Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

М.Үүрийнтуяа: Сүхбаатар суманд хотын статус хэрэгтэй

Ж.Өнөржаргал
2014 оны 11 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, хотын захирагч М.Үүрийнтуяаг урьж, ярилцлаа. 

-Бид хамтдаа Сүхбаатар су­мын гудамжаар гурван цаг га­руй явлаа. Ингээд ажиг­лаж байхад гудамжны хог, тахиа, гахайнаас эхлээд танд хамааралгүй асуудал гэж алга. Магадгүй эмэгтэй дар­гатай газрын онцлог юм бо­лов уу?

-Ер нь Засаг даргад хамаагүй ажил гэж огт байхгүй. Энэ ну­таг дэвсгэрт өрнөж буй бүхий л үйл ажиллагаанаас эхлээд гу­дамжинд яваа гахай, шувуу, хог хүртэл надад хамаатай. Ер нь аливаа хүн энэ нутаг дэвсгэр дээр төрөхөөс эхлээд таалал төгс­төл нь тэр хүний бүхий л нийгмийн харилцааг зохицуулах шаард­лага тулгардаг. 

Шинэ­чил­сэн Гэр бүлийн тухай хуу­лиар бол, тэр ч бүү хэл гэр бү­лийн дотоод асуудлыг хүртэл За­саг дарга зохицуулах үүрэг хү­лээсэн байгаа. Гэр бүлийн до­тоод маргаан, зөрчлийг зо­хицуулах эрх, үүрэг бий. Мөн га­даад харилцаан дээр иргэдээ төлөөлнө. Түүнээс гадна аливаа асуудлыг аль болох дотооддоо ший­дэх гэж л хичээдэг. Ер нь ир­гэдийн хандлага сүүлийн жи­лүүдэд өөрчлөгдсөн. 

Али­ваа асуудлыг төрийн бай­гуул­­ла­га­тайгаа хамтарч шийд­вэр­лэх гэж хичээдэг бол­сон нь ажиг­­лагдаж байна. Ту­хайл­бал, гу­дамжны хо­гийг цэвэр­лүү­лэхийн тулд өмнө нь багийн За­саг дарга цагаан хоолой ба­риад л тэр гуай гараарай, энэ гуай гараарай гээд хоолойгоо сөө­төл хашгираад зогсдог бай­сан шүү дээ. Тэгвэл одоо энэ байдал өөрчлөгдсөн. Бүгд гу­дам­жиндаа гараад цэвэрлэнэ, гарах­гүй байгаагаа нийлж шаар­дана, уриална. 

Ийм жижиг зүй­лээс ч иргэдийн хандлага сүү­лийн жилүүдэд өөрчлөгдсөн нь анзаарагдаж байгаа. Энэ бүх­нээс юу анзаарагдаж байна вэ гэхээр хотжих үзэгдэл нэвтрээд  бай­гаа юм. Өөрөөр хэлбэл, хү­мүүс бие биеэсээ харилцан ха­маа­ралтай амьдарч байна. Нэг гудамжны асуудал өрх бүрт хамааралтай. Тэ­гэхээр сүүлийн жилүүдэд ир­гэдийн ухамсар, сэтгэхүй, аж тө­рөх хэв маяг нь илүү хотжих ханд­лага руу чиглэж байгаа гэж үзэж байна. Хашаагаа ижилхэн болгоё, гу­дамж, талбайгаа то­хижуулъя гэж хичээдэг болж. Манай Сүх­баатар хот чинь 73 жилийн насжилттай шүү дээ. 

-Энэ өрөөнд 23 мянган хү­ний амьдралыг шийдэж бай­на шүү дээ. Аймаг, сум хоёр нэг хонхорт оршиж бай­гаа энэ нөхцөлд хууль эрх­зүйн орч­­ныг сайжруулах, шинэч­лэх шаардлага тулгарч байна уу? 

-Ер нь аймгийн төвүүдийн сум харьцангуй онцлогтой, бу­сад сумдыг бодвол. Учир нь тө­вийн сумдад аймгийн бүх ха­рил­цаа, үйлчилгээ  явагдаж бай­даг. Тухайлбал, аймгийн тө­вийн суманд  А зэрэглэлийн бү­сэд газ­рыг аймгийн Засаг дар­га эрх мэдлийнхээ хүрээнд ол­гоно гэх мэтчилэн. Энэ маягаар хуульд зохицуулалт хийж байна. 

