Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

П.Ганхуяг: Энэ жил Мон­гол Улс түүхэндээ хамгийн олон буюу 16.7 сая төл бойжууллаа

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг

Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуягаас тодрууллаа.

-Энэ жилийн хувьд хэчнээн тоо толгой мал өвөлжиж, хаваржихаар тоо­логдоод байна вэ. Тэдгээрт хүрэлцэхүйц хэмжээний өвс тэжээлийг бэлтгэж амжсан уу?

-Оны эхэнд манай улс нийт 45.1 сая малтай гэж тоологдсон. Энэ жил Мон­гол Улс түүхэндээ хамгийн олон төл буюу 16.7 сая төл бойжууллаа. Түү­нээ­сээ дотоодын хэрэг­цээ, экс­портын нөөцөө хасч тооцвол 50 гаруй сая мал өвөлжиж, хаваржих урьд­чилсан тоо­цоо бий. Энэ нь өнгөрсөн жилийнхээс таван саяар илүү гэсэн үг юм.

Дээрх хэмжээний малыг өвөлжүүлж, хаваржуулахад шаардагдах өвс тэжээлийг бид тооцож үзсэн. Ингэхэд нэг сая 250 мянган тонн байгалийн хадлан, 98 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл бусад таримал тэжээлүүд шаардлагатай байгаа. Өвөлжилтийн бэлт­гэл хангах чиглэлээр Засгийн газарт долоодугаар сарын 28-нд асуудлаа танилцуулаад ту­хайн өдрийн 241 дүгээр тогтоол буюу Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай тог­тоол гаргасан.

Тогтоолоор төр захиргааны байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, малчид ард иргэдэд тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Мөн тогтоолын хавсралтаар аймаг, сумын түвшинд аюул­­­гүйн нөөцийн заавал бүр­­дүүлэх тоо хэмжээг ч тусгасан. Энэ хүрээнд аймаг сумын хэмжээнд нийт 29 мянган тонн өвс, 13 мян­ган тонн тэжээл бэлтгэх даалгавар өгсөн бөгөөд аймаг сум бүрт малынх нь тоо хэмжээнд үндэслэн хэмжээг тусгасан.

Хадлан бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх чиг­лэлээр энэ тогтоол гарсны дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 01 тоот албан даалгавар буюу мал аж ахуйн салбарын өвөл­жил­тийг хангах чиглэлээр даалгавар гарсан.

Энэ даал­гавар болон Зас­гийн газ­рын тогтоолыг хэрэг­жүүлэх тал дээр ажлын явц, байдлыг үнэлж дүгнэх, шал­гах, шаардагдах, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх зо­рилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваанаар ахлуулсан ажлын хэсгийг яаманд байгуулаад, өнөөд­рийн байдлаар 15 аймгийн 47 суманд очиж, дээрх шийдвэрийн биелэлтийн явц­тай танилцаж байна.

-Яамны зүгээс ямар ар­га хэмжээ авч байна. Ту­хайлбал, хадлангийн үеэр тех­ник тоног төхөөрөмжийн хүндрэл гардгийг малчид хэлдэг юм билээ?

-Энэ жилийн өвөл­жил­­тийн бэлтгэлийг хан­гах чиглэлээр яамнаас зо­­хион байгуулалттай арга хэмжээ авч байна. Ту­хайл­бал, техник тоног төхөө­рөмжийн хангамжийг сайж­руулах тал дээр багагүй арга хэмжээ авсан.

Үүнд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын багцад 2014 онд тусгагдсан болоод 2013 онд худалдан авсан тэжээлийн дунд оврын цехүүд, өвсийг нягтшилтай боодог техник тоног төхөөрөмж, аймгуудын техник дундын салаа байгуулах зорилгоор дунд оврын трактор, хадуур, тармуур авсан гээд нийт 3.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгуудад ху­ваарилсан.

Ингэхдээ ту­хайн тех­ни­күүдийг тө­рийн өмчид бүртгэж аваад, энэ чиг­лэлийн үйл ажил­лагаа явуулдаг айл өрх, аж ахуйн нэгжүүдтэй түрээсийн гэрээ байгуулах замаар ашиглуулж байгаа. Өөрөөр хэлбэл, долоон жи­лийн хугацаатай гэрээ байгуулаад, жилдээ төлөх түрээсийн төлбөрийг хэн хэндээ ашигтай хэлбэрээр Мал хамгаалах сангаар дам­жуулан олгоод дуусч байна.

-Хөдөө орон нутгийнхан өвөлжилтийн бэлтгэлээ хангахад ямар асуудал тул­гарч байна гэнэ. Аймаг, сумдаар явж байхад энэ талаар ямар нэгэн гомдол санал ирж байна уу?

-Ажлын хэсгийнхэн хө­дөө орон нутагт явж бай­хад хадлан бэлтгэлийн тоног төхөөрөмж, орон нут­­гийн аюулгүйн нөөц бүр­дүүлэхтэй холбоотойгоор төсвийн зардал нь хүрэл­цэхгүй байна гэсэн саналыг аймаг, сумдын удирдлагууд тавьсан гэсэн. Энэ жилийн хувьд төрөөс 150 гаруй малчин өрхөд нийт 36 тэрбум төгрөгийн ноосны урамшууллын мөнгө очно.

Хуулиараа олгож байгаа ноосны урамшууллын хүн амын орлогын албан тат­варын 10 хувийг төр татаж авах ёстой байдаг. Энэ мөнгө болох 3.6 тэрбум төгрөгийг Сангийн яам, Татварын ерөнхий газар татаж авахгүй орон нутагт нь үлдээж байгаа.

Ингэснээр орон нутгийн төсөвт төвлөрүүлж, энэ мөнгөөрөө тухайн жи­лийнхээ өвөл­жилтийн бэлт­гэлийг хангах ажилдаа зо­риулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аюулгүйн нөөц бүрдүүлэх, хашаа хо­роог засварлах, худаг усаа сэргээн засварлах ажилд зарцуулж болно гэсэн чиг­лэлийг өгсөн.

-Энэ мөнгийг аймаг, сумдад хэрхэн хуваарилах вэ?

-Үүний дагуу 3.6 тэрбум төгрөгийг аймаг, сумдын малын тоог хар­галзан хуваарилна. Сум, дүүргүүдэд малын тоо толгойноос хамааран 5-15 сая төгрөг хуваарилагдаж байгаа. Тиймээс техник тоног төхөөрөмжийн хувьд ч, санхүүгийн тал дээр ч багагүй зохицуулалт хийг­дэж байгаа.

-Хадлан тэжээл бэлтгэх ажлын явц хэдэн хувьтай байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар хадлан тэжээлийн бэлт­гэлийн явцын талаар мэ­дээлэхэд, бэлтгэх ёстой хадлан буюу нэг сая 250 мянган тонн хадлангийн 86.6 хувийг бэлтгээд байна. Энэ нь нэг сая 85.3 мянган тонн өвс бэлтгээд байгаа гэсэн үг. Үүнд орон нутгийн нөөц ч орсон.

Нийт бэлтгэх ёстой 98 мянган тонн тэжээлийн 72 хувь буюу 61.4 мянган тонн тэжээлийг бэлтгэсэн. Бэлтгэлийн явц 80 гаруй хувьтай байна. Цааш үргэлжлүүлэн бэлт­гэж, 100 хувь хангах зорилт тавиад байгаа.

-Танайх Ус цаг уур, орчны шинжилгээний газ­рын мэдээлэлд тул­гуур­лан мэдээллээ гаргадаг байх. Энэ өвөл ер нь хэр хүйтэн байх төлөвтэй байна вэ?

-Тийм ээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газ­­раас өгсөн хүйтний улир­лын төлөв байдлаас харахад тийм ч сайн жил болохгүй дүр зураг харагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл, баруун бо­лон төвийн бүс нутгаар олон жилийн дунджаас хүй­тэвтэр, нэлээн их хэмжээний цас орох магадлал ажиг­лагдаж байгаа.

Энэ жи­лийн зуншлагын хувьд харь­цангуй сайн хэдий ч нийт нутгийн 40-өөд хувь нь гантай, гандуу байсан нь өвөл хүндэрч болзошгүй юм.

Увс аймгийн хойд талын сумд, Ховд аймгийн хойд болон зүүн талын сумдууд, Завхан, Баянхонгор, Өвөр­хангай, Өмнөговь, Төв аймгийн нут­гууд давхцаж байгаа. Тий­мээс дээрх айм­гууд өвөлжилтийн бэлтгэл ажил­даа илүү анхаарал хан­дуулах хэрэгтэй байгаа юм.

Зураг