Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг нийтлэл

"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
2014 оны 11 сарын 6
"ТИТЭМ ГЭРЭГ" сэтгүүл
Зураг зураг

- Дэлхийн шилдэг нийтлэл -

Охайо мужид 18 бар, 17 арслан,  3 баавгай,  3 ирвэс, 2 чоно, 1 сармагчин, 1 нохой сармагчин, 1 хүн амь алдав

Нийтлэлийг: Крис Хит (2013 оны Америкийн сэтгүүлийн дээд шагналт нийтлэл)

Нэгдүгээр хэсэг: 

ТАВИН НЭГЭН ҮХЭЛ

2011 оны аравдугаар сарын 18-ны өдрийн оройн 5 цаг орчимд тэтгэвэрт гарсан дунд сургуулийн багш Сэм Копчак 84 настай ээжийгээ гэртээ орхиод хэдэн өдрийн өмнө худалдаж авсан агт морьдоо шалгахаар гэрийнхээ хойно байдаг морины жүчээ руу явжээ. Гэтэл морьд нь үргэж цамнаад, хөрш Томпсоны хашаанд байх агт морьд ч нэг л янзгүй байв. Төдөлгүй Копчак хөршийнх нь хашаанд дугуйрч зогссон морьдын дунд хар баавгай сууж байхыг олж харсан аж.

Өнөөх баавгай хол, тэгээд ч нэг их том биш байсанд Копчак тэгтэл цочирдож айсангүй жүчээнээс хөтөлж гаргасан морио сэмээрхэн хөтөлсөөр пүнзний үүдэнд хүрэх алдад хөршийнх нь хашааны нөгөө буланд нэг юм сүүтэлзэх шиг болжээ. Энэ удаад нас бие гүйцсэн африк эр арслан байх нь тэр.

Копчак арслан үзээд азаа сорихыг хүссэнгүй, бушуухан малын пүнзэндээ морио хөтлөн ороод ээж рүүгээ ярьсан байна. Тэдний гэр бүл хөрш нь зэрлэг амьтад гэртээ тэжээдгийг мэддэг байсан бөгөөд үе үе хөршийнхөөс нь арслан архирах дуулддагт дассан байжээ. Гол нь ямар төрлийн хэдэн амьтан байдгийг мэддэггүй байж. Тиймээс хатагтай Копчак хамгийн түрүүнд хөршийнх рүүгээ залгажээ. Хариу байсангүй.

Түүний дараа л хатагтай Копчак 911 руу залгаж нөхцөл байдлыг дэлхий ертөнцийн сонорт хүргэжээ.

Малын пүнзэндээ бүгж байсан Копчакт урд цонхоор нь амьтны хүрээлэн үзэгдэх шиг болов. Эхлээд чоно гарч ирснээ төд удалгүй баавгай, дараа нь арай том өөр нэг баавгай явж үзэгдэв. Өмнө харсан арслангаас гадна өөр нэг эрслэн ууртайяа нааш цааш холхино. Гэтэл хамгийн айдас хүрмээр нь бар гарч ирээд морьдыг бариад эхэлжээ.

Тэндээс хэдэн миллийн газарт эргүүлд явж байсан цагдаагийн даргын туслах Жонатан Мэрри арслан, баавгай сул тэнүүчилж байна гэсэн дуудлага аваад хэргийн газар дээр иртэл Томпсоны хашаанд бар, хар баавгай, хоёр эрслэн хөлхиж байхтай таарчээ. Хатагтай Копчакийн хаалгыг тогшиж зогсохдоо тэр хойгуур нь том саарал чоно гүйж явахыг мөн анзаарав. Мэрри машин руугаа буцаж винтов буугаа шүүрэх эгшинд цагдаагийн холбоогоор “Амьтдыг үтэр түргэн дар” гэсэн тушаал иржээ. Тэр даруй Мэрри эхлээд өнөөх чоныг авлаж, дараа нь Томпсоны байшингийн ард арслан буйг холбоогоор дуулаад яаран очиж арсланг буудаж унагаад төдөлгүй морины жүчээнээс гарч ирсэн хар баавгайг мөн унагаж авав.