Тэгэхээр энэ асуу­дал хоёр талтай. Өөрөөр хэлбэл, нэг ёсондоо Сүхбаатар сум бол Сэлэнгэ аймагтаа бол нийслэл нь. Ийм утгаараа аймаг бол үүнд онцгой анхаарч байх нь зөв. Нөгөөтэйгүүр су­мын болон хотын иргэдийн асууд­лыг шийдвэрлэхэд заа­вал аймгийн Засаг даргыг ха­маа­туулсан за­рим хуулиуд хүнд­рэлтэй са­нагд­даг юм. Нэ­гэнт батлагдсан хуулийг бид мөр­дөж ажиллах, хэрэгжүүлэх үүрэг­тэй. 

Гэхдээ бид аль болох асууд­лыг иргэдийнхээ талд шийдвэрлэхийг хичээдэг. Өөрөөр хэлбэл, аль болохоор ир­гэний асуудлыг төрийн хууль, цаа­­заар боомилохгүйгээр ир­гэ­­ний талд шийдвэрлэхийг хи­­­­­чээдэг юм. Иргэн хүний хү­сээд байгаа зүйл бусдын эрх чө­­­лөөнд халдахгүй, эрх ашигт нө­­­лөөлөхгүй л байх юм бол ир­гэн талдаа шийдвэрлэх нь илүү оновч­той. Түүнээс биш иргэдийг төрийн хуулиар далайлгах нь чухал биш. 

-23 мянган хүн амтай сум, 3000 хүнтэй сум хоёрын хоо­ронд асар их ялгаа байгаа нь мэдээж. Гэвч хүн амын тоо­ноос үл шалтгаалан мэргэ­жилт­ний нийгмийн асуудал, ца­лин хөлс ялгаагүй байдаг уу? 

-Манай сум найман багтай. Нэг баг дунджаар 2800-3500 хүн амтай байгаа юм. Энэ нь нэг сумын хэмжээний хүн ам. Манай сумын хувьд багт хоёр хүн л ажиллаж байдаг. Багийн Засаг дарга, нийгмийн ажилтан хоёр ажиллаж байдаг гэсэн үг. Гэтэл бусад сумдыг хараад байхад ийм хэмжээний хүн ам зүйн бүтэцтэй сумын ЗДТГ-т 15-17 ажилтан ажил­лаж байгаа юм. Тэгэхээр энэ байдалтай харьцуулаад харахаар өнөөх төрийн үйлчилгээ чинь иргэн бүрт жигд, хүртээмжтэй хүрч чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байна. 

Тухайлбал, 1500 хүн амтай сум ч байна шүү дээ. Гэтэл тэр суманд бүхэл бүтэн Эрүүл мэндийн төв ажиллаж байх жишээтэй. Цэ­цэрлэг, ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай сургууль, 15-17 хүнтэй сумын ЗДТГ, цагдаагийн хэсэг, 10-15 ортой Эрүүл мэндийн төв ажиллаж байна. Гэтэл манай сумын баг дээр зарим газар нь Эрүүл мэндийн төв байхгүй, нөгөө хэсэгт нь сургууль, цэцэрлэггүй.

Тэгээд хоёрхон хүн ажиллаж байгаа юм. Ингэхээр энэ маш харьцангуй үзүүлэлт харагдаж байгаа биз. Энд 60 өрхтэй багийн Засаг дарга, манай аймгийн төв дээр байгаа 300-500 өрхтэй багийн Засаг дарга хоёр яг ижилхэн цалинтай. Тэнд байгаа 3000 хүн амтай сумын Засаг дарга, энд байгаа 23 мянган хүнтэй сумын Засаг дарга хоёр яг ижилхэн цалинтай. Хийж байгаа ажил, үүрч байгаа ачааны хэмжээ ч ялгаатай. 

