Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэд Канад мод ургадаг гэнэ үү

Б.Тогтох
2014 оны 11 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Орос ах нарын барьж өгсөн Сансарын хэдэн барилга, III, IV хорооллын хэдэн саарал байшингаас өөр гайхуулах зүйлгүй байсан монголчууд өнөөдөр дэлхийн бүх л технологиор барилга байшин барьж байна. Сингапурын шилэн барилга, Оросын дүнзэн барилга, Итали хийц загвараар барьсан барилга байшингууд их хотын хөгжилд өнгө нэмэн сүндэрлэж байна.

Эхэн үедээ цемент, элснээс бусдыг нь гаднаас импортолдог байсан бол одоо төр засгаас барилгын салбараа дэмжиж, дотоодын үйлдвэрүүдээ хөл дээр нь босгож чадсанаар барилгын үнэ ханш боломжийн хэмжээнд очоод байгаа. Хамгийн сүүлд Монгол Улсад эрчтэй хөгжиж байгаа барилгын технологи бол Канад технологи.

Зуслангийн байшинд нэвтэрч байсан энэ технологи өдгөө гэр хороолол, нийтийн орон сууцанд нэвтэрч айл бүхэн канад модон хаус барьж амьдрах гэж хичээдэг болжээ. Канад технологи бол дэлхийн барилгын технологи дотроо чамлахааргүй дээгүүрт жагсдаг. Хялбар төсөр аргаар дан мод ашиглаж барьдаг учраас нүүдэлчин ахуйтай, ой мод, байгальтайгаа ойрхон амь­дарч ирсэн монголчуудын хувьд канад технологид илүү ач хол­бог­дол өгөх болсон билээ. 

Зуслангийн хаус, өвлийн байраа ч ка­над технологиор бариулах болсон. Хөдөө орон нутагт канад хау­сууд баригдаж, сургууль цэцэрлэгийг тоосгоор барих гэхээс илүүтэй канад технологийг ашиглан модоор барих болсон нь сайшаалтай.

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр канад технологийг дагасан таагүй зүйлс дуулдах болов. Өөрөөр хэл­бэл, Канадаас модыг нь оруулж ирдэг хэмээн дамлах, өндөр үнээр зарах, барилгын зардал нь нэмэгдэх зэргээр канад мод­ны бизнес цэцэглэх болсон гэдгийг энэ салбарт ажилладаг биз­несмэн хэлж байсан юм. 

Тодруулбал, нийслэлд баригдах канад модон хаусны модыг ердөө л 400 км-ын цаана байх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар зэрэг сумдаас татдаг аж. Ингэхдээ маш хямдхан үнээр оруулж ирдэг ч энд ирэхдээ “Made in Kanad” гэсэн шошго нааснаар даруй 100 ам.доллараар нэмэгддэг гэнэ. Ийм бизнес хийдэг хэсэг бүлэг ч байдаг гэх. Өөрөөр хэлбэл, технологиос гадна модыг нь Канадаас оруулж ирсэн гэсэн сурталчилгааг хийдэг ажээ. Үнэндээ бол тэр нь Сэлэнгийн мод. 

Монголын ой мод Канадаас юугаараа ч дутахгүй гэдгийг бизнес хийгчид нь мэддэг боловч гадны улсынх гэж хэлчихвэл тухайн барилга бариулж байгаа хүн, барилгын компани нь бусдаас ялгарах юм шиг боддог до­рой ухамсраасаа болж ийм булай зүйл хийж яваа хэрэг юм.

Хэнд ч Сэлэнгийн модоор барьсан канад технологийн барилга гэ­вэл бүр ч сайхан дуулдах нь дамжиггүй. Яг л Өвөрхангайн Уян­гын гэр гэдэг шиг. 

Сэлэнгэ нутгийн модоор канад хаус барих нь юугаараа учир ду­тагдалтай гэж. Ой модоо тэр чигээр нь устгаж хөнөөх биш ба­рилга байшингийн зориулалтаар ашиглах мод бэлтгэдэг зур­вас газрыг сонгож, түүндээ нөхөн сэргээлт хийх байдлаар яв­чихвал болохгүй гэж зүйлгүй билээ. Гадны соёлыг дуурайх гэ­дэг, гаднаас оруулж ирсэн юм бүхэн чанартай байдаг гэсэн утгагүй ойлголтоосоо одоо ангижрах цаг нь болж. 

Үнэхээр монгол модондоо Канад гэдэг шошго нааж суудаг ичгүүргүй хүмүүс байдаг бол зохих байгууллагууд нь тэднийг олж илрүүлэн модны бизнесээс шахаж гаргасан ч буруудахгүй. Канадаас модоо зөөтлөө ядуурчихаагүй байлтай. Зөв ашиглаж, барилгад хэрэглэх модоо зохистой үржүүлж чаддаг бол тоосгон барилга барихгүйгээр хаус барьж амьдрах боломж ч бидэнд бий.

Бусдыг хуулж дуурайж болно. Түүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч өөрсдийнхөө баялгийг өрөөлийнх хэмээн сурталчлах нь хэр зүйд нийцэх асуудал вэ.

Канад технологиор барьсан Сэлэнгийн мо­дон хаус гэж яригдаж, тийм сурталчилгаа хийвэл болохгүй гэх зүйл алга.

Зураг