Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Рейлбусыг хот дотроо дахин явуулах боломжтой

ikon.mn
2014 оны 11 сарын 13
iKon.MN

 

JCI Монгол болон JCI Улаанбаатар байгууллагаас санаачлан ”Нэг асуудал, нэг туршлага, нэг шийдэл” уриан доор зохион байгуулж буй “Хотын Шийдэл” форумын хүрээнд  хотын автозамын түгжрэлийн асуудлын шийдлийг олон талаас нь авч хэлэлцэж,  асуудлыг шийдэх Эерэг Өөрчлөлтийн төлөө нэгдэх сэдэл өгнө гэдэгт бүрнээ итгэж байна. 

Хотын Шийдэл Форум 2014.11.14-нд Corporate Convention Center-д явагдана.


Хотын шийдэл цуврал нийтлэл

Монголын Ухаалаг Хөгжил ТББ-ын тэргүүн, судлаач, тээвэр төлөвлөлтийн магистр

Г.Бат-Эрдэнэ @batuka654

Рейлбусыг хот дотроо дахин явуулах боломжтой

 

Удиртгал

Анх 1930-аад онд анхны рейлбусын загварыг гаргаж байжээ. Тогтмол хэрэглэгддэггүй төмөр замын дэд бүтцийг ашиглан зорчигч тээвэрлэдэг нь рейлбусын онцлог юм. Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэг уг үйлчилгээг Оросын Метровагонмаш үйлдвэрт үйлдвэрлэсэн РА-2 загварын дизель түлшээр ажилладаг рейлбусуудыг 2014 оны 5 дугаар сард авчирч 6 дугаар сараас УБ хотод үйлчилж эхлэсэн. Харамсалтай нь тээвэр төлөвлөлтийн энгийн нэг зүйлийг орхигдуулснаас болж уг системээр хэн ч үйлчлүүлээгүй. Тиймээс одоогоор үйлчилгээг зогсоогоод байгаа бөгөөд Улаанбаатар-Дархан чиглэлд уг рейлбусаа хэрэглэхээр болсон.

Юуг орхигдуулав?

Улаанбаатарчууд гэр, ажлаасаа гараад хэрхэн рейлбусанд суух нь ойлгомжгүй, бүр боломжгүй байсан. Буудлуудын байршил, цагийн хуваарийн мэдээлэл нь тодорхойгүй, олон нийтэд очоогүй. Хэрэв бүх буудлууд руу нь олны сайн мэдэх газруудаас хэрхэн очих тал дээр ажилласан бол рейлбус өнөөдөр маш бага зардлаар түгжрэлийг сааруулахад нэмрээ оруулж чадах байлаа. Өөрөөр хэлбэл явган хүний болоод дугуйн замаар холболтуудыг хийх хэрэгтэй байжээ.

Шийдэл

Байгаа дэд бүтцээ ашиглаад эдийн засагт эерэгээр нөлөөлөх рейлбус уул нь их дажгүй төсөл. Энэ системийг дахин тээврийн мэргэжлийн төлөвлөгч нараар төлөвлүүлж хүмүүст зорчих боломжийг нь нээж өгөх хэрэгтэй.

Рейлбус Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байх үед Толгойт, Таван шар, Барс 2, УБ төмөр зам төв буудал, Дунд гол, Нарантуул, Жанжин клуб, Амгалан гэх 7-8 зогсоолтойгоор ажиллуулж байсан. Эдгээр буудлууд тус бүр дээр явган хүний болоод дугуйн зам, шаардлагатай газар нь бүр хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд явж болохуйц гүүрүүдээр олон нийт ихээр цуглардаг газруудтай холбох хэрэгтэй. Дараах байдлаар анхны ноорог төлөвлөгөө хийж болох юм. Энэ нь бусад олон хамааралтай зүйлсийг түр орхиж гол асуудалд анхаарлаа хандуулсан ноорог гэдгийг дахин дурдъя.