Уг нь энэ асуудлыг Засгийн газраас зохион байгуулж буй хурал, цуглаан дээр зөндөө хэлдэг, ярьдаг. Гэвч огт шийдвэрлэдэггүй. Эсвэл Засаг даргын цалинг нэмэх боломжгүй байдаг юм бол орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ маягаар шийдвэрлэх хэрэгтэй байна. Аймгийн төвүүдийн сумдыг хот болгоно гэж сүүлийн хэдэн жил ярилаа. Энэ хүрээндээ дээрх асуудлыг шийдвэрлэнэ гэж олон удаа ярьсан. Гэвч өмнөх сонгуулийн дөрвөн жилд шийдвэрлэж чадсангүй. Энэ сонгуулийн жилээс хоёр нь өнгөрчихлөө. 

Нийгмийн асуудал, цалин хөлс, амьдрах боломж, нөхцлийг эргэж харах л ёстой. Тухайлбал, би өглөө ажилдаа ирээд өдөр ч цайндаа гарч амждаггүй. Өрөөндөө жаахан юм идчихээд л, ажлын ширээнийхээ ард  өнжинө. Тэгээд гэртээ хамгийн эрт орлоо гэхэд 21.00-22.00 цаг. Маргааш нь хурал, цуглаан, судалгаа, шинжилгээний ажил, хуралд яаралтай асуудал оруулах шаардлага тулгарвал хоноод ч хамаагүй ажиллана. 

-Тэгэхээр Сүхбаатар суманд ойрын хугацаанд хотын статус олгох ёстой гэж ойлголоо?

-Тухайлбал, миний хувьд сумын Засаг дарга, хотын захирагч гэсэн хоёр статустай явдаг. Яагаад гэхээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл Үндсэн хуульд зааснаар хот гэдэг статус гэж байхгүй байгаа юм. Тэгэхээр аймгийн төвүүдийн 10 мянгаас дээш хүн амтай томоохон суурин газруудад хотын статусыг олгох шаардлагатай байна

Хэрэв бидэнд хотын статус олгочихвол ядахдаа бид хот дотроо мал өсгөмөөргүй байгаа юм. Мал бүхий иргэд хотод амьдрах ёсгүй. Гэтэл бид малчдаа Сүхбаатараас гаргачихъя гэхээр сумын статустай. Малаа өсгөх гэхээр аймгийн төвийн томоохон суурин байгаад байдаг. 

Бид  хот ч биш, сум ч биш саармаг байдалтай олон жилийг ардаа орхилоо. Уг нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам, талбай, автомашины зогсоол, сити 00 зэрэг хотод байх ёстой бүхэн Сүхбаатарт байх ёстой. Нэгдүгээрт, бид аймгийн төвийн суурин, хоёрдугаарт улсын хил орчмын бүс нутаг. Гадна, дотны хэн ч зорчиж, өнгөрсөн сэтгэл хангалуун байх нь улс, орны нэр хүндэд  ч хамаатай асуудал шүү дээ. Тиймээс хотын асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Хэрэв хотын асуудал сонгуулийн жилд шийдвэрлэгдэхгүй юм бол бид өөрсдөө хотын журам гаргахаар зэхэж байна. 

Өөрөөр хэлбэл, хотын иргэдийн дагаж, мөрдөх журмыг батална. Хашаа, хорооны тохижилт ямар байх вэ, худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь ямар зохион байгуулалтаар ажиллах юм, хог, хаягдал, ногоон байгууламжаа яах юм, мал бүхий иргэдээ хаачуулах вэ зэрэг бүхий л асуудлаа шийдмээр байна. Сүхбаатарын хувьд цаашид сум гэсэн статустай явж болохгүй болчихоод байгаа юм. Сум гэхээр болохгүй байна. 

Тэгэхээр хотын дүрмийг боловсруулахаар зэхэж байгаа. Гэхдээ энэ жил харна. Намрын чуулган дээр энэ асуудлыг хэлэлцэхгүй бол бид өөрсдөө хотын дүрэм, журам боловсруулж, батална. Маш олон салангид дүрмийг нэгтгэнэ. Бидний хувьд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд амьдарцгааж байна. Манай суманд сайхан болчихсон зүйл ч байна, тулгамдаад байгаа асуудал ч байгаа. Тухайлбал, манай сумын үерийн далан байна. 1985 онд ашиглалтад орсон. Тиймээс үерийн далангаа хамгийн түрүүнд янзлах хэрэгтэй байна.