Түүний дэргэдүүр өнгөрсөн ирвэсийг дагасаар урд зам руу гартал тэнд ахин нэг арслан байхтай таарлаа. Тэр өөрөө арсланг унагаж, бусад цагдаагийн ажилтнууд ирвэсийг намнав. Тэр оройдоо Томпсоны мэдлийн газарт ахиад нэг чоно, хоёр арслан, нэг бар, нэг хүрэн баавгай буудан алжээ.

Цагдаагийн дарга Матт Луц оройн хоолоо идчихээд дүрэмт хувцсаа тайлаад зурагтын өмнө тухалж байтал Терри Томпсоны амьтад хараа хяналтгүй явж байгаа тухай дуудлага авчээ. Энэ удаад агт морьд биш зэрлэг амьтад сул тэнүүчилж байгааг сонсоод шууд л устгах тушаал өгсөн байна. Томпсоныхоос миллийн зайд дунд сургуулийн хөл бөмбөгийн тэмцээн болж байсан тул хүүхдүүд задгай талбайд орилж, хашгираад зэрлэг амьтдын анхаарлыг татаж болзошгүй. Цагдаагийн дарга дуудлага аваад 15 минутын дараа хэргийн газар иртэл хядлага хэдийн эхэлчихсэн байжээ.


Хэргийн эзэн Томпсон яасныг мэдэх хүн байсангүй. Гэрийн эзэн торноосоо гарсан амьтаддаа бариулж шархдаад тусламж хүлээн хаа нэгтээ хэвтээ ч юм билүү. Мэрриг чоно авлаж байх зуур хэргийн газарт түрүүлж ирсэн түрүүч Стив Блэйк Томпсоны гэрийг шалгахаар шийджээ. Томпсоны гэрийн гадаа тэдний амьтдыг хооллож, аж ахуйд нь тусладаг Жон Мур санд мэнд ирж яваатай тааран хоёул нийлээд гэрт орсон боловч тортой хоёр сармагчин, нэг нохойноос өөр зүйл олсонгүй. Байшингаас гарч яваад малын пүнзний дэргэд цогцос байхыг Мур илрүүлжээ. Цагаан бар өнөөх цогцсыг хэмлээд хэнийг ч ойртуулах янзгүй байв.

Жон Мур амьтдын торон дундуур галзуу юм шиг гүйж, амьтдыг хооллоход өөрт нь тусладаг сүйт бүсгүйтэйгээ нийлэн нэг бүрчлэн тоолсны эцэст тэр шөнө 56 зэрлэг амьтан торноосоо алдуурсныг тогтоожээ. Тэр орой Мурын цагдаа Жефф ЛиКокт хэлсэн үгс хэрэг явдлын учгийг гаргаад зогсохгүй олон олон ээдрээ нэмж орхисон байна. Мур өчигдөр орой 9 цагийн алдад 62 настай Томпсонтой ярихад эхнэр Мариан нь түүнийг мэхэлсэн тухай нэргүй захидал авснаа хэлсэн аж. Томпсон галт зэвсэг хууль бусаар ашигласан хэргээр ял эдэлж шоронгоос суллагдаад ердөө гурван долоо хонож байжээ. Үнэндээ Томпсон эхнэрээсээ лавлаад үнэн худлыг мэдэж чадаагүй бөгөөд “Надад үнэнийг мэдэх арга байна. Цаг нь болохоор чи мэднэ” гэж Мурт хэлжээ.


Тэр зуур хэргийн газар Тусгайгийн ажилтнууд нэмэгдэн ирж үлдсэн амьтдыг хядаж гарсан байна. Цогцсыг хэмлэж байсан цагаан бар буун дууны нижигнээгээр дайжин зугатсанд сая нэг өнөөх цогцсыг тогтож ажиглах боломжтой болжээ. Цогцос хэдийн өмхөрч муудсан байх ба дэргэд нь 357-гийн голчтой гар буу хэвтэж байв. Үхлийн шалтгаан толгойнд туссан бууны шарх ч байж мэдэх аж. Цогцосны дэргэд тахианы түүхий мах тарааж тавьснаас үзэхэд Томпсон цогцсоо амьтдаараа идүүлэх гэсэн санаатай байсан гэж таамаглаж болохоор байв.

Томпсоны эдлэнд болсон хядлагын тухай дуулсан ойролцоох амьтны хүрээлэнгийн ажилчид алдартай телевизийн нэвтрүүлэгч Жэк Ханнаг дагуулан хэргийн газарт үүрээр иржээ. Нэвтрүүлэгч Ханна энэ хэрэг явдалд эргэлт гаргаж гэмгүй амьтдыг хядсан цагдаагийнхны мулгуу ажиллагааны тухай мэдээлж, олон нийтэд ил болгоход гол үүрэг гүйцэтгэжээ.

