цэвэр уснаас авсан 78 дээжийн 43,5 хувь нь нянгийн тоо нормоос их, 3,8 хувьд 100 мл усанд Е.coli илэрсэн нь үйлдвэрүүд бэлэн болсон савыг угаах автомат тоног төхөөрөмж суурилаагүй, лонх, савыг зааврын дагуу ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэж угаадаггүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын хугацааг баримталж угааж хэвшээгүйгээс усаар дамжин хордлогот халдвар тархах нөхцөлийг бүрдүүлж байна.
     
  • Хяналт шинжилгээнд хамрагдсан савласан цэвэр усны 9,09 хувьд нитритын, 5,5 хувьд аммонийн ион буюу шим бохирдлын үзүүлэлт илэрч байгаа нь усаар дамжин хордлого, халдвар гарах эрсдэлийг бий болгож байна.
     
  • Савласан цэвэр усны үйлдвэрийн цэвэрлэгээ, сагс, сав суулга, тоног төхөөрөмжийн угаалга, халдваргүйжүүлэлт, ажиллагсадын хувийн ариун цэврийн байдалд үнэлгээ өгөх зорилгоор эрүүл зүйн бичил нян судлалын нийт 520 арчдас шинжилгээ авч шинжлүүлэхэд 28.2 хувь нянгийн бохирдолтой байгаа нь үйлдвэрлэлийг зориулалтын бус байранд явуулж байгаа, хэрэгцээний халуун усаар хангагдаагүй, угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийдэггүй, хувийн ариун цэврийг сахиж хэвшээгүйгээс шалтгаалж байна.
     
  • Цэвэр ус савлах лонхуудыг угаах тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулдаггүйгээс лонхыг гурван дамжлагаар угаадаг, шүүсэн усыг ус нөөцлөх саванд хадгалж гар аргаар савлаж байгаагаас савласан цэвэр ус бохирдох нэг нөхцөл болж байна./Дорноговь аймгийн Зам үүд сумын цэвэр усны үйлдвэрүүд/
     
  •  Хяналт шинжилгээнд хамрагдсан үйлдвэрүүдийн ажиллагсадын 13.04% эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, савласан цэвэр усны үйлдвэрт ашиглаж байгаа гүний худгуудын 69,7% хамгаалалтын бүс тогтоогоогүй, савласан цэвэр усны шошгонд орц найрлагыг бичихдээ стандартын үзүүлэлтийг хуулж бичсэн, хэрэглэх заавар, хадгалах нөхцөл, үйлдвэрлэсэн хугацаа, бүтээгдэхүүний цувралын дугаарыг тэмдэглээгүй, үйлдвэрүүдийн дотоодын хяналт сул, дотооддоо хяналт тавих журам гаргаж мөрдүүлээгүй, үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй  нь зэрэг зөрчлүүд мөн илэрсэн байна.

Авсан арга хэмжээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа

  • “Блү голд”,
     
  • “Файрсанни мүүн”,
     
  • “Вояж” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрт улсын байцаагчийн 11 заалт бүхий гурван албан шаардлага хүргүүлсэн.

Мөн ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдаж олныг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, хордлого гарч болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн

  • “Хэгсакуа”,
     
  • “Том цагаан”,
     
  • “УБЗБ” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

 

Мөн “Вошштерн”, “Хэгсакуа” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Шинжилгээний дүнгээр нянгийн тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан усны үйлдвэрүүдийн усыг шавхалт хийлгэн, ус нөөцлөх сав, тоног төхөөрөмжийг зааврын дагуу угаалган, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч дахин дээж авч шинжлүүллээ.