Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл зүйчид хандах цаг болсны ТАВАН шинж

ikon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Саяхан уулзсан нэгэн хүн сэтгэл судлаач гэдгийг маань сонсоод яг ямар үед хүмүүс сэтгэл зүйчид хандах хэрэгтэй тухай тодорхой ойлголт байхгүй гэдгээ хэлсэн юм. Иймд мэргэжлийн хүнд хандах цаг нь болсныг илэрхийлэх таван дохио, тохиолдлыг танилцуулъя.

Зарим нь хэлэхэд илүүц, ойлгомжтой зүйл мэт санагдаж болох ч бидний ихэнх нь илэрхий өөрчлөлтүүдийг тоохгүй явсаар даамжруулдаг билээ. Хэрэв асуудал байвал “Хэдий чинээ эрт тусламж авна, төдий чинээ асуудал хурдан намжина” гэдгийг санаарай.


1. Амьдралд чинь бодитой бэрхшээл үүсгэж байгаа

Сэтгэцийн эрүүл мэндийн оношийн лавлах DSM-5-д заасан бараг бүх оношийг тодорхойлох хэмжүүрт ажил, гэр, сургууль гэх мэт өдөр тутмын амьдралд бодитой бэрхшээл үүсгэж байна уу гэж асуудаг. Магадгүй таны анхаарал төвлөрөлт муудсан, аливааг хийж дуусгах эрч хүч, энерги байхаа больсон байж болно. Магадгүй та хамт олон, ангийн нөхдөөсөө дөлөх болсон, эсвэл зүгээр л балмагдсан байж болно.

Хэрэв таны түгшүүр, сэтгэл гутрал, донтолт дээр дурдсан орчин нөхцөлд хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж байгаа, энэ байдал хэдэн долоо хоногийн турш үргэлжилсээр байгаа бол мэргэжилтэнд хандах шаардлагатай болсны дохио юм.

2. Хийж үзсэн бүх арга чинь үр дүнгээ өгөөгүй

Зарим хүмүүс хэдэн долоо хоногоор түгшүүртэй явсан бөгөөд түүнийгээ намжаах юу ч хийгээгүй байдаг. Зарим хүмүүс сэтгэл гутралаас болж шаналж, үлбэгэр байдал, уйтгар гуниг, цөхөрсөн мэдрэмжээ буцаах ямар ч арга хэмжээ аваагүй байдаг.

Заримдаа бидний дасан зохицох чадвар мууддаг. Энэ чадвар маань нэг бол огт идэвхгүй болсон, эсвэл өмнөх шигээ байхаа больсон байх нь бий. Хэрэв та аль хэдийнэ олон төрлийн арга хэмжээ авч үзсэн – найзтайгаа ярих, дасгал хөдөлгөөнөө ихэсгэх, онлайнаар тусламж хүсэх, олон төрлийн өөртөө туслах арга техник интернетээс хайж туршиж үзэх гэх мэт – боловч нэг их өөрчлөлт гараагүй бол сэтгэл зүйчтэй уулзах цаг нь болжээ.

 

3. Таны найз нөхөд (эсвэл гэр бүл) чинь таныг сонсохоос залхсан

Найз нөхөд, гэр бүл ихэвчлэн хамгийн их тусламжийг үзүүлдэг. Сайн, муу аль ч үед хажууд чинь байна. Ямар нэг юм болвол сонсоход бэлэн байдаг. Гэвч заримдаа таны дотны хүмүүс таны асуудлаас залхах нь бий.

Тантай уулзахаас дөлж, утасны дуудлага, мессежэнд чинь хариу өгөхөө байх, ямар ч тайлбаргүйгээр цахим шууданд чинь хариу өгөлгүй өчнөөн удах гэх мэт үйлдлүүдтэй тулгарч л байсан байх. Эдгээр нь магадгүй та дэмжлэг үзүүлдэг хүмүүсээ залхаасны шинж байж болно.

Энэ тохиолдолд хүн сонсох ажлынх үндсэн хэсэг болсон хүмүүст хандаж, мэргэжлийн тусламж хүсээрэй.

4. Өөрийн шаналгааг намдаахын тулд ямар нэг зүйл хэтрүүлэн хэрэглэх эсвэл хэн нэгэнтэй зүй бусаар харьцах

Олон хүмүүсийн хувьд хэцүү үе тохиолдоход сэтгэл санаагаа дээшлүүлэх гэж хэрэглэдэг тогтсон зүйлс байдаг. Архи, тамхи, хоол гэх мэт. Тохируулан хэрэглэвэл үүнд тийм ч их буруу байхгүй.

Гэхдээ балмагдсан үедээ бид нөгөө зүйлсээ хэтрүүлэн хэрэглэдэг. Одоогийн нөхцөл байдлаа засахын тулд өөртөө тусалж байгаа нь энэ гэж хийдэг зүйлс маань бидэнд өөр нэг сэтгэл зүйн асуудал үүсгэж байдаг.

 

Зарим хүмүүсийн хувьд энэ нь заавал ямар нэг архи, тамхи хэрэглэх биш чөлөөт цагаа интернетэд өнгөрөөх, порно, мөрийтэй тоглоомд хэт автах, байнга фейсбүүкээ шалгах гэх мэтийг хийж нөгөө асуудлаа мартахыг хичээдэг.

Бүр ч муу тохиолдол нь тэр асуудлаасаа болж үүссэн уур бухимдалаа хайртай хүмүүстээ гаргах юм. Заримдаа бид өөрийн сэтгэл санаагаа өргөх гэж бусдын амьдралыг хүндрүүлдэг.

5. Бусад хүмүүст анзаарагдаж, энэ тухай өөрт чинь хэлсэн

Ойлгомжтой санагдаж болох ч бид заримдаа хэт ойлгомжтой зүйлсийг ч анзааралгүй хажуугаараа өнгөрөөдөг. Хэн нэгэн найз чинь тантай жич уулзан “Ямар нэг зүйл болоо юу? Чи сүүлийн үед нэг л биш санагдах боллоо. Чи хэн нэгэнтэй ярилцмаар байна уу?” эсвэл хамтран ажиллагч чинь “Чамд тусламж хэрэгтэй бололтой.Чамайг сүүлийн үед их ажиглалаа. Миний хийсэн зүйлс тус болохгүй ус л болоод байна” гэж хэлсэн байж болно.

Хэрэв тийм бол сэтгэл зүйч, мэргэжлийн хүнд хандах, наад зах нь хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй гэдгийг санаарай.

Ц.Цэрэндолгор

Эх сурвалж: www.setgel.org