Тэр шөнө нийт 49 амьтан алуулсан аж. Гагц нохой сармагчин л ор мөргүй алга болжээ. Терри Томпсоны амьтдаас зургаа нь амьд гарчээ. Торноосоо гараагүй гурван ирвэс, унтлагын өрөөний жижиг торонд түгжээтэй байсан хоёр нохой сармагчин, хоосон усан санд хашигдсан жижиг баавгай зургаа. 

Томпсоны эхнэр Мариан өдрийн цайны үеэр ирэв. Амьд үлдсэн амьтдыг аюулгүй байдлын үүднээс амьтны хүрээлэнд шилжүүлэх хэрэгтэй гэсэн ятгалгыг Мариан зөвшөөрч хайртай ирвэснүүдээ торноос өөрийн биеэр гарган амьтны хүрээлэнгийн харгалзагчид хүлээлгэн өгсөн байна. Мариан амьтдаа хүүхдүүд шигээ хайрладгаа хэлж, “Хүүхдүүдийг минь надаас битгий салгаач” гэж уйлан гуйж байв.

Амьтдын цогцосыг Томпсоны эдлэн газарт булахаар болжээ. Оршуулах газрыг хатагтай Томпсон гардан сонгож өгөв.

Терри Томпсоны цогцсыг тэр даруй  задлан шинжилгээнд явуулсан байна. Задлан шинжилгээгээр Томпсон цөсний хүүдийгээ олон жилийн өмнө мэс заслаар авахуулсан, мөн судас бөглөрөх архаг хуучтай болох нь тогтоогджээ. Толгойд туссан бууны шархнаас гадна зөвхөн толгой, хүзүүнд л гэхэд 21 их бага шарх байжээ. Мөн бэлэг эрхтэн нь тасчуулж ормоор нь хар нүх л ангайж байв. 


2011 оны аравдугаар сарын 18-ны өдөр Охайо мужийн Занесвиллийн ойролцоо толгойдоо сум зоосон Терри Томпсон сүүлчийн удаа өөрийн цогцсоороо тэжээдэг зэрлэг амьтдаа хооллосон жигтэй хэрэг мандсан нь энэ билээ.

Хоёрдугаар хэсэг: 

БИДНИЙ ДУНДАХ ЗЭРЛЭГ АМЬТАД

Дэлхийн чамин сонин амьтдын тухай төдийлэн сайн мэдэхгүй ихэнх америкчуудын хувьд Занесвиллд болсон хэрэг явдал хэд хэдэн асуулт дагуулах нь тодорхой юм. Жирийн иргэн анхнаасаа л яаж тийм аюултай зэрлэг амьтдыг олноор нь цуглуулж гэртээ тэжээсэн байх вэ? Гэртээ нууцаар бар тэжээж байснаараа тэр хүн хөршийнхөө хийгээд бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, холбогдох хууль тогтоомж бүрийг зөрчсөн байх учиртай биш үү?

Эхний асуултын хариулт: Тэр ч гайхмаар амархан.

Удаах асуултын хариулт: Ямар хууль тогтоомж?

Охайо мужийн чамин сонин амьтдын өмчлөлд холбогдох хууль тогтоомж хэзээнээсээ сул байсан. Хөрш чинь бар, арслан, ирвэс хийгээд ер зэрлэг, содон амьтдыг хүссэнээрээ худалдан авч болно, хэнд ч мэдэгдэх үүрэггүй. Зэрлэг амьтдыг тээвэрлэхэд ердөө зориулалтын төхөөрөмж, нэг удаагийн зөвшөөрөл л хангалттай.

Гол нь Охайо муж улсад хэчнээн бар, арслан зэрэг зэрлэг амьтад байгааг хэн ч мэдэхгүй. Хэдэн зуу эсвэл хэдэн мянга ч байж мэднэ. Тиймээс би зэрлэг, содон амьтан тэжээгчдийг олж уулзахаар шийдсэн юм. Одоо үед чамин содон амьтан тэжээгчид хөршийнхөө өөнтөгч харцнаас, амьтны эрхийн төлөө тэмцэгчдийн сэжиг, элдэв сэтгүүлчдийн анхаарлаас холхон, ажиг сэжиг авахуулалгүй амьдарч сурсан аж. Гэвч би цөөн ч гэсэн тэднийг олж дөнгөсөн юм. Тэдэнтэй уулзах тусам гэртээ бар арслан, зэрлэг амьтад тэжээх нь жирийн л явдал гэдэгтэй эвлэрэхээ шахав.

