Мягмар гарагт Зэвсгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулснаар одоо Оросын иргэд галт зэвсэг биедээ авч явах боломжтой болж байна.
Гэхдээ зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор.
Хуулиар иргэд галт зэвсгийг өөрийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах зорилгоор хэрэглэнэ. Гэхдээ өөрт нь бүлэглэн эсвэл зэвсэгтэй халдаагүй тохиолдолд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, насанд хүрээгүйчүүдийн эсрэг хэрэглэхийг хоригложээ.
Зөвшөөрөгдсөн зэвсгийн төрөлд урт голтой буунууд, гар буунууд, гар хийцийн буунууд, хийн буунууд, цахилгаанд цохиулдаг төхөөрөмжүүд, нулимс асгаруулагчид зэрэг орох юм байна.
Хэдийгээр зэвсэг хадгалах эрхтэй ч хурал, цуглаан, уулзалт, жагсаал, амралт зугаалга, шашны зан үйлүүдийн үеэр биедээ авч явахыг хоригложээ.
Харин цэргийн жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр казакууд болон оролцогчид сэлэм биедээ авч явахыг зөвшөөрчээ.
Үүнээс өмнө зөвхөн ан болон спортын зориулалтаар л галт зэвсэг хэрэглэдэг байв.
Гэвч Оросын иргэдийн ихэнх нь энэ хуулийн өөрчлөлтөөс болгоомжилж байна.
Одоогоор Оросуудын 46 хувь нь л шөнийн цагаар гадуур ганцаар явахдаа айдасгүй байдаг гэсэн бол дэлхийн дундаж 82 хувь байдаг гэнэ.
Зарим судалгааны байгууллагын тоо баримтаар одоо Орост 12,750,000 орчим хууль ёсны болон хууль бус зэвсэг хүмүүсийн гар дээр байдаг нь 100 иргэн тутамд 9 галт зэвсэг ноогддог гэсэн үг.
Харин АНУ-д үүнээс 20 дахин их буюу 270-360 сая орчим зэвсэг бий. 100 хүн тутамд 101.5 галт зэвсэг ноогддог гэсэн үг юм.
2013 онд АНУ-д 8,454 хүн галт зэвсгийн суманд амиа алдсан тоо бий. Харин Орост ийм тоо баримт ил байдаггүй гэнэ.
Ямартай ч хууль батлагдсан өдөр ерөнхийлөгч Владимир Путин “Урьд нь та дан ганц найрсаг зангаар амжуулдаг байснаасаа илүү ихийг найрсаг зан болон зэвсэгтэйгээр хийх боломжтой болно” гэжээ.
Эх сурвалж: BI
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!