Уг нь энэ асуудлыг ЭЗХЯ-нд хүргүүлсэн боловч одоог болтол шийдэгдээгүй байгаа юм. Үүнээс гадна Сүхбаатар бол модгүй сум. Ой байхгүй. Тэгсэн хэрнээ манай сумын 6000 гаруй өрхийн 80 хувь нь ердийн галлагаатай байшинд амьдардаг. Манай Сэлэнгийнхэн байшинг маш сайхан барьдаг. Иргэдийн маань өөрсдийнх нь хүсэл, сонирхол ч гэсэн амины орон сууцанд амьдрахыг илүүд үздэг. 

Учир нь бараг өрх бүр ямар нэгэн туслах аж ахуй, үйлдвэрлэл эрхэлдэг. Тиймээс дэд бүтэц, халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэх нь чухал болчихоод байна. Дулааны хүчин чадлыг өргөтгөх зайлшгүй шаардлага тулгарсан. Үүнээс гадна халаалтыг цахилгаанаар шийдэх аргыг иргэд их сонирхож байгаа. Бид 200 өрхөд ухаалаг тоолуурыг туршсан. Дархан-Уул аймагт амжилттай туршсан, одоо бид туршиж байна. Хоёр өөр цагийн тарифтай. 

Өөрөөр хэлбэл, өдөр, шөнийн цагт өөр тарифтай гэсэн үг. Улмаар Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани ухаалаг тоолуурыг оруулж ирэхээр ярилцаж байна. Хэрэв ингэх юм бол бид шөнийн цагт айл, өрхийг цахилгаан халаалтаар халаах боломжтой болчихож байгаа юм. Тэгэхгүй бол түлээ, нүүрстэй зууралдах нь 21 дүгээр зуунд тохирохгүй арга, барил болчихоод байна  л даа. 

Түлээ түлнэ гэдэг маань модоо л огтолно, нүүрс түлснээр агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна. Тиймээс ч орчин үеийн дэвшилтэт технологи руу шилжих цаг нь болсон гэж үзэж байгаа. Үүнээс гадна бид хотын насжилттай холбогдуулан хуучин барилга, байшингуудыг нураахгүй байх бодлого баримталж байна. Манай хотод Япон, Канад, Оросуудын барьсан байшингууд дандаа хувь хүний эзэмшилд оччихсон. Тиймээс бид аль болох авч үлдэх гээд хичээж байна. Учир нь дээрх байшингуудын насжилтаар энэ хотын түүх хэмжигдэнэ.

-Хотын насжилт гэснээс инженерийн шугам сүлжээ цаашдын хөгжлийг гүйцэх нь үү?

-Инженерийн шугам, сүлжээ маш бага. Ойролцоогоор 1200 орчим айл өрх, 275-276 орчим  аж ахуй нэгжийг холбож байна. Тэгэхээр маш бага хэрэглэгчид хүрч байгаа юм. Цаашид бид алслагдсан гэр хороололд амьдарч байгаа, төвлөрсөн дулааны шугамд холбогдож чадахгүй айл өрхүүдийн халаалтыг төвлөрсөн уурын зуухаар шийдвэрлэхээр зорьж байна. Үүний тулд бид хотын статустай болох шаардлагатай байгаа юм. 

Төвлөрсөн уурын зуухтай болох гэхээр сум гэдэг утгаараа санхүүжилтээ авч чадахгүй байгаа. Хэрэв хот болчихвол санхүүжилтийг арай өөр хэлбэрээр шийдвэрлэж болно. Мөн хамгийн анхны жишиг хороолол манай аймагт байгуулагдсан гэж боддог. Тодруулбал, 1983 онд манай хойд талд Мод боловсруулах комбинат 60 айлд ижилхэн байшин барьж өгч байсан юм. Тэр бол хамгийн анхны жишиг хороолол байжээ гэж боддог. Тухайлбал, Баруун-Урт шиг жишиг хороолол манай аймагт шаардлагагүй гэж үзэж байгаа. 