Нэг ээж “Бид жирийн л амьдралтай хүмүүс, гэртээ л хэд хэдэн зэрлэг амьтад тэжээдгээс биш” гэж хэлсэн удаатай. Нэг эр торноосоо алдуурсан баавгайгаа ердөө ванилтай жигнэмэгээр урхидаад буцаад торонд нь оруулчих жишээний. Өөр нэг хүн 19 жилийн турш ирвэсээ өвөртөлж унтдаг бол нэгэн гэр бүл хайртай шилүүсээ бусдад даатгаж орхихгүй гээд 7 жил болоход ганц ч удаа мужаасаа гараагүй байна.

Нэгэн бүсгүй шилүүсээ тэжээхэд үхтлээ баас цэвэрлэх, 50 ногооноор эрхтэн хөхөхөөс өөр онцын чармайлт хэрэггүй тухай хуучилсан юм.

Харин Занесвиллд болсон хэрэг явдлын дараанаас олон нийт Терри Томпсоныг аймшигтай зүйл хийсэн аймшигтай хүн гэж харахаас биш зэрлэг амьтдад хайртай жирийн нэг тэжээгч гэж үзээгүй. 


Ингэхэд бид амьтдад яаж хандвал зохих вэ? Хүн амьтныг ямар ч зорилгоор ашиглах ёсгүй гэсэн хатуу баримтлал байхаас гадна амьтдад хор хүргэхгүй л бол хүн хүссэнээ хийх эрхтэй гэсэн дундаж баримтлал ч байна. Харин хор хөнөөл хүргээгүй гэдгийг хэн яаж тодорхойлох вэ? Зарим амьтны хүрээлэн амьтдаа өлсгөж торны цаанаа хорьж байгаа нь хор хөнөөлгүй хэрэг үү? Дархан цаазат газрын зарим эрслэнгүүдийг хүртэл хэт үржихээс сэргийлж засдаг нь жирийн хэрэг үү? Гэтэл гэртээ амьтан тэжээгсэд хайртай амьтнаа макийн хачиртай талхаар хооллож, зурагт үзүүлж, зөөлөн орон дээр хамт унтаж байгаа нь зохисгүй хэрэг үү? Нөхцөл байдал болгонд хариулт өөрчлөгдөх тул нэгдсэн зөв хариу гэж үгүй юм.
Юутай ч Терри Томпсон гэж хүн ганцаар зэрлэг амьтдыг олноор нь тэжээдэг зэрлэг хүн биш бололтой. 

Аравдугаар сарын тэр нэгэн өдөр чухам юу болж өнгөрсөн талаар эсэн бусын таамаг байдаг. Зарим нь Томпсоныг бүтэхгүй этгээдүүдтэй орооцолдсоноос болж баларсан гэх бол, зарим нь зэрлэг амьтад дамлан худалддаг хууль бус аюултай арилжаанд хутгалдсан гэнэ. Хар тамхины наймаатай ч холбох хүн гарсан. 

Занесвиллийн ойролцоох 270 дугаар Копчак зам дагуу болсон хэрэг явдлын хоёр жигтэй учгийг харин хэн ч тайж чадаагүй билээ. Нэгт, Томпсон зүгээр л хаалгыг нь нээчих байтал торнуудыг яагаад зүсэж зай гаргав. Түүнийг сайн мэдэх хүмүүс Томпсон иймэрхүү байдлаар өөртөө төвөг удахааргүй залхуу хүн гэж батлаад байдаг.
Хоёрт, Томпсон яаж 50 амьтдыг огтхон ч бэртэж гэмтэлгүйгээр нэгэн зэрэг суллаж тавив.

Хэн нэгэн Томпсоныг цааш нь харуулсан байлаа гэхэд ул мөр үлдээлгүй, өөрийгөө гэмтээлгүйгээр амьтдыг нь суллаж тавьсан болж таарна. 