Зураг 1. Улаанбаатар Рейлбус Системийн албан бус газрын зураг (Эх сурвалж: Google Maps)

 
  • Толгойт өртөө

Толгойт өртөөг Цэргийн хотхонтой явган хүний болон дугуйн замаар холбосноор Цэргийн хотхон орчимд амьдардаг оршин суугчид зөвхөн автотээврээр бус рейлбусаар шууд хотын төвд богино хугацаанд орох бүрэн боломжтой болно.

Зураг 2. Толгойт өртөөг Цэргийн хотхоны орчимтой холбох нь (Эх сурвалж: Google Maps)

 
  • Таван шарын буудал

Таван шарын буудлыг орон нутгийн автовокзал болоод Таван шарын байруудтай явган хүний болоод дугуйн зам, гүүрээр холбох хэрэгтэй.

Зураг 3. Таван шарын буудлыг холбох боломж (Эх сурвалж: Google Maps)

 
  • Дунд гол буудал

Дунд голын буудал нь хотын төвтэй хамгийн ойрхон нь учраас тал бүрээс очих боломж нээлттэй байх нь хамгийн чухал юм. Хойд талаас, жишээ нь Улсын Их Дэлгүүр, Цирк, Чингис хааны талбай зэрэг газраас ирэхэд явган хүний замыг дугуйн замтай хослуулан барьж, харин урд талаас орон сууцны хорооллуудаас ирэх зам нь төмөр зам дээгүүр гарах гүүртэй байх шаардлагатай. Гүүр нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд чөлөөтэй гарж болохуйц гүүр байх ёстой.

Зураг 4. Дунд гол буудлыг хотын төв болоод ойрхон орон сууцны хорооллуудтай холбох нь (Эх сурвалж: Google Maps)

 
  • Нарантуул

Нарантуул нь хүн хөдөлгөөн ихтэй газруудын нэг учраас явган хүн болоод дугуйтай зорчигч рейлбусын буудал руу автотээврийн хөдөлгөөнөөс үл хамаарч чөлөөтэй очиж болохуйц явган хүн, дугуйн хослосон зам гүүр байх шаардлагатай.

Зураг 5. Нарантуул, Дүнжингарав худалдааны төвүүдийг рейлбустай холбох нь (Эх сурвалж: Google Maps)

 
  • Жанжин клуб

Энд голдуу гэр хороолол зонхилдог учраас гэр хорооллын айл, өрх, оршин суугчдад рейлбусыг хүргэхийн тулд яг айлуудад хүрсэн хатуу хучилттай явган хүний болоод дугуйн хослосон зам тавих хэрэгтэй.

Зураг 6. Төв зам болоод Жанжин Клубээс шууд очиж болохуйц явган хүний зам (Эх сурвалж: Google Maps)

 
  • Амгалан өртөө

Амгалан өртөө нь төв машин замтайгаа ойрхон, мөн замаар холбогдсон байдагч орон сууцны хороололуудтай нь Амгалан өртөөг холбож өгөх нь зүйтэй.

Зураг 7. Амгалан өртөөг явган хүн, дугуйн замаар холбох (Эх сурвалж: Google Maps)

 

Дүгнэлт

Хэдийн байгаа дэд бүтцээ бид бүгд багтаамжийнх нь хувьд бүрэн ашиглаж их хотын түгжрэлийг багасгаж болохуйц энэхүү рейлбусны үйлчилгээг эргэн нээх боломж байна. Эдгээр явган хүний болоод дугуйн хослосон зам, гүүрүүдийг барьчихвал нөхцөл байдал арай өөр болно. Дашрамд дурдахад ийм дэд бүтэц тийм үнэтэй биш байдаг. Зам дагуух мод, бут сөөгийг тасдан байж автозамын уулзварыг өргөсгөж автомашинд зориулж зам барьж байхаар энэ их чухал, хүнд зориулсан үйлчилгээг багахан хөрөнгөөр шийдчихвэл сайнсан.

Шинэлэг үйлчилгээ учраас Улаанбаатарчууд бид ч үйлчлүүлэх дуртай байна. Ердөө л үйлчлүүлэх боломж бололцоогоор нь хангаад л өгөх хэрэгтэй. Шийдвэр гаргагч нар маань дахиад нэг эргэцүүлж тунгаагтун.