Учир нь манай иргэд байшингаа маш сайхан барьж чадаж байна. Хамгийн гол нь газраа зөв зохион байгуулаад, дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл асуудалгүй. Цаашид Сүхбаатар хот зүүн тийшээ тэлж хөгжихөөр улсын төсөвт 5.6 тэрбум төгрөг суулгасан. Өөрөөр хэлбэл, зүүн тийш Алтанбулаг сум руугаа тэлж хөгжих хэтийн төлвөө тодорхойлоод дэд бүтцээ холбочихсон. Олон улсын зам дагаж хөгжих алсын хараатай ажиллаж байна. Алс ирээдүйдээ Алтанбулаг, Сүхбаатар хоёр холбогдох юм. 

-Сүхбаатар сумын хувьд Монгол Улсын хойд хаалга. Дэлхийн хүмүүс танай босгоор алхаж, Монголд хөл тавьдаг шүү дээ. Тэгэхээр энэ сумын өнгө, төрхөөс эхлээд аливаа асуудал анхны сэтгэгдэл төрүүлнэ. Таны хувьд ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Тавьсан зорилгынхоо зах, зухаас нь харж  чадав уу?

-Би ганц л зорилготой. Өмнө нь би 13 жил Сүхбаатар сумын ЗДТГ-т улсын байцаагч хийсэн. Би эдийн засагч мэргэжилтэй болохоор санхүүгийн хяналтын байцаагчаар ажиллаж байсан. Дараа нь сонгуульт ажил хийж эхэлсэн. Ингэхдээ би багийн Засаг даргаас эхэлсэн. Тэгээд сумын Засаг даргаар сонгогдоод ажлаа авахдаа би нэг л зорилго тавьсан юм. Энэ нь юу вэ гэхээр хүмүүсээ бүтээлч иргэнтэй амгалан, тайван хот байгаасай гэж хүссэн. 

Сэлэнгэ аймгийн төв учраас иргэд нь ч гэсэн хотын иргэн ямар байх ёстой, тэр л зарчмыг амьдралдаа баримтлах хэрэгтэй.

Хүмүүстээ юм үзүүлэх хэрэгтэй, сумын маань иргэн бүр бүтээлч, хөдөлмөрч, чадамжтай байгаасай гэж хүсдэг. Хүүхдүүдийг хүртэл багаас нь зан үйлийн зөв төлөвшилтэй байлгахад анхаарч ажиллаж байгаа. Ер нь манай иргэд маш бүтээлч, хөдөлмөрч болсон. Хурдан хугацаанд суралцаж, чадавхи нь нэмэгдэж байгаа. Үүгээрээ бас бахархдаг. Мөн бид сүүлийн жилүүдэд хотын гоо зүйн тухай маш их ярьж байгаа. 

Өөрөөр хэлбэл, нэгэнт Сэлэнгэ аймгийн төв учраас иргэд нь ч гэсэн хотын иргэн ямар байх ёстой, тэр л зарчмыг амьдралдаа баримтлах хэрэгтэй. Хэдий бид удаан жилийн насжилттай хот биш боловч иргэн бүрийн оролцоо маш чухал. Нэгдүгээрт, би өөрөө энэ хотын унаган хүүхэд. Миний ангийн хүүхдүүд, найз нөхөд, ах, дүү, хамаатан, садан гээд энэ хотын иргэдийн бараг 80 хувийг таньдаг. Овог, нэрнээс нь эхлээд бүгдийг мэддэг учраас энэ хотын даргаар ажиллахад харьцангуй хүндрэл багатай. 

-Тун удахгүй хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхэлнэ. Сүхбаатар хотыг чиглэх урсгал, хөдөлгөөнд танайх бэлэн үү?

-Ер нь бол бид маш их бэлдэж байгаа. Манай бизнес эрхлэгчид ч нэлээд бэлтгэлтэй байна. Худалдаа, үйлчилгээний салбарынхан чанар, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Хот дотроо автомашины 20 зогсоол нэмж барьсан. Нийтийн хоолныхоо салбарыг сайжруулах шахуу шаардлагыг тавьж байгаа. 

Үйлчилгээний соёл, чанар, хүртээмж гээд энэ урсгалд бэлдэх ажлыг В.Путины айлчлалаас хойш бэлдэж байна. 1990-ээд оны эхэн үед Сүхбаатар бол ерөөсөө л дамжлага хот байсан шүү дээ. Түүн шиг хөл хөдөлгөөн нэмэгддэггүй юм гэхэд тодорхой хэмжээний хөл, хөдөлгөөн нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Зураг