Терри Томпсон гэж муйхар зоригтой баатар уу, эсвэл мулгуу амьтан уу, амьтанд хайртай хүн үү, эсвэл амьтан тамлагч уу, хохирогч уу, эсвэл зожигрон бүгэгч үү? 

Гуравдугаар хэсэг: 

ТЕРРИ ТОМПСОН ГЭХ ЭР

Вьетнамд байнга газар хороож, давшиж байх хэрэгтэй учраас цэргүүд хөнгөн жинтэй байвал амар байсан.

Би харин нисдэг тэрэгний пулемётчин байлаа. М16 пулемётоо биеэсээ ер салгахгүй. Занесвиллийн бүх цагдаа нарын пулемётоор галласныг нийлүүлээд ч миний Вьетнамд пулемётоор буудсан тоонд хүрэхгүй. Амь гарахын төлөө тэмцэл байсан болохоор сайхан зүйл огт биш. Галын шугаман дээр сайн пулемёттой байхад алзахгүй, шөнө пулемётоо тэврээд унтахад хажуунаас төөнөөд дулаахан, тэр тамын газар өөр чамд юу ч хэрэггүй. 

(Терри Топмсон, 2008 оны дөрөв, тавдугаар сард гэрт нь нууцаар хийсэн ЗГ-ын мэдээлэгчийн бичлэгээс)

Терри Уильям Томпсоны бага нас зүүн Занесвиллд, онгоцны буудлын дэргэдэх аавынхаа фермд өнгөрчээ. “Терри дугуйгаар салхи татуулан давхиж, онгоц хөөрөхийг харах дуртай, өөрөө ч нисэх мөрөөдөлтэй хүү байсан” гэж Терригийн явдаг Бой Скоутын зуслан байсан нуурын эрэгт амьдардаг тэндхийн малын эмч Ральф Смит гуай дурссан юм. Томпсоны өсвөр нас 60-аад оны буйд хотын хөвгүүдийн нийтлэг дүр төрхөөс гажаагүй бололтой: дугуй, Бой Скоут, сайхан аав ээж, спортын хорхой, хүчирхэг машин, охид гээд. Томпсонтой ахлах сургуульд болзож байсан охин Кристин Перон харин “Терриг анх хармагц л сайхан цэнхэр нүд нь хараа булаадаг байсан” гэж дурссан юм.

Гэтэл гэнэт л бүх зүйл өөрчлөгдсөн аж. 

“Тэр эндхийн амьдралаасаа хагацаж гэнэт Вьетнамд оччихсонтойгоо хэзээ ч эвлэрээгүй юм” гэж түүний найз Фил Кресс хэлсэн юм.

Томпсоны найзууд Вьетнамд байлдаж явсан нь түүний амьдралыг бүхэлд нь тодорхойлох огцом эргэлт болсон гэдэгт итгэдэг аж. “Терри Вьетнамд үзэж туулсан аймшиг, бузар муухайгаасаа болоод засгийн газрыг үздэггүй байсан. Мөр зэрэгцэн байлдаж явсан нөхөд нь нисдэг тэргэнд орж ирээд түүний гар дээр хэчнээн ч удаа амьсгал хураасан юм, бүү мэд” гэж Вьетнамд түүнтэй хамт байлдаж явсан нөхөр Майк Маршел харамсан өгүүлсэн юм.

Томпсоны хөрш байсан, түүнийг дайнд явахаас өмнө ч мэддэг байсан фермер Фред Полк “Тэр өмнө үргэлж инээмсэглэж, сайхан аашилдаг хүн байсан. Дайнаас эргэж ирэхдээ харин эвгүй харцтай болчихсон байсан. Ганцаардмал цөөвөр чоно шиг. Тэр Вьетнамд болсон бүхнийг өнгөрсөнд үлдээж чадаагүй юм” гэж дурссан юм.

Вьетнамын дайнаас эргэж ирэээд Томпсон орон нутгийн нэр хүндтэй гэр бүлээс гаралтай, дунд сургуулийн хайр Мариан Шарптай дэр нэгтгэсэн аж. Тэр тухай нэг найз нь “Муу залуу сайн эмэгтэйн толгойг эргүүлээд аваад суучихсан юм шиг л хүмүүс ярьцгааж байсан” гэж хэлсэн удаатай.

