Сэтгэл гутрал гэдэг нь ердийн уйтгар гуниг, өдөр тутамд тохиолддог зовлон бэрхшээлээс илүү түвэгтэй сэтгэлийн байдлыг хэлдэг. Иймд үүнийг өдөр тутмын асуудлаас хальсан сэтгэцийн эмгэг гэж үздэг.
Сэтгэл гутралтай хүнд сонирхолтой санагддаг байсан зүйлс нь утга учиргүй болдог, жин огцом нэмнэ эсвэл турна, нойрны хямралтай болно эсвэл өдөржингөө нозоорон унтдаг, амиа хорлох сэдэл байнга төрдөг гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
Сэтгэл гутрал нь сэтгэцийн эмгэгийн хамгийн түгээмэл хэлбэр нь ч сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, сэтгэл засалч, сэтгэл судлаачдын хавсарсан эмчилгээгээр бүрэн эдгэх боломжтой юм.
Сэтгэл гутралын үед мэдрэлийн эсүүдийг хооронд нь холбох трансмиттерууд үгүй болсноор тархин дахь химийн урвал, түүний тэнцвэр алдагдахад хүрдэг. Тиймээс бие махбодь, сэтгэцэд дээрх асуудлууд үүсдэг гэж үздэг байна. Гэхдээ орчин үед сэтгэл гутралын шалтгаан, түүний үр дагаврыг арай өөр өнцгөөс тайлбарлаж буй дараах таван хандлагыг дор өгүүлье:
1. Тархины холбоосууд буруу огтолцох
Сэтгэл гутралтай хүмүүсийн тархийг MRI төхөөрөмжөөр шалгахад танин мэдэхүйн үйл ажиллагааны ихэнхи хэсгийг хариуцдаг урд тархи нь сэтгэл гутралгүй, эрүүл хүмүүсийнхтэй харьцуулахад идэвхи багатай байдаг. Харин урд тархины үйл ажиллагааг зориуд идэвхжүүлэхэд сэтгэл гутралтай өвчтөний сөрөг сэтгэл хөдлөл төдий чинээ багасдаг байна.
Хүн санаа зовох, айж эмээх нь тухайн хариу үйлдлээс сэргийлэх, түүнээс зайлсхийх "механизм" болдог ч айдас, түгшүүрийг хариуцсан амигдала тархины үйл ажиллагааг түр саатуулснаар сэтгэл гутралын зарим шинж тэмдгүүд арилдаг байна.
2. Тархины агшилт
Сэтгэл гутралын өвчин лимбийн системийн зэргэлдээ байрлах гиппокампус (Ой тогтоолт ба сэтгэл хөдлөл хариуцсан хэсэг) тархины агшилттай холбоотой байж магадгүй. Сэтгэл гутрал нэлээд хүндрэх шатандаа орох үед тархины жин мэдэгдэхүйц хэмжээгээр багасдаг байна.
Гэхдээ сэтгэл гутралын өвчин нь тархийг багасгадаг юм уу, эсвэл тархи агших үйл явц сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй юм.
3. Дааврын тэнцвэргүй байдал
Дотоод шүүрлийн систем сэтгэл гутралд онцгүй үүрэг гүйцэтгэдэг. Судалгаанаас үзэхэд гипоталамус тархи - өнчин тархи - бөөрний доод булчирхай (HPA) гэсэн харилцан үйл ажиллагаанд доголдол үүсэхэд бие махбодь автоматаар стрессийн хариу үйлдэл үзүүлж эхэлдэг.
Ялимгүй дистресс (сөрөг стрессийг хэлнэ) үүсэхэд гипоталамус тархи кортиколиберин рилизинг фактор (CRF) ба бусад даавруудыг ялгаруулдаг, улмаар өнчин тархины булчирхай өдөөгдснөөр стрессийн даавар ялгарч fight or flight хариу үйлдэл үзүүлдэг байна. Дээрх харилцан үйл ажиллагааны доголдол удаан үргэлжилснээр сэтгэл гутралд хүргэдэг.
4. Удамшил
Сэтгэл гутрал болон өөр бусад сэтгэл санаатай холбоотой эмгэгүүдийн учир шалтгаанийг удамшлын хүчин зүйлсээс шалгасан нэлээд олон судалгаа байдаг.
Жишээ нь эрдэмтэд биполар буюу хоёр туйлт сэтгэцийн эмгэгийг удамшилтай холбоотой байж болох хэд хэдэн таамаглалыг дэвшүүлсэн, харин удамшил судлалын онолоор хүнд сэтгэлийн шарх үүсгэх, хүнд хэцүү үе тохиолдолдоход сэтгэл гутрал үүсгэх төрөлхийн шинж чанараа сэдрээдэг гэж үздэг. 48%-н тохиолдолд төстэй царайтай ихрүүдийн нэг нь сэтгэл гутралтай болоход нөгөө ихэр дагаж сэтгэл гутралд өртдөг байна.
Харин төстэй ихрүүдийн сэтгэл гутралтай болох эрсдэл өөр царайтай ихрүүдийнхээс 20%-аар илүү байдаг гэжээ. Тиймээс сэтгэл гутралд удамшлын хүчин зүйлс нөлөөлөх магадлал бий.
5. Тархинд цочроо өгдөг хүнс
Сэтгэл гутрал, түгшүүр, биполар зэрэг сэтгэл санааны байдал нь зарим талаараа тархинд цочроо өгсөнөөс үүдэлтэй байдаг. Харин тархинд хамгийн хүчтэй цочроо өгдөг зүйл бол бидний ууж иддэг чихэрлэг, цавуулаг хүнс юм. Тиймээс идэж буй зүйлс сэтгэл санаанд нөлөөлөх нь бий.
Л. Энхтүшиг
Эх сурвалж: www.setgel.org
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!