Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйд ээж, аав болох залуустаа хаяглав

Х.Монголхатан
2014 оны 11 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Хүний жаахан үрс хүнд өвчнөөр өвдөж, гадагшаа өндөр үнэтэй хагалгаа, эмчилгээнд явах мөнгө олохын тулд сайхан сэтгэлт хүмүүсээс тусламж гуйсан зар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр өдөр алгасахгүй гарах боллоо.

Нүд хальтарч, сэтгэл өвдөм тэр хүүхдүүдэд туслах гэсэн хүмүүс өдрийн хоол, унааны мөнгөнөөсөө илүүчлэн хандив өгч байна. Ямар ч гэмгүй тэр бяцхан хүүхдүүд эрүүл саруул болоосой гэж олон хүн залбирч сууна.

Гэхдээ өвдсөн хойно нь туслах биш, өвдөхөөс нь урдчилан сэргийлэх ямар боломж байгааг ярилцмаар санагдав. Төрөлхийн гажигтай, хүнд өвчтэй хүүхдүүд олширч байгаагийн шалтгааныг тунгаан бодож, анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болсон.


 

ЭРҮҮЛ ХҮҮХЭД ЭХ ОРНЫ ҮНЭТЭЙ БАЯЛАГ

Шалтгааны эхэнд Улаанбаатар хотын аймшигт утааг нэрлэх нь тодорхой. Бид жилийн зургаан сард нь шахуу хорт утаагаар амьсгалж байна. Цаашлаад ногоон байгууламж муутай хотын маань хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг албаны хүмүүс хэлж буй.

Энэ талаар хийгдсэн судалгаа ч олон бий. Тиймээс өвөлжин хордуулсан утаатай залган газар гэсэх үед дээд цэгтээ хүрсэн хөрсний бохирдол агаарт дэгддэг.

Ийм аймшигтай орчинд эхийнхээ хэвлийд ураг хэрхэн эрүүл бүрэлдэх билээ. Мөн уул уурхайн компаниудын балгаар газрын хөрс, ундны ус бохирдож байна. Хүнсний бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг гаднаас, тэр дундаа Хятадаас импортолж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.

Хүн амаа өсгөх биш бууруулах бодлого барьдаг энэ улсын хүнсийг хэрэглэх нь зөв үү. Энэ тухай бид бас л бодох ёстой баймаар.

Амьсгалж буй агаар, амьдарч буй орчин, идэж буй хүнс нь хортой байхад монголчуудад эрүүл амьдрах боломж байна уу. Тэр тусмаа өнөөгийн бидний үед эрүүл саруул хүүхэд төрүүлж, өсгөж чадахгүй байгаагийн ноцтой шалтгаан болчихоод байгаа эдгээр асуудлыг Монголын төр засаг анхааралдаа авах цаг нь болжээ. Хүн амын тал хувийг эзэлдэг залуус бид хэдий болтол энэ бүхнийг мэдсээр, ярьсаар, үр хүүхдээ хохирсоор суух вэ.

Монгол үндэстний удмын санд нөлөөлөх, хүн амын өсөлт, хөгжилтөд саад болсон, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа энэ байдлыг таслан зогсооход хувь нэмрээ оруулцгаая.   


 

ЭРҮҮЛ ЭЦЭГ, ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД ТӨРНӨ

Өнөөгийн хүүхэд, залуус бид дүлий толгойлсон төрийн дор амьдарч буй нь харамсалтай. Гэвч үр хүүхдээ, өрх гэрээ эрүүл байлгахын тулд ядаж өөрсдийн зүгээс хичээл зүтгэл гаргаач гэж залуусыг уриалмаар байна. “Өвчин хэлж биш хийсч ирдэг” гэдэг.

Гэхдээ ирээдүйд хүн бүр эцэг, эх болно гэдгээ санаж өөрийгөө өнөөдрөөс анхаарч эхэлье. Өнөөдөр юу идэж, яаж хувцаслаж, ямар амьдралын хэвшилтэй байгаагаас таны болон үр хүүхдийн чинь эрүүл мэнд шалтгаалж байна. Ядаж л хэн нэгэнд гоё сайхан харагдах гэж, бусдаас илүү дэгжирхэх гэж хичээхдээ “Дулаан явбал мянган лан” гэдэг үгийг бодох ёстой байх.

Хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа төрөлхийн гажигийн тухай ярихад ээж аавын эрүүл мэнд зайлшгүй нөлөөлдөг.

Хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа төрөлхийн гажигийн тухай ярихад ээж аавын эрүүл мэнд зайлшгүй сөхөгдөх ёстойг эмч нар сануулдаг. Өсвөр наснаасаа л охид, хөвгүүд ирээдүйн ээж болохдоо бэлтгэж наад зах нь хорхойтсон шүд, хоолойны махаа эмчлүүлж, бие бялдрын хувьд чийрэг, бөөр болон ходоодоо эрүүл байлгахад анхаарах ёстой. 

Шинээр мэндэлж буй 100 хүүхэд тутмын нэг нь төрөлхийн зүрхний гажигтай төрж байгаа талаар нэг эмч телевизээр ярьж байсан. Энэ бол сэтгэл сэрдхийлгэм их тоо юм. Жирэмсний эхний гурван сард хүүхдийн эрхтний тогтолцооны суурь тавигддаг учраас энэ үед л ээж хэрхэн биеэ хайрлаж халамжлахаас хүүхдийн эрүүл мэнд шалтгаалдаг байна.

Төрөлхийн зүрхний гажиг нь эхчүүд бараг л өөрсдийгөө жирэмсэн гэдгээ мэдээгүй байх тэр үед зүрхэнд нөлөөлсөн ямар нэгэн гадны нөлөөнөөс үүсдэг гэх юм. Мөн хүүхэд төрөлхийн өвчтэй төрөхөд янз бүрийн халдварт өвчин, сахарын өвчин, сэтгэл санааны гүн хямрал, согтууруулах болон мансууруулах бодис, тамхи, хоол хүнсний буруу хэрэглээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Тиймээс үр хүүхэдтэй болохыг хүсч буй хүн бүр эрүүл мэндээ анхаарч, жирэмслэхээс өмнө биеэ бэлдэх, жирэмслэлтийн эхний гурван сар өөртөө, бүрэлдэж буй урагтаа гойд анхаарч байх хэрэгтэй юм байна. Ээж, аав эрүүл байж үр хүүхэд эрүүл төрнө.


 

БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС

Нийгмээ дагаад хүмүүсийн харилцаа өөрчлөгдсөн. Социализмын үед эхнэр нөхрөө хуурсан, гэр бүл үймүүлсэн хүмүүст арга хэмжээ авдаг байсан.

Харин одоо гэр бүлийн харилцаа хувь хүний асуудал болчихоод байгаа нь нэг талаас нийгэмд сөрөг үр дагавар үзүүлж байгааг сэтгэлзүйчид хэлдэг. Залуусын бие биедээ итгэх итгэл, үнэнч шударга байдал багасч байна. Үүнээс үүдэн сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт ихэсч байна. Тэр дундаас тэмбүү өвчин тэргүүлж байгааг эмч нар анхааруулж байна.

Жил бүр төрөлхийн тэмбүүтэй 10-15 хүүхэд төрж байгаа нь одоогийн эцэг эхчүүд ямар хариуцлагагүй, арчаагүй, хувиа хичээсэн болсныг харуулна. Ер нь жирэмсэн эмэгтэй өвчилсөний гол буруутан нь эр нөхрүүд байдаг гэдгийг эмч нарын хийсэн судалгаа харуулдаг. Уг нь жирэмсний эхний 12 долоо хоногийн дотор тэмбүү өвчнийг илрүүлж, эмчилгээ хийлгэвэл урагт халдварлахгүй эдгэдэг юм билээ. Мэдээлэл нээлттэй, эмчилгээ сайтай болсон орчин цагт өвчнөө оношилж, эмчлүүлэхгүй үр хүүхдээ өвчинтэй төрүүлнэ гэдэг байж боломгүй зүйл.

Мөн бэлгийн замын халдварт өвчин болон тэмбүү өвчний хор уршгаас үүдэн ураг зулбах, амьгүй төрөх, дутуу төрөх, жин багатай төрөх, нярай эндэх хүртэл аюул дагуулдаг байна. 

Гоё ганган баглаа боодолтой амттан бүр хоол болдоггүй. Өнөөдөр бэлэн гоймон, түргэн хоол идэж, гаазтай ундаа, согтууруулах ундааны хэрэглээгээ зохицуулах чадвар бидэнд чухал байна. Иймээс агаар, хоол хүнс, орчин нөхцөл зэргээр бусдыг буруутгаж суухаар ирээдүйд аав ээж болох өнөөгийн залуус өөртөө дүгнэлт хийж, хариуцлагаа дээшлүүлэх шаардлагатай байна.

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Гэр бүл бат бөх, үр хүүхэд эрүүл байхад амьдрал амттай, амжилт ойрхон байдаг шүү.

Зураг