Тэднийг холбох ямар хүчин зүйл байсныг бүү мэд, юутай ч Томпсон, Мариан хоёр 40 жил ханилан суужээ. Гэрлэсний дараа төдөлгүй Мариан нэр хүндтэй багш болж, Томпсон унадаг дугуйны дэлгүүр ажиллуулах болжээ. Удалгүй буу худалдаалах эрхтэй ч болоод авч. Томпсон нуруундаа ямар ч зовлон үүрээд хамаагүй бүхнийг өөрийнхөөрөө хийдэг хүн байжээ. Дугуйны дэлгүүрээ хааж орон нутгийн баячуудад нисдэг тэрэг түрээслэх үйлчилгээ эрхлэх болов. Нэг найз нь түүний тухай “Түүний эзэмшилд хурд, хүчтэй гэсэн бүхэн байдаг. Хурдан мотоциклтай, хурдан завьтай, хурдан онгоцтой. Тэр хурд хүчинд дуртай хүн” гэж дурссан байдаг.

1977 онд Томпсон чамин содон амьтдын дуудлага худалдаанаас эхнэрийнхээ төрсөн өдөрт зориулан барын бамбар худалдан авснаар энэ бүх хэрэг явдлын эхлэл тавигджээ. Төдөлгүй найзууд нь ч тэднийг машиныхаа урд суудалд бор бамбарууш авч явахтай таарах болсон байна. Томпсон ч хүмүүст том цагаан бартайгаа хамт унтдагаа илэн далангуй ярьдаг байжээ.

Найзууд нь Томпсоныг хэнд ч байхгүй зүйлийг эзэмших дуртайг мэддэг байв. Мань эр нэг ч зүйлээ зардаггүйг найз Маршал нь хачирхан ярьсан юм. Өөрөө хэрэглэхгүй боловч  зарахгүй гэсэн зарчмаасаа болоод 55 оны цоо шинэхэн Шевролет машинаа гараашдаа тоос даруулан хуучраасан түүхтэй.

Синди Хантмэний үзэхээр Томпсон амьтдадаа ч ийм маягаар хандсан аж. “Тэр хийсэн болгоныхоо оройд байхыг хүсдэг хүн. Хэзээд номер нэг байхыг эрмэлзэнэ. Эхлээд амьтанд хайртайдаа л сонин, содон амьтад тэжээх болсноо сүүлдээ бүр донтсон байх. Хэзээ ч арай олон байна, одоо боллоо гэх хүн биш. Би тэжээж чадах юм чинь хамаагүй гэж хандах хүн. Терри бол Терри шүү дээ. Алтан зүрхтэй эр. Зүгээр л хааяа оюун ухаанаа зөв цагт ажиллуулж чаддаггүй юм.”

Томпсон галт зэвсэг хууль бусаар олноор нь эзэмшсэн хэргээр 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд Баруун Виржиниагийн Моргантауны засан хүмүүжүүлэх газарт ял эдэлсэн юм. 


Томпсон талийгаач болохын өмнө эхнэртээ хууртаж байсан тухай нэргүй захидал авсныг Жон Мур цагдаа нарт хэлж байсан удаатай. Гэвч зарим хүмүүс тэдний гэр бүл Томпсоныг шоронд орохоос ч өмнө хоёр тийшээ болсон, Мариан эр нөхрөө хууль бусаар галт зэвсэг эзэмшдэгийг цагдаагийн газар матсан гэж үзэх нь бий.

Дараа оны есдүгээр сарын 30-ны өдөр 40 паундаар шуугдаж турсан Томпсон шоронгоос суллагдахдаа найз нөхдийнхөө хэнд ч мэдэгдсэнгүй. Уолл Мартын сүлжээ дэлгүүрээс унадаг дугуй аваад усан бороотой шөнө 50 миллийг дугуйгаар туулсаар гэртээ иржээ.

Аравдугаар сарын эхээр Мариантай уулзах гэж ирсэн Жим Стилвелл найз нь Томпсоныг шоронгоос гарсныг санаандгүй мэдсэн аж. Гэрт Мариан байсангүй, харин Томпсон байжээ. Жимийг иртэл тэдний гэр ундуй сундуй болчихсон, зарим тавилга хогшил нь байхгүй, хог новшиндоо дарагдсан байжээ. Томпсон ч бүрэн цөхөрсөн янзтай харагдсан байна. 

