ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Тусгай ажиллагаа” киноны шүүмж

ikon.mn
2014 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнө дурьдсанчлан үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэж, нохой боргох тоолонд жүжигчин Баярмагнайн “Эсвэл чи ярих юм уу?” гэх хэсэг үзэгчид хамгийн түрүүнд бодогдох болтол зурагтын суваг болгоноор реклам нь цацагдсаар 10 сарын 22-ны өдөртэй золгож “Тусгай ажиллагаа” кино нээлтээ хийв ээ.

Киноны нээлтээр үзэгчдээ хүндлэн улаан хивсэн дээгүүр алхуулж, дуучин С.Жавхлан өөрийн шинэ дуугаар кино багт бэлэг барьсан гэхчлэн үзэгчдийн сонирхлыг өдөөх хэд хэдэн “ажиллагаа” өрнөв. Харин “Тусгай ажиллагаа” маань инээдмийн кино гэх үндсэн үүргээ хэр биелүүлсэн нь үзэгчдэд илүү чухал.

Баярцэнгэл, Жаргал, Наадам гэх гурван найзын баасан гарагийн зугаа цэнгэл нь шөнийн 12 цаг болж архины дэлгүүр, баар цэнгээний газрууд хаалгаа барьснаар төгсөнө. Тэдний цааш дарвих горь тасардгийн даваан дээр архины үйлдвэрийн эзний эхнэр Сайханаа бүсгүй санамсаргүй таарч, залуусын зугаа архины үйлдвэрт өрнөх болдог.

Архины үйлдвэрийн манаач шөнийн ээлжинд хонохдоо ажлын байраа түр орхиж бэлэн гоймон, нэг годгор хиам, нэг өндөг авахаар дэлгүүр ухасхийгээд ирэхдээ дэлгүүрт гэнэт нэвтэрчихсэн залуусыг камераар хараад эзнийхээ эхнэр, архины үйлдвэрийг барьцаалж байна гэж андуу ойлгодог. Эндээс л архины үйлдвэрийг, үйлдвэрийн эзний эхнэрийн хамт барьцаалсан танхай залуусыг буулгаж авах цагдаагийнханы тусгай ажиллагаа эхэлнэ.

Гол нь өнөөх архины үйлдвэр кодыг нь идэвхижүүлж түгжсэн л бол юунд ч онгойдоггүй бат бөх хамгаалалтын системтэй аж. Үйлдвэрийн манаач эзэнтэйгээ утсаар ярьж үйлдвэрийн кодыг идэвхижүүлэн гаднаас нь түгжчихээд сандран гүйж яваад машинд мөргүүлэн коомонд орсноор цагдаагийн ажилтнуудыг яаж ч болдоггүй ацан шалаанд унагана. Үйлдвэр дотор архидаж байгаад тасарсан залуус өглөө сэрээд хүн барьцаалсан хэрэгт унаж, түгжигдсэнээ ойлгодог. 

“Тусгай ажиллагаа киногоор үзэгчдээ инээд амлах байна” гэж нэгэн ярилцлагадаа найруулагч Д.Галбаяр бардам хэлснийг санан энэ бүх ээдрээний араас хөгтэй, инээдэмт явдлууд залгаад байх нь гэж хүлээж суусан минь харин талаар болов. Тусгай ажиллагааг удирдан явуулдаг Сэрэмжбаатар хэмээх бүтэлгүй цагдаагийн ахмадыг хошин байдлаар харуулах гэсэн найруулагчийн оролдлогыг М.Баярмагнай хошин дүр төрх, жүжиглэлтээрээ л аварч гарсан гэвэл хилсдэхгүй.

Барьцаалагчдыг барих гэж үйлдвэрт нэвтэрсэн Тусгайгийн ажилтнууд барьцаалагчидтай нийлж архидаад таг болчихож байгаа зэрэг киног инээдтэй болгох зарим уран сэтгэмж нь хэт ядмаг болсон бол бэлэн гоймон, нэг өндөг, нэг годгор хиамыг манаач ихэд чухалчлан хэлж, Сэрэмжбаатар ч манаачийн байранд үзлэг хийхдээ газар тарж унасан өндөг, хиам, бэлэн гоймонг хараад айхавтар зохион байгуулалттай ноцтой хэрэг байна гэж уулга алдсан зэргээс өндөг, хиам, гоймон киног цааш хөтлөх давхар шугам байж болзошгүй гэсэн таамаг маань ч талаар болж, ердөө эв хавгүй, марзан оруулга төдий болох нь ойлгогдов. 

Харин цагдаагийн олон хар машин архины үйлдвэрийн гадаа ирийтэл ирж зогсоод хаалгаа нэгэн зэрэг сэвхийтэл нээх агшин харин ихэд сүртэй, үзэгчдийг ч уулга алдуулж дөнгөв. Гэвч кино бол клип биш тул энэ мэт сүртэй ганцхан сцен киноны трэйлерт хэрэг болох, эсвэл техникийн дэвшилийг илтгэнэ үү гэхээс киноны чансаанд төдийлөн хамаагүй юм.

Кино бүхэлдээ инээдмийн өнгө аяс, хэллэгийг гаргах гэж оролдсон боловч даанч энэ оролдлого нь үнэмшилгүй уран сэтгэмж, ядмаг оруулга, тааруу зохиол, инээдэмгүй инээдэм зэргээсээ болоод эвийг нь олоод зүйж наасан элдэв сцений цуглуулга болж орхижээ.

Ж.Тэгшзаяа /Гэрэг сэтгүүл/

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа