2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх "Шилэн данс"-ны тухай хуулийн талаарх Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс ОНЦЛОХ 50 ЭШЛЭЛИЙГ хүргэж байна.
Ц.ЭЛБЭГДОРЖ: “Шилэн данс”-ны тухай хууль гарсан нь ямар учир утгатай юм бэ гэдгийг хэлье
-
- Ерөнхийлөгчөөсөө авахуулаад энд сууж байгаа бүх хүн, хуулийн этгээдүүд, төсвийн байгууллагын ажилтнууд ард түмний өгсөн мөнгөөр л тэжээгдэж байгаа.
- Нью-Йоркт 24 орны төр, засгийн тэргүүн, тэдний дунд миний бие оролцож энэ чиглэлээр санаачилга гарган дэлхий даяар түгээе, хэрэгжүүлье гэсэн шийдвэр гаргаж, үүрэг хүлээсэн юм.
- НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол Улсын хийх ёстой нэг ажил.
- Хариуцлага гэдэг зүйлийг хүн гэж авч үзэх юм бол тэр хүний эд эрхтэний нэг нь шилэн данс юм. Магадгүй тэр шилэн данс нүд нь, тархи нь байх.
- Хамгийн эхэлж хийх юм бол өнөөдрөөс хуулиа унших хэрэгтэй. Энд “Шилэн данс”-ны хуулийг бүрэн уншаад цоохорттол нь зурсан хүн цөөн л байгаа.
- Ерөөсөө 6 хуудас цаас дээр хэвлээд гаргачих боломжтой хууль.
- “Шилэн данс”-ны хуулийн тухай мэдээлэл тавих эрх үүрэгтэй ийм 5000 албан тушаалтан байна гэж ойлгох хэрэгтэй.
- Төсөв мөнгө зарцуулдаг байгууллага бүрийг нэрээр нь гаргаад ард талд нь хариуцсан этгээдүүдийнх нь нэрийг албан тушаалтай нь тавих хэрэгтэй.
- Гаргасан шийдвэрээ нууц гэнэ, бичсэн юм аа нууц гэнэ. Энэ дээр бүүр тодорхой хэлж өгсөн. Ганцхан төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй л гэж байгаа.
- Гүйцэтгэх ажил гэж юу байдгийг бүгд мэдэх байх. Ийм ажил хуулиар хийх эрхтэй наймхан газар байгаа.
- 8 байгууллага дотор зөвхөн гүйцэтгэх ажил нь шүү.
- Хариуцлагатай улс гэж албан тушаалтнуудтай хариуцлага тооцоод унагаж болдог, буулгаж болдог тэр арга хэрэгсэл нь хүмүүсийн гарт байдаг улсыг хэлдэг юм.
- “Шилэн данс”-тай холбоотой үйл ажиллагаанд хамгийн түрүүн оройлж оролцох ёстой байгууллага Засгийн газар, Сангийн яам.
- Их Хурлын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Шилэн данс”-ны хуулийг хамгийн сайн хэрэгжүүлдэг байгууллага болох ёстой.
- Нийгмийн даатгалын сангийн төсөв гэж байна. Бид тэтгэвэр, тэтгэмждээ зориулж мөнгө төлж байна. Тэр яаж зарцуулагдаж байгаа нь ерөөсөө тодорхойгүй байдаг.
- Хэмнэсэн, хэтрүүлсэн бол тайлбартайгаа тавь гэж байгаа. Зөвхөн нэг тоо тавиад орхихгүй.
- Тэгээд ажил үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж нь 10 хувийн ашиг хийх гэж дээр нь зүтгэж байж магадгүй.
- Аж ахуйн нэгжүүд төсвөөс ажил үйлчилгээ гүйцэтгээд эхэлбэл их хэмжээний хэлцэл гэж хийнэ. Их хэмжээний хэлцэл гэдгийг тухайн аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн 25 хувиас дээш гарсныг нь хэлж байгаа юм. Ийм хэлцэлд төртэй орсон бол тэр аж ахуйн нэгж “Шилэн данс”-ны субъект болж хувирч байгаа. Асуудал нэлээн нарийсч хатуурч байгаа шүү гэдгийг энд хэлье.
- Төрийн албан тушаалтантай яаж хариуцлага тооцох вэ гээд. Эхлээд сануулна, дараа нь албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20%-иар бууруулна, эцэст нь ажлаас нь хална, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр гээд бичсэн байгаа.
- Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ заавал энэ дарааллыг баримтлах шаардлагагүй гэж хуульд оруулсан. Шууд халчих юмыг 20%-иар энэ тэр гэж эрхлүүлэх хэрэггүй.
- Иргэн, аж ахуйн нэгж дээр энэ хууль илүү зөөлөн хандаж байгаа.
- Монголын ард түмэн итгэлтэй болчихвол төрийн нэр хүнд, төсөвт байгууллага, төрийн байгууллагын нэр хүнд босох гээд байна.
- Би сая Их Хурлын чуулган харж байсан. Их л завтай харагдах юм.
- Хийх ажилдаа “Шилэн данс” гэдэг цэс нэмээд өгчих.
- Улс төрийн албан тушаалд очих гэж хэдэн арваараа гүйлддэг нийгэм биш.
- “Шилэн данс”-ны хуульд нэг гайхамшигтай зүйл байгаа. Та бүхэн олж хараасай гэж хүсч байна. Баталсан төсвийн хойноос явдаг биш түүнийг төлөвлөхөд энэ хууль хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Ийм мөнгийг тусгахаа болино.
- 110 нэр төрлийн ажил үйлчилгээнд бид мөнгө зарцуулдаг байсан бол магадгүй сүүлийн 20 нь алга болно. Ингэж төсөв бага болдог, хариуцлагатай болдог хэлбэр лүү орох юм.
- Монгол Улс сайн хэрэгжүүлээд явбал бусад улс ч энэ туршлагыг хардаг, ярьдаг болно.
- Ийм учраас үлдэж байгаа хугацаандаа Монгол Улсыг хариуцлагатай улс болгохын төлөө, Монгол Улсыг итгэлтэй улс болгохын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийх гэж зүтгэнэ. Бүх албан тушаалтан бас ингэж ажиллах ёстой гэдгийг хэлье.
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ /Бүрэн эхээрээ/
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!