Томпсоныг талийгаач болохоос гурав хоногийн өмнө гитарын багш Чак Спайрес нь түүнтэй 20 гаруй минут утсаар ярьжээ. Тэгэхэд Томпсон 60 агт мориос өөр юу ч үгүй хоосорсоноо хэлээд мөнгөтэй болохоороо хичээлээ үргэлжлүүлье гэж учирласан аж. 

Найз Жим нь Томпсоныхоор хамгийн сүүлд зочилж очиход торонд байсан амьтад өнгө зүс сайтай, сайн арчилж, халамжилдаг нь илт байжээ. Арслангийн торны дэргэдүүр өнгөрөхдөө Томпсон “Амьтдаа бүгдийг Марианд өгнө. Би удахгүй үхнэ” гэж хэлсэн аж. 

“Терри, чи өвдөө юу? Хорт хавдартай болсон юм биш биз?” гэж Жимийг асуухад цаадах нь
“Үгүй ээ. Намайг эндээс явахаар чи мэднэ ээ” гэж хариулсан гэдэг.
“Терриг засгийн газар, арми, нийгэм цөм мэхэлсэн юм. Хамгийн эцэст гэр бүл нь түүнийг мэхэлсэн. Шоронгоос гараад ирэхэд эхнэр нь гэрээсээ явсан байсан. Мариан бол түүний дунд сургуулийн хайр нь шүү дээ. Тэгээд л Терригийн сэтгэл шархалсан байх. Тийм болоод л тэсээгүй биз. Өөд болохдоо амьтдаа Марианд үлдээхийг хүсээгүй байх. Тэд хүүхэдгүй болохоор амьтад нь Марианы хувьд хүүхдээс ялгаагүй байсан. Тиймээс л Марианы хамгийн их хайрладаг бүхнийг устгахыг хүссэн байж магад” гэж Маршалл өгүүлсэн юм.

Өөд болохоосоо хэдхэн хоногийн өмнө Томпсон “Би эхнэрээ цааш харуулаад дараа нь өөрийгөө буудвал таарна” гэж хоёр ч хүнд хэлснийг Чак Спайрес олж сонсчээ.

Энэ бүхний дараа хэн бүхэн тийм олон зэрлэг амьтдыг гэртээ тэжээж, халамжилж байсан хүн яагаад эцсийн мөчид тэднийгээ золиосолж, үхлээрээ шийтгэв гэдгийг олж мэдэхийг хүсэх нь дамжиггүй. Магадгүй талийгаач энэ бүхнээ тайлбарласан зурвас орхисон ч байж болох. Эсвэл Мариан учрыг ойлгож байж ч мэдэх юм. Миний хувьд зэрлэг амьтан тэжээгсэдтэй уулзаад явж байхад тэдний нэг Нэнси Вилдер “Манай аав амьтан тэжээх дургүй. Гэхдээ аав маань “Би амьтанд дургүй л дээ, гэхдээ би хэзээ ч тэдэнд гэм хор болохгүй. Амьтанд хайртай хүмүүс л амьтдад хор болж байдаг юм” гэж хэлдэг” гэсэн нь эрхгүй санаанд орж байв.

Энэ бүхэн бүрхэг балархай үлдэж байж болох ч, сайхан цэнхэр нүдтэй, эгэл жирийн нэгэн хүү дайнаас эрхтэн бүтэн, амьд мэнд эргэн ирсэн боловч сэтгэл нь хэзээ ч дахин эвлэж эдгэхээргүй эрэмдэг болохоос өмнөх, дөчин жилийн тэртээх нэгэн түүхийг хүргэе.

Майк Маршал нэгэнтээ ийн өгүүлсэн юм: “Томпсон Вьетнамд байхдаа нэг бяцхан сармагчинтай найзалсан гэдэг юм. Тэр модон шал, модон хүрээтэй урцанд амьдарч байсан юм, тэгээд л бяцхан сармагчин түүнийг бараадах болсон хэрэг. Тэндээс л Томпсоны дотор насан туршдаа зэрлэг амьтдыг хайрлаж, өмгөөлөх сэтгэлийн үр соёолсон болов уу. Тэр сармагчин л түүнийг Вьетнамд галзуурчихгүй тэсэхэд нь тусалсан гэдэг. Вьетнамаас явахдаа Томпсон өнөөх сармагчнаа яасныг би одоо болтол мэддэггүй юм.”

Зураг